«Чюшы» сэтгүүлийн 9 дүгээр сарын 16-нд хэвлэгдсэн 18 дахь дугаарт ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний «Суурь судалгааг бэхжүүлэх тухай симпозиум дээр хэлсэн үг» хэмээх гарчигтай чухал өгүүлэл нийтлэгдлээ.
Суурь судалгаа нь бүхэл бүтэн шинжлэх ухааны тогтолцооны эх сурвалж, технологийн бүхий л асуудлын үндэс, дэлхийн шинжлэх ухаан, технологийн өрсөлдөөний тэргүүн эгнээний талбар мөн. Аливаа улсын шинжлэх ухаан, технологийн хүч чадлыг хэмжих нэг чухал шалгуур нь суурь судалгааны түвшин юм. Дэлхийн шинжлэх ухаан, технологийн хүчирхэг улс болохын тулд суурь судалгааг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай. ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш ХКН-ын Төв хороо суурь судалгааг дээд зэргээр чухалчилж, судалгаа шинжилгээний зохион байгуулалтыг оновчлох, хөрөнгө оруулалт, баталгаат дэмжлэгийг нэмэгдүүлэх, тогтолцоо, механизмын шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авч, Хятад улсын суурь судалгааны түвшнийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн юм. Үүний зэрэгцээ дэлхийн шинжлэх ухаан, технологийн хүчирхэг орнуудтай харьцуулахад Хятад улсын суурь судалгаанд тодорхой хэмжээний зөрүү, дутагдал байсаар байгааг мөн олж харах хэрэгтэй. Хямралын мэдрэмж, яаралтай байдлын ухамсрыг нэмэгдүүлж, илүү эрчтэй, илүү бодитой арга хэмжээ авч, суурь судалгааг бэхжүүлэн, Хятад улсын анхдагч инновацын чадавхыг дээшлүүлэх шаардлагатай. Ингэснээр шинжлэх ухаан, технологийн хүчирхэг улс байгуулах суурийг улам бат бэх болгож, өндөр түвшний шинжлэх ухаан, технологийн бие даасан, өөрийгөө хүчирхэгжүүлэх чадавхыг бий болгох үйл явцыг түргэсгэх хэрэгтэй гэж тус өгүүлэлд онцолсон байна.
