11-р сарын 2-ны өдрийн мэдээлснээр: ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Хатан голыг хамгаалах, засах ажлыг цаашид сайжруулах талаар чухал үүрэг чиглэл өгчээ.
Ши Жиньпин хэлэхдээ, ХКН ард түмнээ удирдан Хатан голыг 80 жилийн турш засаж тохижуулсны үр дүнд түүхэн дэх “гурван жил тутамд хоёр удаа үерлэж, далан сэтэрдэг” нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилж, жил бүр үер усны аюулгүй байдлыг хангаж чадсан гайхамшгийг бүтээсэн нь социалист тогтолцооны илт давуу талыг бүрэн харуулж байна гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, шинэ цаг үеийн шинэ аян замд Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгон, хамгаалалтыг нэн тэргүүнд тавьж, засахаар гол зорилго болгох стратегийн шаардлагыг тууштай баримтлах хэрэгтэй. Усны нөөцийг хэмнэхийг нэн тэргүүнд тавих, орон зайн тэнцвэрт байдлыг хангах, системтэйгээр засаж зохицуулах, олон талын хүчин чармайлтыг дайчлах усны засаглалын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, иж бүрэн хамгаалалт, нэгдсэн уялдаа холбооны тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгох шаардлагатай байна. Хатан голын сав газрын экологийн хамгаалалт болон өндөр чансаатай хөгжлийг бодитой урагшлуулж, улсын экологийн аюулгүй байдлын бат бөх хамгаалалтын шугамыг бий болгох, Хатан голын урт хугацааны амгалан тайван байдлыг хангах, соёлыг өвлөн уламжлуулж, сурталчлан түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ ээж мөрөн болсон энэ их голоо улам бүр үзэсгэлэнтэй болгож, Хятадын үндэстнүүдэд мөнхөд өгөөжөө хүртээж, хойч үеийнхэндээ үр шимийг нь хүртээхийн төлөө хичээн ажиллах ёстой гэжээ.
Хатан голыг хамгаалах, засах ажлыг бүх талаар ахиулах тухай хурал 11-р сарын 2-ны өдөр Хэнань мужийн Жэнжөү хотод болов. Хуралдаанаар Ши Жиньпиний өгсөн чухал үүрэг чиглэлийг уламжлан танилцуулжээ. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Гүөжун хуралд оролцож үг хэлэв.
Тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин даргын өгсөн чухал үүрэг чиглэл нь улс төрийн өндөр ач холбогдолтой, үзэл санааны гүн гүнзгий агуулгатай бөгөөд практик үйл ажиллагаанд тодорхой удирдамж болж байна. Энэ нь шинэ цаг үеийн шинэ аян замд Хатан голын сав газрын экологийн хамгаалалт болон өндөр чансаатай хөгжлийг тасралтгүй ахиулахад чухал баримтлах зарчим болж байгаа тул үүнийг гүнзгий судлан ойлгож, тууштай хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.
Мөн үүрэг хариуцлагаа ухамсарлан, ХКН-ын Төв хорооны шийдвэр, бодлогын дагуу иж бүрэн хамгаалалтыг хамтран хэрэгжүүлж, нэгдсэн засаглалыг уялдаа холбоотойгоор ахиулан, Хатан голын урт хугацааны амгалан тайван байдлыг хангах, усны нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, усны сүлжээний инженерийн байгууламжуудын нэгдсэн зохицуулалт, хуваарилалтын чадавхыг дээшлүүлэх, усны экологийн орчныг хамгаалах, Хатан голын соёлыг өвлөн уламжлуулж, сурталчлан түгээн дэлгэрүүлэх замаар Хатан голын хамгаалах, засаглах ажлын шинэ хуудсыг тасралтгүй нээх хэрэгтэйг тэмдэглэв.
Ши Жиньпин Хатан голыг хамгаалах, засах ажлыг цаашид эрчимжүүлэх талаар чухал үүрэг чиглэл өгөв
2026-11-03 11:29
Ши Жиньпин Хатан голыг хамгаалах, засах ажлыг цаашид эрчимжүүлэх талаар чухал үүрэг чиглэл өгч, “Иж бүрэн хамгаалалт, нэгдсэн уялдаа холбооны тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгож, энэ их голоо улам үзэсгэлэнтэй болгохын төлөө хичээн ажиллах”-ыг онцлон тэмдэглэв
Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
