solongonews
Үлгэрт мөнхрөх сөөхий гутал
2026-09-24 11:13
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот дахь сурвалжилгын аяны "Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр" цуврал нийтлэл - хоёр





Даалин түрийтэй сөөхий нь

Давхар найман угалзтай

Давхар найман угалз нь

Дариймаа ээжийн хуруу даа …

Уран бүсгүйн ур ухааныг гайхуулсан олон давхар угалзтай уламжлалт сөөхий гутлаа өшиглөсөн Алтангургалдай гуай хөсөг тэрэгний арал дээр хөлөө ачин сууж, хоолой чичрүүлэн “Сөөхий гутал”-аа аялна.

Шарнууд халтай Толийн Алтангургалдай ба түүний урласан сөөхий гутал

Хуучин баргачууд бараг бүгд мэддэг энэ дуу аль эрт Манж Чингийн үеэс эхлэн дэлгэрчээ. Нэгэн барга эр дайнд яваад эх нутгаа санахын дайтай эгчийнхээ оёсон сөөхий түрийтэй гутлыг хараад ингэж дуулсан гэх домог бий.

Дуу хуур, домог үлгэрт мөнхөрсөн энэ гутлыг нутгийнхан “хөөхий гутал”, “хөм гутал” ч гэдэг. Нутаг амьтай хуучин Баргачуудын соёлын өв уламжлал болох энэхүү гутлыг урлаж оёх ур ухааныг өвлөн тээгч Шарнууд халтай Толийн Алтангургалдай гуайг сурвалжлахаар бид нар ханын толгойг шүүрэхийн алдад Хайлаар хотоос Хуучин Барга хошууны төв Баянхүрээ сууриныг чиглэж билээ.

Биднийг хүрэхэд Алтангургалдай настан түрээсний жижиг байрдаа гутал урлаад сууж байв. Үг дуу цөөнтэй, зовхи нь бууж хавагнан, ухархайдаа хонхойн ширгэсэн хурц нүд нь цаанаа л нэг гялалзан “хөдсөн дээл хөм гутал хоёрыг хүнээр битгий заалга” гэж хатуу ярих мэт. Бид тэндээс настны хамт хөдөө амьдардаг түүний том охин Будвалын гэрийг зорив.

Талын шар замаар цаг гаруй тоос татуулан давхиад, манхан хөндийд орлоо. Энгүй уудам талын дунд цайран бүртийх энэ манхыг “Бартаагийн цагаан” гэдэг гэнэ. Мод бургас, харгана бутаргана сүглийн ургаж, хээрийн амьтан хааяа хэрэн өнгөрөх “Бартаагийн цагаан” яах аргагүй унаа шалгаж байлаа.

Бартааг туулаад дахин хэсэг явж Холбоо нуурын хөвөөнд байрлах Хорголжийн хөндийд хүрч, зорьсон газар болох Хөхнуур суурины Харнуур багаар нутагтай Будвалын гэрт буувай.

Гэрийн эзэд гутал урлах бэлтгэл ажилдаа орж, гэрийн гаднаа яаралтай ажиллана. Малын арьсыг уламжлал ёсоор элдээд, модон тэрэгний хүрдэнд хэдэнтээ мушгиж, нарсны мөчрөөр гал түлэн арьсаа утаж, шаравтар өнгө суулгаж байлаа. Алтангургалдай их охиныхоо сууцанд “Үндэстний уламжлалт хувцас гоёлын хоршоо”-г байгуулж, өөрийн оёсон зуугаад сөөхий гутал болон барга хувцас гоёлоороо үзэсгэлэн бүтээжээ.


Сөөхий гутлыг оёход хонь үхрийн арьс, цагаан даавуу, хилэн, сарьс, үхрийн шөрмөс зэрэг бор материал шаардана. Гараар элдсэн хөмөөр ул хийж, өвлийн хүйтэн улиралд бол хонь ямааны арьсаар, зуны дулаан цагт бол цагаан шаргал өнгийн бөсийг дөрөв давхарлан ширж, үхрийн шөрмөсөөр бэхлэн оёсон түрий хийдэг. Үхрийн шөрмөс сунаж авчих уян чанартай тулд усанд норж, халуунд хатаж, хүйтэнд авчдаггүй ажээ. Гутлын түрийний дээгүүр нимгэн хөдсөнд ногоон будаг суулгасан эмжээр эсвэл хар хилэн, хоргой зэргээр хөвөөлж, шигшиг найман угалз, үүлэн хээ, эрвээхэй угалз, тэмээлзгэнэ цэцэг, авдрын хээ, гурвалжин бал зэргийг шаглаж оёод дотор нь эсгий оймсыг эрээн бүсээр хөвөөлөн өмсдөг байна. Эрэгтэйчүүдэд ерөнхийдөө үүлэн хээгээр, бүсгүйчүүд нь эрвээхэй угалзаар чимж ялгардаг. Нэг гутлын түрийг ширэхдээ 40 мянга гаруй зүү хатгадаг гэж бодохоор үнэхээр хөдөлмөр тэвчээр шаарддаг үйл оёдол гэлтэй. Сөөхий гутлыг өмсөөд явахад хөнгөн мөртөө мялгар бөөрөнхий хамар нь газрын хөрсийг хатгаж онгичихгүйн учир малчин ардын минь байгаль дэлхийгээ эвийлэн хайрлах зан журам гүн шингэсэн байдаг.

Алтангургалдай гуай үе дамжсан уран оёдолчин юмсан. Арван хэдхэн наснаасаа ээжээ дагаж үйл оёдолд чангарч, 1997 онд багшийн ажлаасаа дархлагдан, хориод жилийн турш нэгэн үзүүрт сэтгэлийг барьж сөөхий гутлаа уламжлан дэлгэрүүлэх үйлсэд зүтгэжээ. Түүний зулай зулайгаа гишгэж төрсөн гурван охин нь бүгд ээжийнхээ үйлийг мөрдөж, мөн уран оёдолчин болцгоожээ. Алтангургалдай гуай бага охиныхоо хамт урлан бүтээсэн сөөхий гутал нь 2015 оны 09-р сард Данмарк улсад болсон соёлын үзэсгэлэнд дэлгэгдэж, баргын уламжлалт гутлыг дэлхий нийтийн хараанд таниулан, хүмүүсийн бахархлыг татсан байлаа.


“Үндэстний уламжлалт хувцас гоёлын хоршоо”-д нь дэлгэж буй олон олон гутлын дундаас эрвээхэй угалзтай хуучин янзын нэгэн том сөөхий гутал яах аргагүй хараа булааж байлаа. “Оросын Эрхүү хотын музейгээс олж хараад дуурайж хийсэн юм, зуугаад жилийн өмнө гадаадын жуулчид барга нутгаас олж аваачсан байх учиртай” гэж Алтангургалдай гуай танилцуулав.

- Сөөхий гутал гэдэг зөвхөн гоёлын эд бус, харин таван хошуу малын маань ашиг шимээр бүтсэн, байгаль дэлхийдээ ээлтэй уламжлалт соёл байгаа юм. Улс орноос биет бус соёлын өвийг уламжлуулан түгээх ажлыг хүчтэй дэмжиж байгаа цаг үед бид зүү бүхэнд сэтгэлээ шингээж, утас бүхэнд нь ухаанаа ургуулан энэ сайхан гутлаа үеийн үед өвлөн уламжлах ёстой гэж тэрээр сэтгэл догдлон ярина.

Тэдний тансаг сайхан тоосгон байшингийн гадна жигдрүүлэн босгосон хулсан бүрээстэй монгол гэрт бид тухлан суугаад Алтангургалдай гуайн гарын хоол гурилтай шөл хүртэв. Хуучин баргачууд халуун улиралд хулсан бүрээстэй гэрт суудаг нь хэзээний уламжлал ажээ. Үүнд “чиг” ба “хаац” гэж хоёр хэсэг байдаг бөгөөд чигийг нь чигчийн чинээ нарийн бургасыг хялгасан ширхгээр орхиж бүтээн, туурга болгон ашигладаг. Харин хаац нь хулсны завсраар бургасыг тоо тааруулан хавчин оёод ханын дотуур тойруулан уядаг байна.

Гэрийн хаалгаар гадагш харахад нар орой дээр хөөрч, чөрхлөн холбосон хасаг тэрэгний арал дээр хэдэн болжмор суугаад биднийг харан харан шулганах мэт.

Хуучин баргын хөсөг нүүдэл бидний зүрхийг хөтлөн, үлгэрийн аяны буурал хасаг уулстай хамт дэргэд минь суух мэт. “Таны заяа болсон бол талд нь ороод гүйцээрэй, манай заяа болсон бол манан хүдэн татаарай” гэж дуулсан “Баян баргын манаа” холоос дуулдах ч юм шиг …

Редактор : С.УРЬХАН
Сэтгүүлч : Э.Тэргүүн, С.Урьхан, Хань Хуншя, С.Шархүү
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл