БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Брунейн Султан Хассанал Болкиах нар 9-р сарын 30-нд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин: Хятад, Брунейн уламжлалт найрамдал өнө эртний түүхтэй бөгөөд цаг хугацааны шалгуурыг даван улам бэхэжсээр ирлээ. Хоёр улс орчин үеийн хөгжлийн замналаа хамтдаа урагшлуулах явцдаа том, жижиг улс орнууд харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, хамтдаа хөгжихийн үлгэр жишээг тогтоосон юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 35 жилийн хугацаанд хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, салбар бүрийн хамтын ажиллагаа үр дүнд хүрч, иргэд хоорондын солилцоо улам нягтарсан байна. Өнгөрсөн онд Султан Хассанал Болкиах Хятад Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр тал Хятад, Брунейн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн нь хоёр улсын харилцааг түүхэн хөгжлийн шинэ шатанд гаргасан гэж хэллээ.
Ши Жиньпин: Миний бие Хятад, Брунейн харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгдөг. Султан Хассанал Болкиахтай хамтран хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг боломж болгон уламжлалт найрамдлаа өвлөн хөгжүүлж, хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, Хятад, Брунейн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг улам бодитой, гүнзгий ахиулж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээн, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж онцлон хэлэв.
Хассанал Болкиах: Дипломат харилцаа тогтоосноос хойших 35 жилийн хугацаанд Бруней, Хятад хоёр улс ямагт харилцан итгэлцэж ойлголцож ирэв. 2025 онд хоёр улс хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Бруней, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг боломж болгон хоёр орны харилцааны хэлхээ холбоог улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, хүмүүнлэгийн зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр улсын хөгжил цэцэглэлт, дэвшлийг хамтдаа ахиулж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхийг хүсэж байна гэж хэллээ.
