Уламжлал ёсоор Бичин жилийн “Хоёр чуулган” Бээжин хотноо ёслол төгөлдөр болж, энэ оноо их ажлын гараагаар эхлүүлж байна. “Хоёр чуулган” Хятад улс даяар төдийгүй цаашлаад дэлхий нийтэд хэр их өргөн хүрээг хамарч буй, ямархан ач холбогдол бүхий том хэмжээний хурал чуулган болох нь хол ойроос зорин ирсэн зочид төлөөлөгчид, гишүүд, олон улсын ба дотоодын хэвлэл мэдээллийнхний бүрэлдэхүүнээс илхэн харагдана. Ингээд та бүхэндээ “Хоёр чуулган”-ы тухай ерөнхий ойлголт хүргэхээр зорьлоо.
Хоёр чуулган гэж юу вэ?
“Хоёр чуулган” гэдэг нь Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл, Ардын Төлөөлөгчдийн Их Хурал гэсэн хоёр байгууллагын жил бүрийн эхэнд зэрэг чуулдаг хурал юм.
Энэ удаагийн XII сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/ -ын IV чуулганы нээлтийн ёслол 3 дугаар сарын 5-ны өглөөний 9:00 цагт УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулган 3 дугаар сарын 5-ны 15:00 цагт тус тус Бээжин хотын Ардын их хурлын танхимд нээлтээ хийлээ.
3 дугаар сарын 5-ны өглөөний Нээлтийн ёслол эхлэх үеэр төлөөлөгч, гишүүд, хэвлэл мэдээллийнхэн Ардын их хурлын танхимын үүдэнд нэгэн зэрэг цугларан дэлхийн олон улсын анхаарлын төвд байлаа. Тэр дундаа хуралд оролцохоор зорин ирсэн төлөөлөгч, гишүүд яах аргагүй сонирхол татаж байсан юм. Тухайлбал, та бидэнтэй олон сайхан уран бүтээлээрээ танил дотно болсон Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн /УТЗЗ/ гишүүн, дуучин Тэнгэр, мөн Хятадын тэргүүний интернэт хайлтын компани болох Ваidу компаний захирал, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн Ли Яньхун нарыг нэрлэхэд тодорхой болох биз ээ.

Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн, дуучин Тэнгэр

Tencent компаний захирал, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Ма Хуатун

Ваidу компаний захирал, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн Ли Яньхун

Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн, сагсчин Яао Мин
УТЗЗ нь 1949 онд анхны хурлаа хуралдуулсан. Энэхүү байгууллага ерөнхийдөө улс төрийн зөвлөгөөн хийх ба ардчилсан хяналт явуулах, Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох зэрэг эрхтэй.
АТИХ-аар батлан шийдвэрлэх ажлуудыг УТЗЗ-нөөр хэлэлцүүлэн, эндээс ерөнхийдөө зөвлөгөө авч сайжруулдаг аж.
Харин Ардын Төлөөлөгчдийн Их хурал 1954 онд анх хуралдаж байсан. Энэ нь БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага бөгөөд бүхий л үндсэн хууль тогтоох, хууль засах зэрэг эрхтэй. Түүнчлэн улсын тэргүүлэгч нь энэхүү хурлаар сонгогдож гардаг. Мөн АТИХ нь шүүх, прокурорыг хариуцдаг учир тус хурал дээр шүүх, прокурорын байгууллагууд бүтэн жилийн ажлын тайлангаа тавьдаг байна.
Орон нутгийн хэмжээний “Хоёр чуулган” нь жил бүрийн нэгээс хоёрдугаар сарын хугацаанд зохиогддог хурал юм. Гуравдугаар сарын эхэнд тогтсон нэг өдөр эхэлж улсын хэмжээнд хуралддаг аж. Энэхүү хурал нь жил бүр нэг удаа болдог ба таван жил тутамд нэг удаа сонгууль явагддаг. Харин энэ жилийн хувьд XII сонгуулийн IV дэх хурал тохиож байгаа юм.
Тус ”Хоёр чуулган”-аар тухайн жилийнхээ ерөнхий ажлын төсөв төлөвлөгөөний эргэн тойронд олон чухал асуудал, сэдвүүдийг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлууд нэгдсэн ойлголт шийдэлд хүрнэ. Энэ онд нэг жилийнхээ үндсэн ажлын төсөв төлөвлөгөөнөөс гадна онцлох нэг сэдэв нь “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийг хянан хэлэлцэх юм.

