solongonews
Ши Жиньпин Австрийн канцлер Кристиан Штокертэй уулзав
2026-11-07 09:34
10-р сарын 6-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотын Ардын их хурлын ордонд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Австрийн канцлер Кристиан Штокертэй уулзав.

10-р сарын 6-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотын Ардын их хурлын ордонд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Австрийн канцлер Кристиан Штокертэй уулзав
   
Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил Хятад, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал харилцан хүндэтгэх, нээлттэй, хүртээмжтэй байх, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримталж иржээ. Улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, бодит хамтын ажиллагаа үр өгөөжөө өгснөөр хоёр орны ард түмэнд бодит ашиг тус хүртээсэн байна.

 
Хятад улс “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд шинээр хөгжиж буй салбаруудыг төлөвшүүлж, уламжлалт салбаруудаа шинэчлэн, ялангуяа үйлчилгээний салбарт нээлттэй байдлаа өргөжүүлэхээр зорьж байна. Хятад улс шинэ эрчим хүчний автомашин, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг шинэ салбарт Австритай бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдаа, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч бий болгоход бэлэн байна гэжээ. Хятад, Австрийн найрамдалт харилцаа нийгмийн өргөн суурьтай. Хоёр тал хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөн, хоёр орны ард түмнийг улам ойртуулах хэрэгтэй хэмээн онцлов.
 
Тэрээр мөн өнөөгийн олон улсын нөхцөл байдал өөрчлөлт, үймээн самуунаар дүүрэн, ганц талт үзэл, худалдааны ивээх бодлого сөрөг урсгал болон хүчээ авч байгааг тэмдэглэв. Хятад, Австри хоёр улс жинхэнэ олон талт үзлийг хамтран хэрэгжүүлж, чөлөөт худалдааг дэмжин, илүү шударга, зохистой дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

 
Хөгжин хүчирхэгжиж буй Хятад улс Европт тулгарч буй асуудлын эх үүсвэр биш, харин тэдгээрийг шийдвэрлэхэд туслах түнш, хамтрагч юм. Хятад, Европ хамтын ажиллагаанд анхаарч, худалдаа, эдийн засгийн зөрчлийг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр шийдвэрлэн, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа хөгжих хэрэгтэй гэж Ши Жиньпин онцоллоо.

10-р сарын 6-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотын Ардын их хурлын ордонд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Австрийн канцлер Кристиан Штокертэй уулзав

   
Кристиан Штокер Хятад, Австрийн харилцаа сайн хөгжиж байгааг тэмдэглээд, дипломат харилцаа тогтоосноос хойших 55 жилийн турш хоёр улс харилцан итгэж, бие биенээ дэмжсээр ирснийг хэлэв. Австрийн тал Хятад, Австрийн найрсаг стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг зорьж, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримтална. Мөн олон жилийн хамтын ажиллагаа, итгэлцлийн суурин дээр худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологи, инновац зэрэг салбарын хамтын ажиллагааг бүх талаар бэхжүүлж, соёл, аялал жуулчлалын солилцоог өргөжүүлэн, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө Хятадтай хамтран ажиллахад бэлэн гэв.
 
Австрийн тал Хятад, Европын харилцааг хөгжүүлэхийг идэвхтэй дэмжиж, худалдаа, эдийн засгийн санал зөрөлдөөнийг хоёр тал илэн далангүй яриа хэлэлцээ, зөвшилцлөөр шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн олон талт үзлийг хамтаар баримталж, олон талт зохицуулалтаа эрчимжүүлж, тогтвортой хөгжлийг дэмжин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилтыг даван туулах, дэлхийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл