solongonews
“Хөгжүүн булаг”-ийн дэнжээс хөвөрч хөгжсөн хилийн хот
2026-10-21 15:13
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот дахь сурвалжилгын аяны "Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр" цуврал нийтлэл - тав

Хайлаар голыг өгсөн, Хуучин Баргын уудам талыг туулж, баруун хойд зүгийг барин 200 километр яваад Хятад, Монгол, Орос гурван улсын хилийн уулзварт байрлах Манжуур хотод хүрдэг.
 
Өрнийн хүчит салхи алс Сибирийн их талыг туулан Хятадад хүрч ирэхдээ шарсан талхны анхилам үнэр, утсан хиамны тослог амт, дизель түлшний холын утааг авчирчээ. Энэ хот хэдий жижигхэн боловч гурван орны харилцааны судас, Европ Азийн арилжааны холбоос дээр оршдогоороо өдөр ирэхүйеэ өөрчлөгдөн хөгжиж, өөрийн гэсэн тогтмол төрхөө бүрдүүлжээ.


   
Хоёр жарны тэртээх “Хөгжүүн булаг” нэртэй, харз булаг, нуур усан ихтэй өнсөг бэлчээрт энэ нутагт ган төмөр зам, галт хурдан тэрэг байтугай, хот суурин ч байгаагүй. 1896 онд Манж Чин улс, Цагаан хаант Орос харилцан туслалцах гэрээ байгуулж, Хятадын зүүн төмөр замыг барих эрхийг Цагаан хаант Орост олгосон бол 1901 онд төмөр зам тавигдаж, өртөө баригдсан. Оросын инженерүүд уг өртөөг
“Маньчжурия” гэж нэрлэн, хятад ханзаар “Мань Жөү Ли” гэж үсэглэснээр Манжуур гэдэг энэ хотын түүх эхэлсэн бөлгөө. Ийнхүү булаг шандтай нутаг галт тэрэгний исгэрэх дуугаар хөгжлийн шинэ түүхээ сөхжээ.

 
“
Сайхан хүнс хүний сэтгэлийг дагадаг”

“Зүүн Азийн цонх” хэмээгдэх Манжуур хотыг хүмүүс матрешка хүүхэлдэй, хлеб талх, хиам зэрэг “гурван эрдэнэ”-ээр төсөөлдөг. Тэр үнэн, энэ гурван эрдэнэ яах аргагүй энэ хотыг “амилуулжээ”. Матрешка хүүхэлдэй бол түүний зүрх сэтгэл, талх бол араншин, хиам бол чөмөг нь гэлтэй.
 
Манжуур хот дахь бидний сурвалжилга үүрийн таван цагаас эхлэв. Сүнь Юйлүнгийн “Маньчжурия хлеб талхны дэлгүүр” үнэгэн харанхуйгаар өрхөө сөхдөг гэхэд илүүдэхгүй. Исгэж зуурсан талхаа зууханд хийж, улаан буудайн анхилуун үнэрээр нарны гэгээг тосдог байна. Сүнь Юйлүн
“Сайхан хүнс хүний сэтгэлийг дагна” гэж байнга ярьдаг нэгэн. Тэрээр 2015 оноос эхлэн энэ үйлдвэрээ ажиллуулж, Оросын уламжлалт хуучин жорыг баримтлан идэх тусам зажлууртай, хөрс нь хатуу, гурил нь зөөлөн хлеб талх хийж эхэлжээ.
 
-Би Манжуур хотын боломж нөхцөлд суурилан, Орос, Монгол хоёр улсын эх баялагт түшиглэж, бүтээгдэхүүнээ Хятадын дотоодын зах зээлд борлуулдаг. Хиам, талх, жигнэмэг зэргийг хамарсан Орос маягийн цэвэр, тэжээллэг, органик, амттай хүнсийг дотоодын хэрэглэгчдэд хангах бол манай үйлдвэрийн зорилго гэж Сүнь Юйлүн ярилаа.

 “Маньчжурия хлеб талхны дэлгүүр”-ийн захирал Сүнь Юйлүнгийн

 
“
Сайн бүтээгдэхүүн өөрөө замаа олдог”

Олон жилийн өмнө ахлах сургуулиа дөнгөж төгсөөд аавыгаа даган ажил хийхээр нутгаасаа гарсан нэгэн цагаач ажилчин хүү Манжуур хотын гудамжаар алхалж явжээ. Манжуур хот нь түүнд гадаад оронд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Готик хэв маягийн барилгуудын шовх орой тэнгэр шөвөгдөн сүндэрлэж, орос бичигтэй хаяг хаа сайгүй харагдана. Тэрээр нэгэн орос ресторанд орлоо. Меню дээрх үнийг хараад нүд нь орой дээрээ гарах шахав. Эцэст нь ганцхан ширхэг утсан хиам, нэг зүсэм талх захиалжээ. Зөөгч гүн улаан өнгийн хиам авчрахад хүү алмайрч орхив. Хиам нь бараг түүний царвуу чинээ бүдүүн бөгөөд утсан махны таатай үнэр ханхлуулж байлаа. Амсаад үзэхэд сармис, махны сайхан амт толгойн оройд нь тултал нэвт мэдрэгджээ. Багадаа Цагаан сараар л иддэг байсан хиамнаас хамаагүй амттай санагдаж байлаа.

