solongonews
Буриадын тэнгэрт цуурайтсан “Алтан бэхлэг”-ийн дуун
2026-09-21 10:13
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот дахь сурвалжилгын аяны "Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр" цуврал нийтлэл - Нэг



Хонгор салхи сэвэлзэн, Хөлөнбуйрт намар эрт саатжээ.

Өвсний үзүүр үл мэдэгхэн гундаж, номин хөх тэнгэр эх газраас улам зайдсан гэмээр тайвуухан налайж, сэрүүн салхи үе үе үлээнэ.

Эх байгалийн хишиг бүрдэж, малчин ардын магнай тэнийсэн энхийн энэ улиралд манай сурвалжлах багийнхан их Хянганы энгэр хормойд байрлах Хөлөнбуйр нутгийг зорьж билээ.

Тэнгэр дүнсийн бүрхийж, намрын бороо хааяа нэг хоёр дусалсан өглөө бид Эвенх хошууны Шинэхэн зүүн сумын Мөнгөнчулуу багаас сурвалжилгаа эхлүүлэв.

- Хайхан байна уу, артай хиаг минь хагдраагүйд, аралтай Имин минь халтираагүйд Имин голынхоо дэнжээс та бүхнийгээ угтаж байнам, дотогш орогти хэмээн залуу хүн шиг шалмаг хөдлөлтэй жар гаруй насны эгч биднийг хүлээж авав.

Санаандгүй сажилж яваад чихэнд орсон буриад ардын аман билэгт сэхээ орж, үүлтэй өдрийн тэнгэр цэлмэх шиг болоод ирэв. Энэ буурал Хөвтүүд халтай Балжиннямын Дариймаа гэдэг хүн байлаа.

Имин гол зүүн биеэр нь халгиалан урсаж, Баянхошуу овоо холоос сүндэрлэн, Анандын толгойн өвөр дэх хиаг өвс биднийг угтах мэт салхинд найгаж, мангир таана, бутуул сөөг тэргүүтэй энд тэнд харагдана. Шинэхэн нутаг гол горхи, булаг усны эх сурвалж элбэгтэй, өвс хадлан тэнцсэн нутаг байлаа.

Хөвтүүд халтай Балжиннямын Дариймаа Имин голын хөвөөнөө

Биднийг гэрт ороход Уранчимэг гэх үйл оёдолд гарамгай уран эгч мах хэрчин, хоол хийхээр яарч байв.

Сэтгүүлч бүсгүйчүүд маань ч гэрийн эздэд хамжиж хоол цай бэлтгэж, буриад бууз чимхэж сурцгаав.

- Олон ч нутгийн бууз барив. үзэмчин, зарууд, дархан бууз гээд учиртай хоол болох нь ээ гэж Уранчимэг эгч баясан ярина. Дагууд нь буриад дээл гоёлынхоо тухай бидэнд хуучлан ярилаа. Тэрээр буриад дээл хувцасны биет бус соёлын өв тээгч ажээ.

- Буриад дээлийн сүлд нь энгэрийн эмжээртээ байдаг. Өргөн гурван эмжээрийнх нь дээд талын хөх өнгө нь мөнх тэнгэрийг, дундах хар өнгө нь эх газрыг, доорх улаан өнгө нь нарыг төлөөлдөг. Нарыг төлөөлсөн улаан эмжээрт нь догшин буурын зогдрыг томоод шургуулан шаглаж оёдог. Буур гэдэг амьтан хүчтэй учраас муу юм халдаахгүй, аюул барчдаас зайлуулна гэж бэлгэшээдэг юм гэж ярилаа.

Бүсгүйчүүд гал тогоонд яаралдах зуур гадна автомашин ирж зогсон, хөх даалимбан дээл нь хүрэн бор царайдаа гайхалтай зохисон хижээл насны ах машинаас бууж ирэв. Энэ хүн зэргэлдээ Харгана багаар нутагтай, арваад жил нам засгийнхаа халамжид ард олондоо шударга зүтгэн, багийн засаг даргын албыг хашиж явсан Галзууд халтай Намсрайн Гэлэгжамц гэгч байлаа. Өдгөө ажлын чөлөөгөөрөө буриад эмээл урлан хийж, ойр хавийн залуучууддаа уламжлан сургаж яваа хөдөлмөрч нэгэн байв.

 Үйл оёдолд гарамгай уран бүсгүй Заяатын Уранчимэг

Ардын сайхан урлаг, соёлын өв уламжлалаа залуу хойч үедээ өвлүүлэх нандин үүрэг хариуцлагыг сайн дураасаа үүрэглэж яваа эдгээр буурлууд “Алтан бэхлэг” ардын урлагийн бүлгэмийн гишүүд гэдгийг бидэнтэй хамт яваа Лина эгчээс сонссон учраас бишрэн хүндэтгэх сэтгэлээ дарж ядан, үг үйлдэл бүхнийг нь дурандаа буулгах гэж сүүлдэн дагаж явснаа энд нуу юун. “Алтан бэхлэг” ардын бүлгэм хошууны нам засаг, соёлын ордны дэмжлэгээр байгуулагдаад арав гаруй жилийн нүүрийг үзэж, буриадын дуу урлаг, хурим найр, гар урлал, хувцас гоёл, идээ ундаа, үлгэр тууль зэрэг биет бус соёлын өвүүдийг тээж яваа нийт 26 гишүүнтэй болж хөгжсөн ажээ.

-Бидний буриад эмээл суудал сайтай, морины мундааг холгохгүй, нуруунд нь халгүй байдгаараа онцлогдоно. Миний эмээлийн дэвс хос загасны хээтэй. Загас гэдэг чинь нүдээ хэзээ ч аньдаггүй бэлгэтэй амьтан шүү дээ гэж Гэлэгжамц гуай учирлан ярьж байлаа.

Галуун цуваа зэллээд, хүний сэтгэлийн анирыг авсан Имин голын ус угалзлан урсана. Эрэг ирмэгийнх нь чулуутай дэнжийг даган, мөнхийн баясгалант царайтай Дариймаа гуай дуулан алхлахыг харахаар сэтгэл ариусах мэт.

Оргилоо булгийн уснаас

Ундлахын төдийд буугаарай

Орны холыг зорив ч таа

Урьдын л эртийн ёс юм аа …

Ухаа орох цагаасаа л өвөг аав, аавынхаа сайхан дуу, сэтгэлийн халгиаг сонсож өссөн Дариймаа гуай бага балчир насандаа настан буурлууд нь ардын дуугаа дуулах бүр яагаад аньсага нь зөөлрөн, харц нь уярдаг болохыг ойлгодоггүй байжээ. Харин насан нэмэгдэж, үсэн бууралтах тусам яг л тэднийхээ мөрийг мөшгөн, ардын дуундаа хайртай болж ирэхээрээ л дуунаас гардаг тэр их хүч ухааныг ухааран, буриад ардын дуугаа цуглуулах ажилд эргэлт буцалтгүй орсон гэдэг.

Буриад эмээл урлагч Галзууд халтай Намсрайн Гэлэгжамц 

-Би хөдөө гадаа хонь хариулж явахдаа ч, хүйтэн зэлэнд үнээ мал саахдаа ч дандаа ганцаараа дуулаад байдаг. Буриад ардын дууг бараг 200 гаруй бадаг мэднэ. Орны төв Хөххотод очиж урлагийн сургуулийн сурагчдад мартагдаж удсан буриад ардын дуугаа зааж уламжилж байсан удаатай. Буриад ардын дуу сурч цуглуулах “хорхойтой”-г минь мэддэг болохоор найз нөхөд маань ч харсан, сонссон шинэ дуугаа над уруу илгээж өгдөг болсон гэж тэрбээр олзуурхан ярьж байлаа.

Имин голын хөвөөнөөс буцах үет бороо шаагиж эхлэв. Даариймаа гуайн гадаа эгнүүлж барьсан зургаан монгол гэр “Алтан бэхлэг” бүлгэмийн “ажлын фронт” нь байлаа. Дээвэр тогшин пижгэнэх борооны чимээ сонсон бид “Алтан бэхлэг” бүлгэмийн ах эгч нартай монгол гэрт хөөрөлдөн суув. Дариймаа гуайн сэтгэл нь хөөрч, “Би та нартаа өөрийн зохиосон дөрвөн мөрт шүлгээ уншиж өгье” гээд ухасхийн босов.


Алтан нарны туяанд

Ариун Дайт налайна

Аав ээжийн буянд

Аян холыг тойров би.

Анандын өвөр нутагт минь

Алаг жигүүртэн тэнжинэ

Ачтай сайхан багш нар минь

Авьяасаараа манийг хүмүүжүүлнэ.

Уран үг, уянгалаг хэллэг овоолоогүй боловч үг үсэг бүхэн нь сэтгэлээс нь ундарсан нүнжиг борогжуун мөртүүд бидний сэтгэлийн чавхдасыг хөглөж, Ананд гэх тэр л жаахан довцгийн энгэрт “Алтан бэхлэг”-т нь багтан үүр цайлгахад бэлэн болж билээ. Даанч Шинэхэн дэх сурвалжлаг дуусаж, ард нь зөндөө ажил овоорон хүлээж байсан учир аяарлах хэрэгтэй болов.

 “Алтан бэхлэг” ардын урлагийн бүлгэм

Бороон дунд гар даллаад хоцорсон Дариймаа настны бараа машины арын толинд жижгэрэн жижгэрсээр замхарлаа. Яг л ингэж бие өсөж ухаан суух тусам хамгийн хайртай, угаасаа миний л зүрхэн тольтод байдаг оор зүйл маань надаасаа холоод холдоод явах шиг, сүмэлзээд сүмэлзээд замхрах мэт. Ийм л цайлган ард зоныгоо хайрлахаас ч өөр яах вэ. “Наргинхан долгинхон энэ л буриад гэгч хэн бэ” гэх Чойномын шүлэг бодогдон бороотой үдэш бүрэг баргийн дунд хэдэн мөр ой тойнд буунам.

Алсаас сонордох

Аргамаг хөлгийн туурайн чимээ

Арван зууны тэртээх

Алдаж онож , гуньж бараалж явсан

Өвгөдийн минь буурал түүхийг шивнэнэ

Газар дэлхийгээс чамайгаа эрэхэд

Гурамсан тасарсан улаан зүрхний минь хэлтэрхий

Нүднээс минь мэлтгэнэсэн халуун нулимс

Ижлээ эрсэн нүүдлийн шувуудтай хамт

Намрын тэнгэрт замхарна.

Намартаа сэрүүн миний буриад,

Нарнаас ойрхон сэтгэлийн минь өлгий.


Редактор : С.УРЬХАН
Сэтгүүлч : Э.ТЭРГҮҮН, ХАНЬ ХУНШЯ, С.УРЬХАН
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл