ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 10-р сарын 16-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотод ажиллах үеэрээ "Ногоон хөгжил" бол "Чансаатай хөгжил"-ийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн, чансаатай хөгжлийг өндөр түвшний байгаль орчны хамгаалалттай уялдуулан зохицуулж, уул, ус, ой мод, газар тариалан, нуур бүрд, бэлчээр өвс, элсэн цөлийг цогцоор нь хамгаалан системтэйгээр засахын зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ажлуудыг уялдуулан зохицуулж, гуйвалтгүйгээр байгаль орчныг нэн тэргүүнд тавин ногоон хөгжлийн замаар урагшлах хэрэгтэй гэж онцоллоо.
16-ны өдрийн үдээс өмнө Ши Жиньпин дарга ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Нарийн бичгийн дарга Ван Вэйжүн, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дарга Баоган нарын хамт Улаанцав хотод хүрч, ажил байдалтай танилцлаа.


Улаанцав хотын Цахар Баруун Гарын Өмнөд хошуунд орших Хийрийн нуур бол уур амьсгал зэрэг хүчин зүйлсийн улмаас нэгэн үе бүрмөсөн ширгэх шахсан, битүү сав газарт орших нуур юм. Тус нуурыг олон жилийн турш цогцоор нь менежмент хийсний үр дүнд нуурын талбай аажмаар тэлсэн байна. Ши Жиньпин дарга Хуанчихай байгалийн нөөц газарт зочилж, ӨМӨЗО-оос экологи, байгаль орчны хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон Хуанчихайг цогцоор нь хамгаалах, экосистемийг нь сэргээхэд чиглүүлж хийсэн орон нутгийнханы ажлын тухай мэдээлэл сонсов. Тэрээр нуурын хөвөөний болон намгархаг газрын экологи, тэнд нутагладаг шувуудын тухай газар дээр нь очиж үзээд намгархаг газрыг хамгаалахын гол зангилаа нь түүний анхдагч экосистемийг хадгалахад оршдог. Байгалийг хүндэтгэн, хамгаалж, түүнтэй зохицон амьдарч, "Намгархаг газрыг хамгаалах тухай хууль"-ийг бүрэн хэрэгжүүлж, экологийн хамгаалалтын хязгаар шугамыг (улаан шугамыг) чанд мөрдөн, экосистемийн чанар, тогтвортой байдлыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, биологийн олон янз байдлыг хамгаалах хэрэгтэй. Доройтсон намгархаг газрын экосистемийг сэргээхдээ байгалийн жамаар сэргэх үйл явцыг тэргүүнд чухалчилж, хүний оролцоог нэмэлт хэрэгсэл болгож, шинжлэх ухаанч, зөв зохистой арга барилд түшиглэх хэрэгтэй гэж онцоллоо.



Улаанцав хот салхи болон нарны эрчим хүчний арвин нөөцтэй. Сүүлийн жилүүдэд тус бүс нутаг нь ногоон эрчим хүчний хүртээмж, таатай уур амьсгал, стратегийн чухал байршил зэрэг харьцангуй давуу талуудаа ашиглан, ногоон тооцооллын салбарыг хөгжүүлэх чиглэлээр нааштай үр дүнд хүрээд байна. Ши Жиньпин дарга Цахар өндөр технологийн хөгжлийн бүсэд зочилж, үзэсгэлэнгийн танхимаар танилцах үедээ ӨМӨЗО-ны "Зүүн бүсийн өгөгдлийг баруун бүсэд тооцоолох" төслийн зангилаа төвийг хөгжүүлэх, мөн байгаль орчинд ээлтэй тооцооллын салбарыг төлөвшүүлэх чиглэлд гаргасан ахиц дэвшилтэй танилцлаа. Тэрээр:
- "Зүүн бүсийн өгөгдлийг баруун бүсэд тооцоолох" төслийг хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд нэгдсэн тооцооллын эрчим хүчний сүлжээг байгуулах нь Намын Төв хорооны стратегийн томоохон зорилт мөн. Шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлт, нөөцийн дэмжлэг, аюулгүй байдлын баталгааг бэхжүүлж, дуусгасан төслүүдийг үр ашигтай ажиллуулахын зэрэгцээ дараагийн төслүүдийн бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь гүйцэтгэх нь нэн чухал юм. Бид аж үйлдвэрийн гинжин хэлхээг идэвхтэй өргөжүүлж, дижитал эдийн засаг болон бодит эдийн засгийн гүнзгий уялдаа холбоог дэмжин, тооцоолох хүчин чадлын давуу талаа хөгжлийн давуу тал болгон тасралтгүй хувиргах ёстой гэж хэлэв.


Ши Жиньпин дарга бас тооцоолох хүчин чадлын төвийн төслүүдийг хариуцагчид, техникийн ажилтнууд болон Цахар өндөр технологийн хөгжлийн бүсийн ажилтнуудтай халуун дотно яриа өрнүүлэв. Тэрээр тооцоолох хүчин чадлын сүлжээ бол үндэсний түвшинд төлөвлөж, хөгжүүлж буй “ 6 Үндэсний сүлжээ”-ний нэг юм, тооцоолох хүчин чадлын салбар нь яг хурдтай өсөлтийн үе шатанд байж,өргөн ирээдүйтэй гэж онцлоод, бүх хүмүүст өндөр үр ашиг, байгаль орчны тогтвортой байдал, аюулгүй байдлын шаардлагуудыг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, тооцоолол болон эрчим хүч, усны нөөцийн уялдаа холбоод анхаарлаа хандуулан, тооцооллын төвийн төслүүдийн тогтвортой хөгжил болон үйл ажиллагааг баталгаажуулж, ногоон тооцооллын аж үйлсийн хөгжлийг идэвхтэй дэмжин, дижитал Хятад улсын байгуулалтыг урагшлуулах, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг дэмжихэд илүү их хувь нэмэр оруулахыг найдав. Ши Жиньпин дарга өндөр технологийн бүсэд хандаж намын удирдлага ба намын байгуулалтыг бэхжүүлэн, төрөл бүрийн нийтийн үйлчилгээ болон нөөцийн баталгааг сайжруулж, аж ахуйн нэгжүүд болон төрөл бүрийн авьяастнуудад мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах таатай орчныг бүрдүүлэн өгөх шаардлага тавив.

Ши Жиньпин дарга бас орон нутгийн газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй танилцаж, тэдгээрийн олон янз байдал, чанарын онцлогийн талаар нарийвчлан асууж лавлалаа. Тэрээр үйлдвэрлэл болон борлуулалтын хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, тариаланчид, малчдын орлогыг нэмэгдүүлж, баян чинээлэг амьдралд хүрэхэд нь туслахыг орон нутгийнханд найдав.

Ши Жиньпин дарга,манай улс бол асар уудам газар нутагтай, зүүн, баруун, өмнөд, умард болон төвийн бүс нутгуудын нөөц баялгийн хангамжийн хувьд ихээхэн ялгаатай. Шинэ аянд бүс нутаг бүр Намын Төв хорооны стратегийн шийдвэр, төлөвлөлтийн зохицуулалтын дагуу засаглал, ажлын амжилтын тухай зөв үзэл баримтлалыг төлөвшүүлэн хэрэгжүүлэх, хөгжлийн тухай шинэ үзэл баримтлалыг бүрэн дүүрэн, үнэн зөв, цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай. Цаг үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, хөгжлийн боломжуудыг ашиглан, өөрсдийн өвөрмөц нөхцөл байдалдаа тулгуурлан, харьцангуй давуу талуудаа гүйцэд ашиглан, орон нутгийнхаа онцлогт тохирсон чансаатай хөгжлийг эрэлхийлэх ёстой гэж онцлов.
Хэ Лифэн болон намын төв хороо болон төрийн байгууллагуудын холбогдох хэлтэс, нэгжийн хариуцсан албаны хүмүүс хамт байлцав.