- Энэ хиамыг хаана үйлдвэрлэдэг юм бэ? гэж хүү хажуугаар нь өнгөрөх зөөгчөөс асуув.

- Оросоос импортолдог юм. Нэг ширхэг нь 50 юань гэж зөөгч хариулав.

Хүүгийн зүрх хүчтэй цохиллоо. Тэрээр нутгийнх нь гахайн мах кг бүрдээ хорь гаруйхан юань байдгийг санав. “Хэрэв ийм амттай хиамыг өөрөө хийж чадвал...” гэх бодол гялсхийн орж иржээ. Энэ л бодол түүний насан туршийн ажил үйлсийнх нь суурийг тавьсан байлаа.

 
Тэр хүү “Хакс” брэндийг үүсгэн байгуулагч Ван Жяжюнь байсан юм. Тэрээр мөрөөдлийнхөө төлөө орос ресторанд олон жил тоогоочоор ажиллахын дагуу суралцаж, 1994 онд анхны орос хоолны газраа ажиллуулан, 2013 оноос
Петровна гэгч орос эгчтэй хамтран хиам хийх мөрөөдлийн замаа өлгөж, хоёр жилийн шаргуу чармайлтаар дамжин “Хакс махны бүтээгдэхүүний үйлдвэр”-ээ байгуулжээ. Уламжлалт үхрийн махны утсан хиамыг орчин үеийн стандарттай амжилттай хослуулж чадсан “Хакс” брэнд нь өдгөө Хятадын зах зээл дэх орос маягийн хиамны брэндүүдийг “ноёлох” болжээ. “Сайн бүтээгдэхүүн өөрөө замаа олдог” гэж үздэг Ван Жяжюний бизнесийн үзэл баримтлал нь “Хакс” брэндийг өнөөдрийн хөгжилд хүргэжээ.

 “Хакс” брэндийг үүсгэн байгуулагч Ван Жяжюнь

 
Хөгжлийн хөтөч буюу хил дамнасан төмөр зам

Манжуур хотод хөлжиж хөгжсөн эдгээр хүнсний үйлдвэрүүдээс гадна энэ хотын хөгжлийг хөглөгч бас нэгэн хөдөлгөгч хүчин бол яах аргагүй Ази Европыг холбосон төмөр зам юм. Хотын нэрийг төрүүлж байсан анхны “Маньчжурия” өртөөнөөс өнөөдрийн Хятад, Европ чиглэлийн хил дамнасан төмөр замд хүртэлх зам тээврийн дэд бүтэц нь Манжуурын үе үеийн хөгжилд лут их хувь нэмрээ оруулсаар ирсэн.
 
2026 оны эхний хагаст гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 15.85 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ их тоон үзүүлэлтийн ард Хятад, Европ чиглэлийн бух тэрэг “чимээгүйхэн
” давхисаар. 2026 оны эхний хагаст тус чиглэлийн ачааны галт тэрэг Манжуур боомтоор нийт 2568 удаа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.7 увиар нэмэгдсэн байлаа. “Хятадад үйлдвэрлэсэн” олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг энэ л замаар Европ уруу зөөж, буцахдаа боловсруулсан хөнгөн цагаан материал зэргийг тээж авчирдаг утаа баагиулан хилийн дээс дамнах эдгээр галт тэргийг хараад та Манжуур хот төмөр замаараа цаг хугацааг хэмжиж байгааг гэнэт ухаарах болно.

Шөнийн Манжуур

 
Сүнь Юйлүнгийн талх, Ван Жяжюний хиам, худалдааны чөлөөт бүс, Хятад, Европ чиглэлийн галт тэрэг зэрэг нь өөр өөрийн хөгжлийн замаараа урагш ахисаар байгаа мэт боловч бие биедээ үүрлэсэн олон давхар матрешка хүүхэлдэй мэтээр харилцан нягт холбоотой байдаг. Тэд гадагшаа Европ Ази уруу чиглэж, дэлхийн урсгалд нэгддэг бол дотогшоо амь амьжиргааны чавхдасыг хөглөж, хөдөлмөрийн гоо сайхныг эгшиглэн аялна.
 
“
Москва нулимсанд дургүй” гэдэг бол Манжуурын нулимс алга дарам талханд шингэж, утсан хиамыг дулаацуулан, үүрэн хүүхэлдэйгээ өхөөрдөж дотогшоо урсаж байдаг буюу. Манжуур хотын хөгжил хилийн дээс давж, гэгээн алсыг зорин, эх орныхоо цэцэглэлтэд хүчээ сойх урт аяндаа гарлаа.
 
Хил бол төгсгөл бус, харин эхлэл юм.


Редактор : С.УРЬХАН
Сэтгүүлч : Э.Тэргүүн, С.Урьхан, Хань Хуншя, У.Гялбаа, Б.Сод
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл