Хятад улсын Фүжянь мужийн Чюаньжөүгийн Жиньжян хот дахь нэгэн гутлын үйлдвэрт 7 дугаар сарын 9-ний өдрийн 12:00 цагийн орчимд гал түймэр гарч, олон хүний амь нас эндэж бэртэж, хүнд ноцтой хохирол учирсан байна. Холбогдох байгууллагын нотолсноор тус ослын улмаас 28 хүн нас барав.
Ослын дараахан Ши Жиньпин дарга чухал заавар өгч:
- Фүжянь мужийн Чюаньжөүгийн Жиньжян хот дахь нэгэн гутлын үйлдвэрт гарсан гал түймрийн улмаас олон хүн эндэж бэртэж, хүнд хэмжээний хохирол учирсан байна. Хайн аврах, ослын дараах зохицуулалт, ар гэрийнхэнд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх, тайвшруулах зэрэг ажлыг бүх хүчээ дайчлан зохион байгуулахын зэрэгцээ ослын шалтгааныг аль болох хурдан тогтоож, хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох хэрэгтэй гэж онцлон мэдэгдлээ.
Ши Жиньпин онцлохдоо:
- Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хэд хэдэн томоохон осол гарсан. Бүх орон нутаг, холбогдох байгууллагууд эдгээрээс гүн сургамж авч, хөгжил болон аюулгүй байдлыг илүү уялдуулан зохицуулж, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын асуудалд үргэлж өндөр сонор сэрэмжтэй байж, төрөл бүрийн эрсдэл, далд аюулыг гүнзгий шалган арилгаж, аюулгүй үйлдвэрлэлийн арга хэмжээг нэг бүрчлэн бодитоор хэрэгжүүлж, онц ноцтой осол гарахаас хатуу сэргийлэн, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг найдвартай хамгаалах хэрэгтэй гэсэн байна.
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян мөн холбогдох үүрэг чиглэл өгч, аврах ажиллагааг бүх хүчээ дайчлан зохион байгуулж, ослын дараах нөхөн зохицуулалтын ажлыг сайтар хийж, хоёрдогч осол гарахаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ ослын шалтгааныг аль болох хурдан тогтоон, хуульд заасны дагуу хатуу хариуцлага тооцохыг шаарджээ. Орон нутгуудад эрсдэлийн доод шугамын сэтгэлгээ болон хамгийн хүнд нөхцөл байдлыг тооцсон сэтгэлгээг тууштай төлөвшүүлэхэд чиглүүлэн ажиллаж, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын эрсдэл, далд аюулыг бүх талаар шалган илрүүлж, хариуцлага болон хэрэгжүүлэх арга хэмжээг чанд мөрдүүлэн, онц ноцтой осол гарахаас хатуу сэргийлэхийг Мөн Төрийн зөвлөлийн Аюулгүй үйлдвэрлэлийн хорооны албад үүрэг болголоо.
Дарга Ши Жиньпиний чухал заавар болон Ли Чяны шаардлагын дагуу Хятадын Онцгой байдлын удирдлагын яам ажлын хэсгээ ослын газарт илгээн ажиллуулж байна. Фүжянь муж мөн хүч хэрэгслийг дайчлан шархадсан иргэдийг эмчлэх, ослын газрын нөхцөл байдлыг зохицуулах зэрэг ажлыг бүх хүчээр зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор холбогдох бүх ажил үргэлжилж байна.
