ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван И 06-р сарын 15-нд Бээжин хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, үг хэлэв.
Ван И:
- Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсан нь орчин үеийн олон улсын харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд гишүүн орнууд эв нэгдэлтэй хамтран ажиллаж, хариуцлагаа ухамсарлан, хөгжлийг хамтдаа эрэлхийлж, харилцан суралцан хөгжсөөр ирсэн. Ингэснээр харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, эрх тэгш байдал, зөвшилцөл, олон ургалч соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрхэмлэх “Шанхайн үзэл санаа” төлөвшин бүрэлдсэн. Хөрш орнууд эвсэл байгуулахгүйгээр түншлэл тогтоож, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалан, хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулах бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгож, харилцан хүндэтгэл, шударга ёс, хамтын ажиллагаа, харилцан ашиг хүртэхэд тулгуурласан шинэ хэлбэрийн олон улсын харилцааг төлөвшүүлсэн гэж онцолсон байна.
Ван И хэлэхдээ “ Ши Жиньпин дарга дэлхий нийтийн хөгжил дэвшлийг эрхэмлэн, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үзэл санааг дэвшүүлсэн нь цаг үеийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, олон улсын хамтын нийгэмлэгт Хятадын шийдлийг санал болгосон гэжээ.
Тэрээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага цаашид илүү чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа болон хамтдаа хожих үйл хэрэгт үлгэр жишээ хувь нэмэр оруулах ёстой гэж онцолсон байна.
Ван И мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага “Шанхайн үзэл санаа”-г үргэлжлүүлэн хөгжүүлж, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох, энх тайван, амар амгаланг хамгаалах, тогтвортой хөгжлийг ахиулах, хөрш орнуудын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай гэжээ.
Тэрээр энэ жил Хятад улсын “15 дугаар таван жилийн төлөвлөгөө” хэрэгжиж эхлэх жил тохиож байгааг тэмдэглээд, Хятадын тал ШХАБ-ын гишүүн орнуудтай хөгжлийн боломжоо хуваалцаж, хамтдаа хөгжин, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Нурлан Ермекбаев үг хэлэхдээ “ Тяньжиний дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын ирэх арван жилийн хөгжлийн стратегийг баталж, амбицтай боловч бодитой хэрэгжих боломжтой хөгжлийн чиглэлийг тодорхойлсон. Өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэгийн ШХАБ-д хандах анхаарал улам нэмэгдэж байгаа бөгөөд гишүүн орнууд байгууллагын бүх орны ард түмэнд үр өгөөж хүртээж, бүс нутгийн энх тайван, хөгжлийг ахиулахын төлөө хамтран ажиллах шаардлагатай”гэж онцолсон байна.
Уг арга хэмжээнд ШХАБ-ын гишүүн болон холбогдох орнуудын БНХАУ-д суугаа элчин сайд нар, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид зэрэг 200 орчим хүн оролцжээ.
