solongonews
“Чюши” сэтгүүлд Ши Жиньпиний “Одоогийн эдийн засгийн ажлын гол үүрэг зорилтууд” өгүүлэл нийтлэгдэнэ
2026-02-16 18:02
“Чюши” сэтгүүлд Ши Жиньпиний “Одоогийн эдийн засгийн ажлын гол үүрэг зорилтууд” өгүүлэл нийтлэгдэнэ

“Чюши” сэтгүүлийн энэ оны дөрөвдүгээр дугаар 2026 оны 02-р сарын 16-нд хэвлэгдэнэ. Энэхүү дугаарт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Одоогийн эдийн засгийн ажлын гол үүрэг зорилтууд” гарчигтай чухал өгүүлэл нийтлэгдэхээр болжээ. Энэхүү өгүүлэл нь 2025 оны 12-р сарын 10-нд болсон Төвийн эдийн засгийн ажлын бага хурал дээр хэлсэн үгнээс эш татан түүвэрлэсэн байна.

Өгүүлэлд 2026 оны эдийн засгийн ажлыг хэрэгжүүлэхдээ гол чиглэл, тулгамдсан зорилтуудад төвлөрч, нэгдсэн бодлогоор урагшлуулах шаардлагатайг онцолжээ.

Юуны өмнө дотоодын эрэлтийг эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болгон хэвээр хадгалж, хэрэглээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг эрчимжүүлэх шаардлагатайг дурдсан байна. Мөн шинэ салбаруудыг хөгжүүлэх, томоохон төслүүдийг дэмжих бодлогыг оновчтой хэрэгжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийг чухалчилжээ.

Үүний зэрэгцээ инновацад тулгуурласан хөгжлийг эрчимжүүлж, “хиймэл оюун ухаан +” санаачлагыг дэмжин, үйлдвэрлэлийн сүлжээний шинэчлэлийг гүнзгийрүүлж, шинжлэх ухаан, технологийн ололтыг бодит үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорилт болгон дэвшүүлсэн байна.

Мөн шинэчлэл, өөрчлөлтийг тууштай гүнзгийрүүлж, үндэсний нэгдсэн зах зээлийг бүрдүүлэх, зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангах, төрийн өмчит аж ахуйн нэгжийн шинэчлэлийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихийг онцолсон байна.

Гадаадад нээлттэй бодлогын хүрээнд институцийн түвшний нээлттэй байдлыг өргөжүүлж, чөлөөт худалдааны бүсүүд болон Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг сайжруулах шаардлагатайг тэмдэглэсэн байна.

Түүнчлэн бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, хот, хөдөөгийн уялдаа холбоог бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, “нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, нүүрстөрөгчийн саармагжилтад хүрэх” зорилтыг хэрэгжүүлэн, ногоон шилжилтийг эрчимжүүлэхийг чухалчилжээ.

Өгүүлэлд мөн иргэдийн амьжиргааг сайжруулахад онцгой анхаарч, ажлын байрыг тогтвортой хадгалах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатайг дурдсан байна. Үүний зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах, орон нутгийн өрийн эрсдэлийг бууруулах зэрэг санхүү, эдийн засгийн эрсдэлийг хяналтад байлгах нь чухал болохыг онцолсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл