2025 оны 12-р сарын 31-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар харилцан шинэ оны мэндчилгээ илгээв.
Ши Жиньпин Хятадын засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс ерөнхийлөгч В.Путин болон Оросын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Ши Жиньпин тэмдэглэхдээ: 2025 онд НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиов. Хятад Орос хоёр орон Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, энх тайван ялж, шударга ёс ялж, ард түмэн ялна гэсэн эрин цагийн хүчтэй дохиог дэлхий дахинд уламжилсан юм. 2025 он бол мөн Хятад Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа урагшаа баттай алхам хийсэн жил байлаа. Бид Бээжин болон Москвад хоёр удаа уулзаж, хоёр талын хамтаар анхаарал хандуулж буй томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон. Хятад Орос хоёр орон хоорондоо харилцан визгүй зорчих бодлого хэрэгжиж, эрчим хүч дамжуулах дэд бүтцийн төслүүд тасралтгүй урагш ахиж, шинээр хөгжиж буй салбарын хамтын ажиллагаа өрнүүн хөгжив. Хоёр улс НҮБ зэрэг олон талт хүрээнд бие биенээ дэмжиж, дэлхийн засаглалыг шинэчлэх, сайжруулахад мэргэн ухаан, хүч чадлаа оруулж байна гэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ: 2026 он бол Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, “БНХАУ, ОХУ-ын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохионо. Хоёр улс 2026-2027 онд “Хятад Оросын боловсролын жил"-ийг зохион байгуулна. Ерөнхийлөгч В.Путинтэй үргэлжлэн нягт харилцаж, Хятад Оросын шинэ эриний харилцааг хамтаар удирдан чиглүүлж тасралтгүй шинэ үр дүнд хүрэхэд миний бие бэлэн байгаа гэв.
Ерөнхийлөгч В.Путин8 Ши Жиньпин даргад баярын мэндчилгээ дэвшүүлж, Хятадын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Ши Жиньпин даргатай хоёр орны харилцаа болон олон улсын томоохон асуудлаар үргэлжлэн нягт харилцаатай байхад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Мөн өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин нар харилцан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв.
