Үүрийн гэгээтэй уралдан бороо шаагиж эхлэв. Замын хажуугийн цагаан хусан модод жигдрэн найгаж, цаанах уулсын оройгоор өтгөн манан хөшиглөн, Хавар голын урсгал бороон дунд арлан туналзах нь холоос харагдана. Намрын бороонд жиндүүлсэн гүн тайгын дундуур бид Гэгээн голыг чиглэн аяллаа.

Тэнгэрийн амьтан гэмээр эрхэмсэг сүрлэг цаа буга, цаатан Эвэнкчүүдийн амьдралтай танилцах хэмээн тэсэн ядан оргилсон сэтгэл маань бидэнд аяны холыг мэдрэх зай өгсөнгүй.
Эрт урьд цагт Нямсамбуу нэртэй эрхий мэргэн анчин энэ л гүн тайгад аж төрөн амьдардаг байсан гэдэг. Нэг өдөр ар газраас арван хоёр толгойтой арзгар хар мангас ирээд тайгыг бүхэлд нь залгих гэсэнд анчин саадаг нумаа үүрээд мангастай байлджээ. Хамгийн эцсийн сумаа харваж дуусаад догшин мангасыг дарж чадсан боловч анчин өөрөө ч хүнд шархадсан гэнэ. Үүнийг мэдсэн уулын буга амандаа билэгт дэлдүү зууж ирээд анчны амийг аврахыг хараад хээрийн амьтад хойно хойноосоо цувран ирж, бугад цахирмаа цэцгийн малгай, хус модны хүрэм өмсгөсөнд тэр даруй үхрийн туурайтай, тэмээний хүзүүтэй, илжигний сүүлтэй цаа буга хувирч үеийн үед цаатнуудад үйлчлэх болсон гэнэ.
Сайхан үлгэрт ивээгдсээр бид “Олгуяа” хэмээх бугатай хөшөөг өнгөрөөд Гэгээн голт хүрч ирэв. “Бороотой боловч болзоондоо, хуртай боловч хугацаандаа” гэдгээр үдээс хойно шиврээ бороо дундуур Жюэлэ гэх нэртэй цаатан залуугийн цаа бугын эдлэнд очив. Энэ цаатан залуугийн нэр нь монголоор “Чулуу” гэдэг утгатай эвэнк үг юм байна. Дунд зэргийн хүдэрлэг биетэй, саравчтай хүрэн малгайг доош дарж, бугын арьсан ханжаар өмсөн, нүдний шилээ байн байн дотогш түлхэн инээмсэглэж явах энэ залууг харахад тайгын гүн дэх цаатан гэхээсээ илүү цагаан цамцтай эмч домч болов уу гэмээр. Харин хашаандаа орж сурамгай хөдөлмөрлөийг нь харахаар яах аргагүй энэ тайгын эзэн нь юм даа гэх хүндэтгэл сэтгэл төрж байлаа.

Жюэлэ энэ жил 45 настай. Өөрөө эмчийн мэргэжил сураад Бээжин хотод найман жил ажилласны дараа Гэгээн голдоо буцан ирж, ээждээ туслан цаа бугаа маллах болсон гэдэг.
- Бээжинд байсан хэдэн жил санаа сэтгэл ерөөс тогтворгүй, цаа бугын хонх үргэлж чихэнд хангинаад л, эчнээ цаанаас сүнсийг минь даллах шиг, тэгээд хөл хөдөлгөөн ихтэй их хотыг орхиж гүн тайгадаа буцан ирсэн дээ хэмээн цаатан залуу дурсан ярилаа.

