solongonews
Ши Жиньпин, Дональд Трампын зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож үг хэлэв
2026-09-25 09:19
Орон нутгийн цагаар 9-р сарын 24-ний орой АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Мелания Трамп нар БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюаньд зориулан Цагаан ордонд хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов.


 

Дарга Ши Жиньпин Хятад, Америкийн харилцааны хөгжилд анхаарал хандуулж, дэмжиж ирсэн АНУ-ын нийгмийн бүх салбарын хүмүүст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Намрын дунд сарын баярын халуун мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ оны тавдугаар сард Ерөнхийлөгч Трамп Хятадад амжилттай айлчилсан. Хагас жил хүрэхгүй хугацааны дотор Хятад, Америкийн төрийн тэргүүн нар харилцан айлчилсан нь хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээлээ. Энэ удаагийн айлчлалаар мөн олон шинэ нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцааны агуулгыг баяжуулан, хоёр орны харилцаанд шинэ стратегийн чиглэл өглөө.

 


Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, 200 гаруй жилийн өмнө АНУ тусгаар тогтнолоо зарласныхаа эхэн үеэс Хятад руу анхаарлаа хандуулж эхэлсэн. Хятад, Америкийн талууд харилцан хэрэгцээтэй зүйлээ нөхөн хангаж, давуу талаа харилцан нөхөж, худалдааны харилцааг эхлүүлсэн билээ. 80 гаруй жилийн өмнө Хятад, Америкийн ард түмэн мөр зэрэгцэн, Японы милитарист түрэмгийлэгчдийн эсрэг хамтран тэмцсэн. Цус, галын дунд батжин бэхэжсэн энэхүү найрамдал үеэс үед уламжлагдана.

 


50 гаруй жилийн өмнө “ширээний теннисний дипломат ажиллагаа” удаан хугацаанд хаалттай байсан харилцааны хаалгыг дахин нээж, Хятад, Америкийн ахмад үеийн улс төрчид “жижиг бөмбөгөөр том бөмбөгийг хөдөлгөх” улс төрийн мэргэн ухаанаар хоёр орны харилцааг хэвийн болгох агуу үйл явцыг эхлүүлсэн юм.

20 гаруй жилийн өмнө Сайкос хэмээх америкийн иргэн Хятадын цөлжилттэй тэмцэж буй иргэн Инь Юйжэнийг мод тарихад нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн билээ. Тэдний түүх Хятадын олон иргэний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд Хятад, Америкийн ард түмний найрсаг харилцааны нэгэн жишээ болсон юм. Хоёр орны хүмүүнлэгийн харилцаа, солилцоо нь ард түмэн хоорондын сэтгэл зүрхний харилцан ойлголцлыг дэмжиж, Хятад, Америкийн найрамдал, хамтын ажиллагаанд бат бөх олон нийтийн суурийг бүрдүүлэхэд тустай.

 


Ши Жиньпин хэлэхдээ, өнөөдөр Хятад, Америкийн харилцаа дахин шинэ түүхэн эхлэл дээр ирээд байна. Ерөнхийлөгч Трамп “Америкийг дахин агуу болгох”-ыг зорьж байгаа бол Хятад улс Хятад үндэстний агуу их сэргэн мандалтыг хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна. Эдгээр хоёр зорилго хоёулаа агуу бөгөөд бие биенээ дэмжин, харилцан амжилтад хүргэх бүрэн боломжтой. Хоёр тал том гүрний хувьд хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлан, ард түмний хүсэл эрмэлзэл болон цаг үеийн чиг хандлагыг дагаж, том гүрнүүд зөв харилцан орших шинэ замыг эрэлхийлэх хэрэгтэй. 

Түүхийн урсгал тасралтгүй үргэлжилдэг. Хятад, Америкийн ард түмний найрамдлын үйл хэрэг өргөн ирээдүйтэй. Хоёр тал гар нийлэн урагшилж, Хятад, Америкийн найрамдлын сайхан цэцгийг хамтдаа тордон ургуулж, Хятад, Америкийн найрамдлын шинэ хуудсыг хамтдаа бичих хэрэгтэй.

 


Трамп хэлэхдээ, би энэ оны тавдугаар сард Хятадад айлчлах үеэрээ Хятадын ард түмний халуун дотно, найрсаг хандлагад гүн сэтгэгдэл төрж, сайхан дурсамж үлдсэн. Өнөө орой хоёр орны нийгмийн бүх салбарын төлөөлөгчид нэгэн дор хуран цуглаж, олон мянган бээрийн зайг туулан, зуу гаруй жилийн турш үргэлжилж ирсэн Хятад, Америкийн найрамдлыг хамтдаа тэмдэглэж байна. Хятад, Америк хоёр улс хоёулаа эртний баялаг соёлтой бөгөөд хоёр орны ард түмэн урт хугацааны турш найрсаг харилцаатай байсаар ирсэн. Хэдийгээр хоёр орны тогтолцоо өөр боловч Хятад, Америкийн найрамдал цаг хугацааны шалгуурыг даван бэхжсээр ирсэн. Би дарга Ши Жиньпинтэй хамт харилцан хүндэтгэх зарчмыг баримталж, хоёр орны найрамдлыг цаашид хөгжүүлэн бэхжүүлж, хойч үеийнхэнд урт удаан хугацааны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг авчрахын төлөө ажиллахад бэлэн байна.

 

 

 


Редактор : Б.ХУРЦ
Сэтгүүлч : Шюй Шинтан, Лю Сы
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл