solongonews
Хятад-Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны 7 дахь форум болж байна
2026-08-21 11:16
Хятад-Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны 7 дахь форум болж байна.

Хятад-Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны 7 дахь форум 20-ны өдөр Бээжин хотноо нээлтээ хийв. Форумын үеэр нийтэлсэн “Хятад-Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны 7 дахь форумын хамтарсан тунхаг”-т Хятад, Африкийн талууд Хятад-Африкийн найрамдлын үзэл санааг үргэлжлүүлэн баримталж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад-Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны 5 дахь форумд илгээсэн баярын захидлын үзэл санааг хэрэгжүүлэн, радио, телевиз, аудио-визуал салбарын солилцоо, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэж тэмдэглэв.

Форумд оролцогчид 2024 оны Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үеэр дарга Ши Жиньпин Хятад-Африкийн “Радио, телевиз, аудио-визуал салбарын инновацын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээ зарласнаас хойш хоёр талын мэдээ мэдээлэл, контент, түгээлт, технологи, боловсон хүчний салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрч байгааг онцоллоо. Хятад-Африкийн радио, телевиз, аудио-визуалын хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд хүрч, хамрах хүрээ өргөжин, бодит үр дүн нэмэгдэж, хоёр талын хамтын хөгжлийг дэмжихийн зэрэгцээ Хятад-Африкийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах үйл явцыг гүнзгийрүүлж, шинэ эрин үеийн бүх цаг үеийн Хятад-Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хүчтэй дэмжлэг үзүүлж байна гэжээ.

Энэ удаагийн форумыг Хятадын Үндэсний радио, телевизийн ерөнхий газар, Бээжин хотын Ардын засгийн газар, Африкийн Радио, телевизийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Хятад болон Африкийн 45 орны радио, телевизийн төрийн захиргааны байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, олон улсын байгууллага, Хятадад суугаа дипломат төлөөлөгчид, холбогдох аж ахуйн нэгж, их дээд сургууль, судалгааны байгууллагын нийт 400 орчим төлөөлөгч оролцлоо. Үүнд Африкийн орнуудын 33 сайдын түвшний зочид багтсан нь өмнөх бүх форумын хамгийн өндөр үзүүлэлт болов.

“Хөгжлийн шинэ боломжийг хуваалцаж, аудио-визуалын шинэ ирээдүйг хамтдаа бүтээе” урианы дор зохион байгуулагдсан тус форумд Хятад, Африкийн зочид “Контентын инновац хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд түлхэц өгөх нь”, “Технологийн хамтын ажиллагаагаар үйлдвэрлэлийн хамтын ялалтад хүрэх нь”, “Аудио-визуал үйлчилгээ худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нь”, “Радио, телевиз, аудио-визуал салбарт хиймэл оюун ухааныг нэгтгэн ашиглах туршлага” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг, санал солилцов.

“Хятад-Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны 7 дахь форумын хамтарсан тунхаг”-ийн дагуу хоёр тал мэдээ мэдээллийн хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт Хятад-Африкийн хөгжлийн бодит, олон талт, бүрэн дүр төрхийг хамтдаа хүргэнэ. Мөн контентын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад-Африкийн найрсаг харилцаа, хамтын хөгжлийн бодит түүхийг харуулна. Залуучууд, мэргэжлийн боловсон хүчний солилцоог өргөжүүлж, Хятад-Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны хүний нөөцийн суурийг бэхжүүлнэ.

Форумын үеэр Хятад-Африкийн радио, телевиз, аудио-визуал салбарын хамтын ажиллагааны 80 үр дүнгийн жагсаалтыг мөн нийтэлсэн байна. 

Зохиогч: БАЙ ИН, ЯН ШҮЖҮНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл