БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Засгийн газрын Худалдаа, эдийн засгийн төлөөлчдийн багийг удирдан тавдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийлээ. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдааныг хамтран удирдсан юм. Айлчлалын үеэр худалдааны сайд Гао Хучөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нартай уулзав. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин дээрхи бүхий л хурал, уулзалтуудад биечлэн оролцлоо.
БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн уулзалтын эхэнд Ши Жиньпин даргын халуун мэндийн ерөөлийг дамжуулав. Тэрээр цааш нь хэлэхдээ:
- Сүүлийн жилүүдэд хоёр орны тэргүүн нарын харилцан айлчлал, уулзалтууд тогтворжиж байна. Ши Жиньпин даргын 2014 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж, хоёр тал Хятад, Монголын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлснээ зарласан нь хоёр улсын харилцааны шинэ түүхийг нээсэн. Хоёр улсын удирдагч нар Хятад, Монголын харилцааг улам хөгжүүлж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам” санаачилга нь Монгол Улс болон бусад олон улс орнуудад идэвхтэй хүрээллийг олсон. Хятадын тал Монголын талтай нэг зам дээр байж, хоёр улсын удирдагч нарын хүрсэн чухал нийтлэг ойлголтыг хичээнгүйлэн хэрэгжүүлэв. “Нэг бүс нэг зам” хамтын ажиллагааны санаачилга, Монголын дэвшүүлсэн “Талын зам” санаачлагын уялдаа холбоог бэхжүүлэн хамтран ажиллах салбарыг өргөжүүлж, цар хүрээгээ тэлэн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны утгыг тасралтгүй баяжуулсаар байхад бэлэн байна гэв.
БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хийсэн уулзалтын эхэнд мөн Ли Кэчянь Ерөнхий сайдын халуун мэндийн ерөөлийг дамжуулав. Тэрээр цааш нь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж, түүхийн хамгийн таатай үедээ байна. Энэ нь хоёр улсын удирдагч нарын өндөр дээд хэмжээний уулзалтууд тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрсэнтэй холбоотой. Хятадын тал Монголын талтай хөгжлийн стратегийн уялдаа холбоог улам бэхжүүлэх төдийгүй хоёр улсын үйлдвэрлэлийн чадавхийн хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгил, Хятад, Монголын чөлөөт худалдааны бүс, Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг хурдасгахад бэлэн байна. Түүнчлэн худалдааг хөнгөвчлөх болон томоохон төслүүдийн хамтын ажиллагааг урагшлуулж, хоёр талын худалдаа, эдийн засгийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн харилцааны зогсолтгүй эрүүл хөгжлийг урагшлуулахад бэлэн байна. Үүний зэрэгцээ Хятадын тал Монголын тал АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулахыг идэвхтэй дэмжиж байна гэв.
Монголын тал БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөнийг Ши Жиньпин дарга, Ли Кэчянь Ерөнхий сайдад түүний халуун мэндчилгээг уламжлахыг хүсэн хоёр улсын харилцааны хөгжил, ялангуяа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд олж авсан үр дүнгүүдийг өндрөөр сайшаав. Түүнчлэн Хятадын тал удаан хугацааны туршид Монголын эдийн засгийн хөгжил, хүн ардын амьжиргааг дээшлүүлэхэд үзүүлж ирсэн харамгүй туслалцаанд талархаж буйгаа илэрхийлэв. Монголын тал Хятад Улстай харилцах харилцааг өндрөөр чухалчлан үзэж, Хятад Улсыг ямагт итгэж болох сайн хөрш, сайн найз, сайн түнш хэмээн үзэж ирсэн. Монголын тал цаашид Хятадын талтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн Хятад, Монголын чөлөөт худалдааны бүс, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ашигт малтмалын нөөц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн, худалдааг хөнгөвчлөх, транзит тээвэрлэлтийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр талын бүх талын олон давхаргат, өргөн салбарын бодит хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэх болно гэж хэллээ.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын XIV хуралдааны үеэр хоёр улсын удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийн уялдаа холбоо, үйлдвэрлэлийн чадавхийн хамтын ажиллагаа, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүтээн байгуулалт, Хятад, Монголын чөлөөт худалдааны бүс, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зэрэг хоёр талын харилцан анхаарч буй худалдаа, эдийн засгийн асуудлаар санал солилцож нийтлэг ойлголтод хүрлээ.
Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр тал Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдааны протоколд мөн Хятад Улсын Худалдааны Яам, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Яам Замын-Үүд – Эрээн боомтод хил дамнасан эдийн засгийн бүс байгуулах асуудлаар хамтран ажиллах ерөнхий төлөвлөгөө зэрэг бичиг баримтад гарын үсэг зурав. Худалдааны сайд Гао Хучөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамт Монголын шинэ олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын нээлтийн ажиллагаанд оролцож, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хамт Ази, Европын дээд хэмжээний уулзалтын эд материалын буцалтгүй тусламжийг хүлээлгэн өгөх ёслолд оролцож баярын үг хэлсэн юм.
