БНХАУ-ын дарга Ши Жиньпин 02-р сарын 04-ний орой АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярив.
Ши Жиньпин “ Өнгөрсөн жил бид сайн харилцаа холбоогоо хэвээр хадгалсан бөгөөд Пусан хотод амжилттай уулзалт хийж, Хятад, Америкийн харилцааны чиглэлийг удирдан, хоёр орны ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн талархлыг хүлээсэн юм. Хятад, Америкийн харилцаанд миний бие маш их ач холбогдол өгдөг бөгөөд шинэ онд тантай хамтран Хятад, Америкийн харилцааг саадгүй урагшлуулан, илүү том, ашигтай зүйлсийг хийж гүйцэтгэхэд бэлэн байна. АНУ-д анхаарал хандуулж байгаа зүйл бий, Хятадад ч гэсэн анхаарал хандуулж байгаа зүйл бий. Хятад улс үгэндээ үнэнч байж, амлалтаа биелүүлж байна. Хоёр тал эрх тэгш байдал, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх байр сууриар бие бие рүүгээ чиглэж байгаа цагт бид анхаарал хандуулж буй асуудлаа шийдвэрлэх арга замыг олж чадна. Хоёр тал бидний тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу яриа хэлэлцээ, харилцаа холбоогоо бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зөв зохицуулан, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлж, асуудал бүрийг нэг нэгээр нь шийдвэрлэж, итгэлцлээ тасралтгүй хуримтлуулан, зөв харилцах арга замаа олж, 2026 оныг Хятад, Америк хоёр том гүрэн харилцан хүндэтгэж, энх тайван зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж, хамтаар хожсон жил болгох ёстой гэжээ.
Мөн Ши Жиньпин “Тайванийн асуудал бол Хятад, Америкийн харилцааны хамгийн чухал асуудал гэдгийг онцолж, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэр юм. Хятад улс үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа заавал хамгаална. Тайванийг Хятадаас салгахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд Америк эрхбиш болгоомжтой хандах ёстой” гэжээ.
Дональд Трамп хэлэхдээ “Америк Хятад улс хоёулаа агуу улс бөгөөд Америк Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа юм. Би Ши Жиньпин даргатай маш сайн харилцаатай бөгөөд Ши Жиньпин даргыг маш их хүндэлдэг. Миний бие болон Ши Жиньпин даргын удирдлага дор Америк Хятад улс худалдаа, эдийн засаг зэрэг салбарт эерэг харилцаагаа үргэлжлүүлсэн. Хятадын амжилтад би сэтгэл хангалуун байгаа бөгөөд Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааны шинэ хөгжлийг ахиулахад Америк бэлэн байна. Тайванийн асуудлаарх Хятадын анхаарал хандуулж байгаа зүйлийг би чухалд үздэг бөгөөд Хятад улстай харилцаа холбоогоо хэвээр байлгаж, бүрэн эрхийнхээ хугацаанд Америк Хятадын харилцааны сайн, тогтвортой байдлыг хадгалахад бэлэн байна” гэв.