Цаа буга гэдэг маш мэдрэмжтэй, сэргэлэн амьтан гэдгийг Жюэлэ мөн сэтгэл догдлон ярьж билээ. Хичнээн хол явсан ч гэрээ олоод ирдэг, харийн газар аваачсан ч нутгийнхаа уснаас өөр усыг уудаггүй ариун тэнгэрлэг амьтан. Жюэлэ нэг удаа ойд явж байгаад эхээсээ өнчирсөн нялх хугаш олж, гэртээ авчраад тэжээсэн байв. Ээж нь ах, дүү хоёрт бугаа өгөх үед түүний олсон тэр хугашийг ахад нь өмчлүүлж өгчээ. Долоон жилийн дараа нэг өдөр Жюэлэ ой дундуур явж байгаад төөрчхөв. Тэр сандрахдаа “Эмүге … эмүге …” гэж их дуугаар хашхирав /Эвэнк цаатнууд бугаа ингэж дууддаг аж/. Гэнэт хонхон дуун дуулдаж түүний тэжээсэн цаа буга домгийн юм шиг харайн гарч ирлээ. Үнэрлээгүй удсан боловч эзнийхээ дууг таньсан цаа дэгдэн цовхчиж гарав. Жюэлэгийн нүдэнд халуун нулимс бүрхэн эхэр тэдэн уйлжээ. Хүн амьтны хоорондох хайр гэдэг ийм л энгийнх атлаа агуу буюу. Тэгээд цаа маань эзнээ дагуулж гүн тайгаас гарсан гэдэг. Бас нэг удаа Жюэлэ цаа бугаа бүртгэхэд нэг манжиг нь дутсан юм гэнэ. Гэнэт цаана хөтөл дээр нөгөөх манжиг нь түүнийг хараад үе үе урамдаад байжээ. Жюэлэ түүний дэргэд очиход тэр манжиг өмнө нь гүйгээд байн байн эргэн харж, түүнийг дагуулан юу нэг эрэх мэт сандарч байв. Тэр манжгийг дагаж нэлээд яваад шийрээ хадны завсарт хавчуулчихаад гарч чадахгүй тэлчилж байсан хугашийг нь олсон гэнэ. Энэ мэт цаа буга, цаатнуудын хоорондох үлгэрийг үнэхээр хэлээд баршгүй, уудлаад дуусашгүй ажээ.
XVII зуунаас эхлэн цаатан Эвенкчүүд Оросын Байгал нуур, их Хянган нурууны умард нутгаас өнөөгийн нутагт нүүдэллэн ирж амьдарчээ. Эртний хятадын “Лян улсын бичиг”-т “Буга маллах нь үхэр маллахтай төстэй бөлгөө” гэж анх ойн иргэдийг тэмдэглэсэн байдаг. Олгуяа үндэстний шянд өдгөө Эвенк үндэстэн 316 хүн, цаатнууд 211 хүн амьдарч, цаа буга 1400 гаруй толгой маллаж байна. “Дэлхийн цаа буга маллагчдын холбоо” 1990 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, Орос, Хятад, Норвеги, Финланд зэрэг 9 улс орны цаа бугын малчид нэгддэг аж. 2008 онд Эвенк цаатнуудын цаа буга маллах соёл нь Хятад улсын үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгэгдэн, хамгаалалтад оржээ. Сүүлийн жилүүдэд чоно, баавгай зэрэг зэрлэг амьтан хөвчид ихээр нэмэгдсэнээр цаа бугын тоо толгой ч өдөр ирэх тусам хорогдсоор байгаа нь харамсалтай .


Бидний сурвалжилга дуусахад бороо ч намдав.
Гэнэт цаа бугын хонх дингар дангар дуугарч гүн тайгын нам жимийг эвдлээ. Хөвч дүүрэн нарсны шилмүүсний хаг чийгийн үнэртэй сэнгэнээд, Жюэлэгийн цаа бугын сүрэг хотондоо иржээ. Хонхон дуун гүн тайгын сүнс мэт алс хязгаарт хэн нэгнийг хүлээж удсан мэт цуурайтна.
Бид Жюэлэтэй хамт цаа буга тэжээв.

- Миний эдлэн хотоос ойрхон болохоор жилдээ олон жуулчид ирнэ. Одоо би бугаа хашаалж маллах ба үүлдрийг нь сайжруулахаар туршин ажиллаж байна. Ноднин жил засгийн талаас ОХУ-тай хамтран ажиллаж, тэндээс 100 гаруй этэр цаа оруулан, энэ жилээс цааны үүлдэр сайжруулахаар хэлэлцсэн гэсэн. Тэгвэл бидэнд их тус болох нь гэж тэрээр цаанууддаа нойтон шилмүүс хаяж өгөхийн дагуу ярина. Наран жаргах үеэр бид тэндээс мордлоо.

Удаан шивэрсэн намрын бороонд дэвтэж, тарлан цоохор болсон замаар бид чийглэг агаар амьсгалан бууц уруугаа хурдлав. Зам зуур хятад зохиолч Юй Зижяний “Эргүнэ голын баруун эрэг” ном дахь үгс санаанд буусаар байлаа. Тэр номд “Зам ерөөсөө байхгүй үед бид төөрдөг. Одоо олон зам нүдэн өмнө дурайхад би мөн чиглэлээ олохгүй. Одон мичид анивчихгүй давчуухан өргөөнд би унтмааргүй байна. Аль язгуураасаа бид оддын туяанд цаа бугынхаа хонхон дуунд бүүвэйлэгдэн нойрсоод сурчихжээ. Биеийг минь, оюуныг минь далдын тэр шидэт хүчин олгосон, гүн тайгадаа байсан бол би дахиад тэр далд хүчээ чамдаа юүлэх юмсан. Үнэхээр би одоо хаашаа одохоо мэдэхгүй байна” гэж бичсэн байна.
Гадаа бороо шаагисаар. Цаа бугын хонх чихэнд хангинах мэт. Гэгээн голын бороо үнэхээр олон зүйлийг бодогдуулаад нойрыг минь хулжааж байлаа.
