Намар саатаж, сэрүү унах шинж бүрдсэн хэдий ч Хэрлэн голын эрэг хөвөө дагуу шигүү ургасан бургасан төгөл номин ногоон өнгөөрөө нутгаа чимж багсайна. “Наадмын дараа намар” гэдгээр наадам дуусахгүй л бол намар саатахгүй байгаа болов уу гэмээр.
Нар тунаран, салхи сэвэлзэж, хөдөө тал баяр хөөр, инээд цалгианаар бялхсан энэ өглөө Хэрлэн сумын наадам нижгэр сайхан нээгдлээ. Өнгө өнгийн хадаг намируулж, хийморь сэргээсэн уриа дуун дор ижилсүүлэн гоёсон барга дээлтэй олон сайхан хосууд ганган хүлэг мориндоо мордон, инээд хөөртэйгөөр наадмын талбайг зорих нь нүд баясгаж, сэтгэл сэргээнэ. Хүлэг морьдын дэл сүүл салхинд намилзаж, эзэд нь морьдынхоо өнгө зүсэм, явдал суудлыг бахархан гайхуулах нь наадамд чимэг нэмнэ.

Хэрлэн сумын малчин Тэмцэлт гэргий Мяндармаагийн хамт
Наадмын талбайн захад түр дэлгүүр, худалдааны асар эгнэн босож, хүмүүс нааш цааш холхин, хэрэгтэй зүйлээ худалдан авч, амттан шимттэнээс хүртэн, танил нөхөдтэйгөө тааралдаж хууч хөөрнө. Хүүхдүүдийн инээд цангинаж, хөгшид залуусын царайд баярын мишээл тодрон, хаашаа ч харсан өнгө жавхаа, баяр баясал, монгол ахуй соёлын уужим дулаан уур амьсгал сэнгэнэх нь сайхан.
Энэ дундаас бидний зорьж ирсэн нэгэн эрхэм, Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны Хэрлэн сумын уугуул, малчин Тэмцэлт гуай гэргий Мяндармаагийн хамт онцын тод харагдаж байлаа. Гурваар дарсан алтан шар эмжээртэй хөх даалинбан барга дээл, хүрэн хонгор мориороо ижилсэн гоёсон тэд хоёрыг сэтгүүлч хэдүүл “сүүлдэн дагасаар” байж үдээс хойш гэрт нь хүрч тухлахаар товлов.
Хэрлэн голын сав нутаг гэж байгалийн үзэсгэлэн, малчдын амьдрал, эх дэлхийгээ хайрлах сэтгэл нэгэн дор цогцолсон сайхан нутаг байлаа. Хэрлэн гол хэвлээ дүүргэн мяралзан урсаж, хоёр эргээр нь бургас зэгс багшран, бод малын нуруу харагдахааргүй өндөр ургасан өвс ногоо салхины аясаар найгаж, ганган байгалийн амгалан төрхийг улам чимнэ.
Энэ л үзэсгэлэнт нутгийн элгэнд Бүргэр уулын хойд хормой, Хэрлэн голын өмнө дэнж дэх Гэртийн хошуу хэмээх өндөр далантай газарт хоёр давхар тансаг байшинтай, хоточ таван банхар нохойтой Тэмцэлтийнх амьдардаг. Тэд мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ Хэрлэн голынхоо эрэг дагуулан бургас мод тарьж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж яваа нь сайшаалтай.
Биднийг хүрэхэд Тэмцэлт гуай хоточ банхраа хориод зогсож байв .Түрүүхэн тэдний банхар нь таван хээрийн чонотой тэмцэлдэн, хотоо амар мэнд хамгаалж үлдсэн бичлэг зургууд цахим ертөнцөөр цацагдаж байсан.
Хурдан хүлэг олон төрүүлдэг энэ нутагтаа цуутай уяачийн нэр өргөсөн Тэмцэлт 1993 онд гэргий Мяндармаатайгаа ханийн заяа холбож, хоёр сайхан охинтой болжээ. Тэднийх олон сүрэг адуу, зуугаад үхэртэй, хонио айлд хотлуулаад хоёр давхар байшин барьж, нутгаа хотойтол суусан өнөр өтгөн айл байлаа. Тэрээр 1995 оноос ааваа даган голын эргийн хөрсийг тогтворжуулахаар бургас тарьж эхэлсэн бол дараа нь охидоо дагуулан үргэлжлүүлж тарьсаар өнөөг болоход үнэг чоно, торго тарвага зэрэг хээрийн амьтан сүлжилдсэн сахлаг “бургасан шугуй”-тай болж, гурван үеийн хүний итгэл сэтгэлийн ногоон сахиаг бүтээжээ.

- Бургас ихтэй бол хур бороо элбэг гэж аав минь үргэлж ярьдаг байлаа. Одоо болоход 400 гаруй мү /ойролцоогоор 27 га/ бэлчээр, голыг дагасан 2000 гаруй метр эрэг тохой газар бүгд бургас болж ногоорлоо. Хавар болгон цаг зав гаргаж охинтойгоо хамт бургас зайлж байна. Голын эргийн хөрс тогтворжиж, нурахаа ч байжээ. Хүүхдүүд маань ч эх байгалиа хайрлах ухааныг сураг гэж бодон тэднийгээ дагуулж ажилладаг гэж Тэмцэлт гуай бургасан төглөө харж бахархан ярилаа. Хэрлэн голын эрэгт ургасан бургас бүхэн Тэмцэлтийн гэр бүлийн гурван үеийн сэтгэл, зүтгэлийн гэрч гэлтэй.
Хэрлэн гол Монгол Улсын Хан Хэнтийгээс эх авч мяралзан урссаар Хөлөн нуурт цутгадаг ба нийт 1264 километр урт, 7153 хавтгай дөрвөлжин километр сав газартай байдаг. Эрт эдүгээг холбосон энэ голын ус мөнхийн гүн нөхөрлөл, мөрний намуухан шуугианаараа Хятад, Монгол хоёр хөршийг холбож, мартагдашгүй дуртгал, мандаж явсан дурсгал болж гялалзана. Тиймдээ ч байгаль дэлхийгээ хамгаалах бол нийгэм, байгаль, техникийн ухаан зэрэг олон салбарын мэдлэг, холбоос, харилцан уялдаа дээр түшиглэдэг өргөн цар хүрээтэй нийтийн асуудал юм. Энэ бүгдийн цаана Тэмцэлт шиг үг дуугүй, нэг л сэтгэлээр Хэрлэн голынхоо байгаль орчныг амь насаа мэт хамгаалан, шаргуу хөдөлмөрөөрөө ирээдүй хойч үедээ дуурайл болж яваа мянга мянган жирийн хүмүүс байдаг нь гарцаагүй.

- Байгаль гэдэг амьтай, мэдрэмжтэй гэж би боддог. Бид голоо хайрлаж, эрэг ирмэгийг нь нурахаас хамгаалан бургас мод тарьж байна гэхэд энэ нутаг маань биднийхээ сэтгэлийг мэдсэн юм шиг бороо хураа хайрлаж, өнтэй жилийг өгдөг юм. Тэгээд эхэлж тарьсан бургас маань эдгээд өсөөд ирэхээрээ өөрөө үрээ цацдаг юм байх, дараа жил нь бидний тарьснаас хамаагүй олон болж тэлээд байдаг юм билээ. Тэгэх тусам энэ нутагтаа хайр хүрээд байдаг гэж Тэмцэлтийн гэргий Мяндармаа догдлонхон ярилаа.
Тэдний өнөөдөр суулгасан нялх бургас маргааш үндсээ гүнзгий тэлж, хөрс шороог бэхлэн, араатан амьтан, нүүдлийн шувуудын хоргодох орон зай болж, голын эргийн ногоон хамгаалалт болон бэхэжсээр.
Тэмцэлтийн гэр бүлийн энэ мэт эгэл атлаа эрхэм үйлсээс малчин хүний байгальтайгаа хүйн холбоотой амьдрал, эх нутгаа гэсэн чин сэтгэл тодхон харагдана. Хэрлэн голын ус үеийн үед тунгалаг урсаж, бургасан төгөл нь салхинд шуугин, тал нутгийн үзэсгэлэн улам бүр дэлгэрэхэд ийм л хөдөлмөрч, сэтгэлтэй хүмүүсийн хувь нэмэр шингэсэн байх учиртай. Байгалиа хайрлана гэдэг үгээр бус, өдөр бүрийн хөдөлмөр үйлдлээрээ эх дэлхийдээ өгч буй хамгийн сайхан бэлэг билээ.

Гэртийн хошуунаас аяарлаад бид Шинэ Барга Баруун хошууны төв Алтан-Эмээл сууринд хүрэхэд тус хошууны Суртал ухуулгын албаны дэд дарга Содхүү биднийг дагуулан Экологийн ордонд дэлгэгдэж буй “Хятад, Монгол, Орос гурван улсын экологийн сэдэв бүхий гэрэл зургийн үзэсгэлэн”-г сонирхуулав. “Зураг түүх өгүүлдэг” гэдэг. Энэхүү үзэсгэлэнгээс гурван орны олон жилийн нөхөрлөл тодхон харагдаж байлаа. Хөрсөнд нахиалсан энхийн цэцэг шиг хөршийн нөхөрлөл сэтгэлээсээ цэцэглэн хөгжихөд улс орны хил хязгаар нь хорио саад бус, харин олон янзын соёл иргэншлийг холбосон аргамжаа болж хувирдаг нь гайхалтай.