13 дугаар таван жилийн төлөвлөө гэж юу вэ?
Аж ахуй нийгмийн хөгжлийг тав таван жилээр төлөвлөн хөгжүүлэх хөтөлбөр анх 1953 онд хэрэгжиж эхэлсэн. Өдгөө 2016 оны Бичин жилд 13 дугаар таван жилийн төлөвлөгөөний эхний жил тохиож байгаа.
Сүүлийн жилүүдэд “Хоёр хурал”-ын хүрээнд энгийн иргэд дунд судалгаа хийж, олон нийтээс санал хураадаг болсон. Энэ онд нэг сая гаруй интернэт хэрэглэгчдийн дунд “Хоёр чуулган”-ы тухай явуулсан судалгаагаар “Нийгмийн баталгаа”, “Оршин суугчдын орлого”, ”Эм эмнэлгийн шинэлчлэл” зэрэг сэдвүүд арван чухал сэдвийн дундаас хамгийн их анхаарал татсан гурван гол сэдэв болжээ. Ард иргэдийн аз жаргалтай амьдрах хүсэл мөрөөдөл гэдэг чухамдаа төр засгийн ажлын гол зорилго буюу. Өргөн олон иргэдийн амьдралын түвшин хэр зэрэг сайжирч, дээшлэн дэвшиж буй байдлаас Засгийн газар хэр амжилттай ажилласан эсэхийг илхэн харж болно. Энэ жилийн “Хоёр чуулган”-аар “Иргэдийнхээ өмнөөс үг хэлэх” гэсэн чигч зорилгоо олон нийтэд ил тод харуулан эв хүч, итгэл сэтгэлээ нэгтгэж “Нэг хүнийг ч үлдээлгүй”-гээр чинээлэг нийгмийг бүх талаар бий болгохын төлөө тал бүрээр хичээн ажиллаж байгаа аж.
2015 онд Ши Жиньпин даргын удирдлагаар Намын Төв Хороо улс орныхоо хөгжлийн ерөнхий төлөв байдлыг харгалзан "Чинээлэг нийгмийг бүх талаар бий болгох, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулийн засаглал болон намаа бүх талаар чанд сайжруулах" гэсэн “Дөрвөн бүх тал”-ын бодлого хэрэгжүүлсэн нь ард иргэдэд мэдэгдэхүйц тус дэм болсон гэж дүгнэж болно. Түүнчлэн “Хоёр чуулган”-ы үеэр Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиодог. Тус баярыг тохиолдуулан Хятад улс "Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” зохион байгууллаа. Энэ үеэр "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхэд дэлхийн улс орнуудын эмэгтэйчүүдтэй хамтран сайн сайхан дэлхий ертөнц, гэрэлт ирээдүйг цогцлоон бүтээхэд Хятад улс бэлэн буй гэдгээ илэрхийлсэн юм.

Хятад улс жил бүрийн “Хоёр чуулган”-аар улиран одож буй хуучин оноо амжилт бүтээлээр үдэж, өрнөж буй өнөө цагийн ажил үйлсээ улам чанаржуулан баяжуулахын зэрэгцээ айлчлан ирж буй жилийнхээ аливаа ажлыг нарийвчлан төлөвлөдөг байна.
Ийнхүү он оны эхэнд чуулдаг “Хоёр чуулган” хойшдын амжилтын үндэс суурь болохын зэрэгцээ хүн бүр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө дор бүртээ хичээн хөдөлмөрлөдөг аж. Улмаар чуулганаас гаргасан шийдвэрүүдийг чандлан дагаж оны эцэс гэхэд төлөвлөсөн бүхий л ажлаа нэгтгэн дүгнэж айлчлан ирэх дараагийн жилээ амжилтаар угтах нь гарцаагүй.
Э.ҮРЖИНХАНД
