Дональд Трамп Ерөнхийлөгчийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Би Хятад улсын ард түмний нэрийн өмнөөс Америкийн ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Хятад, АНУ бол хоёулаа агуу улс орон, Хятадын ард түмэн, Америкийн ард түмэн бүгд агуу ард түмэн юм. Хятад, Америк хоёр орны ард түмэн олон жилийн турш найрсаг харилцаа, солилцоотой байж, хоёр талын ашиг сонирхол гүнзгий уялдсан юм. Хоёр улс өрсөлдөгч бус түнш байх ёстой. Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх зорилт болон Америкийг дахин агуу болгох зорилт нь хоорондоо огт харшлахгүйгээр зэрэгцэн хэрэгжиж, харилцан амжилтад хүргэн, дэлхий дахинд үр өгөөжөө өгч бүрэн чадна.
Энэ жил Хятад, АНУ-ын хувьд тус тусын хөгжлийн чухал жил болж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны 5-р сард Хятад улсад айлчлах үеэр бид Хятад, АНУ-ын бүтээлч стратегийн тогтвортой харилцааг бий болгохоор тохиролцож, цаашдын Хятад Америк хоорондын харилцааны хөгжилд стратегийн чиглэл тогтоосон билээ. Хятад, АНУ хоёр тал өөд өөдөөсөө чиглэн хүчин чармайлт гаргаж, хамтын ажиллагааг гол болгосон, өрсөлдөөнийг зохистой хэмжээнд барьсан, санал зөрөлдөөнийг хяналттай байлгасан, энх тайван ирээдүйтэй тогтвортой харилцааг төлөвшүүлж, шинэ эрин үед Хятад, АНУ зэрэг хоёр том гүрэн хэрхэн зөв харилцан орших замыг хамтдаа эрэлхийлэх ёстой. Би үүнд итгэлтэй байна.
Дэлхий дахин хөгжиж, цаг үе өөрчлөгдөж байгаа ч Хятад, АНУ-ын энх тайвнаар зэрэгцэн орших түүхэн зүй тогтол өөрчлөгдөөгүй, хоёр орны ард түмний найрсаг харилцаа, солилцоог хөгжүүлэх хүсэл эрмэлзэл өөрчлөгдөөгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн Хятад, АНУ-д тавьж буй нийтлэг хүлээлт ч өөрчлөгдөөгүй. Би Дональд Трамп Ерөнхийлөгчтэй хоёр орны харилцаа болон дэлхийн нөхцөл байдалтай холбоотой чухал асуудлаар гүнзгий санал солилцож, Хятад, АНУ-ын бүтээлч стратегийн тогтвортой харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, хоёр орны бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааны орон зайг өргөжүүлэхийг хүсэж байна. Мөн АНУ-ын нийгмийн бүхий л салбарын хүмүүстэй өргөн хүрээнд харилцаж, найрамдалт харилцааны үндэс суурийг бэхжүүлэхийг хүсэж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд энэхүү айлчлал олон үр дүнд хүрч, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэн, дэлхийн энх тайванд итгэл найдвар нэмнэ гэдэгт би итгэж байна.
