Байгаль, хүн хоёрын хүйн холбоо гэж “юм” бий хэмээн багад минь багш их ярьдаг байлаа. Энэ үгнийх нь утга учрыг энд тэнд явахдаа мэдэрдэг л юм. Газар нутаг болгон өөрийн гэсэн дурсгалын зургаа сэтгэлд өлгөж, зарим нэг нь эргэн очих их хүслийг холдоогүй байхад л хөвсөлзүүлдэг нь гайхалтай. Ийм л нэг газар орноор Монголын сэтгүүлчдийн төлөөлөл таван өдрийн аялал хийсэн юм.
Тус аяллыг БНДАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Гэ Гуан Жы гардан зохион байгуулсан бөгөөд энэхүү айлчлалыг “Ши Жиньпин даргын Монголд хийсэн айлчлалын үр дүн” хэмээн тодотгосон.
Мөн биднийг Монголын олон сэтгүүлчдийн эртний танил болсон ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад суртал ухуулгын хэлтсийн дарга н.Баянжаргал, Солонго мэдээллийн төвийн сэтгүүлч Б.Сурнаа нар тосон авч бүхий л аяллын туршид хөтчөөр ажилласан. Газрын диваажин гэгддэг Хан Жөү хотын онгоцны буудалд буухдаа л хэзээний танилууд, ахан дүүс мэт ижилдсэн байсан нь хүмүүсийн сайхан сэтгэл, газар усны онцлог, багшийн хэлдэгчлэн “юм” нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. “Тэнгэрт диваажин, газарт Хан Жөү, Сужөү” гэсэн үг Хятадад байдаг нь оргүй зүйл биш ажээ.
“Жэжян өдрийн сонин” 6000 ажилтантай
Хан Жөү хот нь аялал жуулчлал хөгжсөн эртний түүхт хот бөгөөд Жэжян мужийн нийслэл. Тус хотын нэгэн гайхамшиг нь алдарт Барууннуур /Ши Ху/. Хэдийгээр энэ нуур ширгэж үгүй болохын даваан дээр байсан ч хиймэл байдлаар дахин усжуулж, өдгөө 70 гаруй төрлийн загас сүлжилдсэн Хан Жөү хотын аялал жуулчлалын нэгэн томоохон төв болгон хөгжүүлжээ. Уг хотод байх хугацаандаа бид бүхэн “Жэжян өдрийн сонин” болон энэ намар Нью-Йоркийн хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргасан Алибаба группийн ажилтай танилцсан. “Жэжян өдрийн сонин” нь 6000 ажилтай бөгөөд өдөр бүр 420 мянган сонин хэвлэн тараадаг байна. Үүнээс гадна “Оройн сонин” гэж 800-900 мянган хувийг амралтын өдрөөр хэвлэдэг. Харин өөрийн гэсэн найман сайттай бол 50 орчим охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Анх 1999 онд байгуулагдаж байсан Алибаба.ком сайтын хувьд үйлчилгээний ажилтнуудаа оруулаад 15 мянган ажилтантай нүсэр байгууллага. Тус группийг Дундад улсын тэрбумтан Жак Ма үүсгэн байгуулсан бөгөөд Хан Жөү хотод байрлах аж үйлдвэрийн паркаа өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтад өгчээ. Электрон худалдаа, банк санхүү, бараа үйлчилгээ, үүлэн тооцоолуур гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ сайт 510 сая хэрэглэгчтэйгээс гадна гар утасны 270 сая хэрэглэгчтэй. Дундадын 100 гаруй банкаар дамжуулан төлбөр тооцоогоо явуулж, жижиг дунд 1.1 сая аж ахуйн нэгжид гурван тэрбум юаний зээл олгоод буй гэнэ.
Далай дамнуулсан гүүрний урт 23 километр
Аяллын дараагийн өдөр үзэсгэлэнт Хан Жөү хотыг орхин одох нь манайхны хувьд сэтгэл гэгэлзүүлсэн явдал байсан ч түүнээс үл дутах Жөү Шан хотыг зорих гэж буйдаа баяртай байлаа. Далай дамнуулан барьсан гүүрийг машинаар гарч, нэг ёсондоо далайг машинаар анх удаа гаталж үзнэ гэдэг юугаар ч орлуулшгүй мэдрэмж юм билээ. Их усан цэлэлзэж, давалгаа түрэх бүрт том том ачааны хөлөг онгоцууд гүүрэн дээрээс охины минь тоглоом шиг харагдах нь сонин. Жөү Шан хотын энэхүү гүүрний нийт урт нь 23 километр. Дашрамд сонирхуулахад, Хятадууд Чиндао, Жяожөу хотыг холбосон 42.3 км гүүрийг хоёр жилийн өмнө ашиглалтад оруулсан нь дэлхийн хамгийн урт далай дамнуулан барьсан гүүр болой.
Тус гүүрээр гарч, дараа нь усан онгоцонд суугаад эртний Буддын шашны сүм хийдийн эх нутаг болсон Пүтүөшан уулыг зорино. Тус ууланд Дарь-Эхийн сахиустай Түгээмэл авралын хийд байрлах бөгөөд “Нэгэн лам Дарь-эхийн сахиусыг Японд аваачиж тахихаар аваад явсан ч давалгаа үүсч нэгэн агуйд хоргодсон байна. Ингэж байхдаа зүүрмэглэж, нойрон дунд нь Дарь-Эх “Би эндээс явахгүй. Намайг энд шүншиглэ” хэмээн хэлсэн гэх домог яриа бий. Тийм ч учраас энэ ууланд Дар-Эхийн аварга том хөшөөг сүсэгтэн олны хөрөнгөөр босгохдоо баруун гарынхаа алгыг урагш харуулан, зүүн гартаа онгоцны залуур барьсан мэтээр урлан бүтээжээ. Энэ нь далайн шуурганаас хамгаалах утгатай аж.
13 үеэрээ хадгалсан номын сан
Үүний дараа бид бүхэн Нин Бө хотод байх Фан Ши гэгчийн гэр музейг үзэж сонирхлоо. Энэ хүн Сайшаалт ерөөлт хааны үед одоогийнхоор бол Батлан хамгаалах яамны дэд сайдын албыг хашиж байсан “нөхөр” бөгөөд өөрийн хөрөнгөөр номын сан байгуулж, түүнийг нь 13 үеэрээ хадгалан хамгаалж байгаа юм билээ. Бидэнд тайлбарласнаар тэрээр хоёр хүүтэй байсан ч бага хүү нь зуурдаар нас барж. Ингээд өөрийн номын сангаа баяжуулан, уншлагын танхим зэргийг нэмж байгуулж байгаад өв хөрөнгөө өвлүүлэхээр болжээ. Энэ үед нь түүний том хүү 70 мянга гаруй ном бүхий номын санг нь өвлөж, харин бага хүүгийнх нь эхнэр 10 мянган лан мөнгийг нь авчээ. Он цагийн уртад өнөөх мөнгө үрэгдэж дууссан бол энэхүү ном, номын сангийн барилга зэрэг нь одоог хүртэл хадгалагдаж байна хэмээн тайлбарлах нь цаанаа л нэг бахархангуй аястай. Арга ч үгүй биз. Тус нутаг түүх соёлын дурсгалт газраа маш сайн хадгалан үлдээж байгаа бөгөөд бүх Дундадын соёлын биет бус өвд бүртгүүлсэн 40 орчим газар байдаг гэсэн.
Аяллын багийнхан цаашилсаар 2500 орчим жилийн түүхтэй Шао Шин хотыг зорьж эртний суурин хэвээр нь өнөөдрийг хүртэл авч үлдсэн Аньчангийг үзэж сонирхсон. Тус сууринд Дундад улс даяар алдартай “Гурван ган” байдаг бөгөөд энэ нь шар архи эсгэдэг ган сав, хоол амтдагч жан дардаг ган сав, үсний будаг хийдэг ган сав аж. Аялал маань тодорхой цаг хугацаатай, буцах цаг ойртож байсан тул БНДАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Гэ Гуан Жы энэ газар хүндэтгэлийн зоог барихаар болж, 20 жил дарсан шар архиар нутгийн удирдлагууд зочдоо дайлсан юм.
Төгсгөлийн оронд
Ийнхүү бид бүхний хийсэн айлчлан аялал маань өндөрлөж, нутгийн зүг жолоо залсан юм. Бидний багт МУГЖ, Поп хатагтай Б.Сарантуяагийн дуулсан “Тэр намайг дурсдаг болов уу” дууны үгийг бичсэн UBS телевизийн дэд захирал Б.Нармандах, СТА Л.Болдбаатарын дуулсан “Босоо хийморьтой эр хүн” дууны зохиогч МСЭ-ийн Эрүүл мэндийн салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвдорж гэсэн уран бүтээлчид байсан нь “илэрч” ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад суртал ухуулгын хэлтсийн дарга н.Баянжаргал, Солонго мэдээллийн төвийн сэтгүүлч Б.Сурнаа нар маань эгшиг дуугаа өргөсөөр үдлээ. Эргэн уулзах учрал талбисан бидний ерөөлөөр болж, гайхамшигт Хан Жөүд дахин уулзна гэтэгт итгэлтэй байна.
Ёстой л нөгөө Баянаа ахын маань хэлсэнчлэн “Танилцахаас өмнө талын гурван зээр, Танилцсаны дараа тагнайн гурван судас” гэдэг ийм ажгуу.
Өмнөд нутгаар зорчсон тэмдэглэл
2015-04-22 15:37
Байгаль, хүн хоёрын хүйн холбоо гэж “юм” бий хэмээн багад минь багш их ярьдаг байлаа. Энэ үгнийх нь утга учрыг энд тэнд явахдаа мэдэрдэг л юм.
Зохиогч: Т.Дарханхөвсгөл
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
