solongonews
Уламжлалт соёлоо шинэчлэлд шигтгээсэн “цахим ертөнцийн нүүдэлчин од”
2026-11-07 11:53
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот дахь сурвалжилгын аяны "Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр" цуврал нийтлэл - Долоо

Өглөөний нар Хөдөө нуурын толиог мэлтийтэл гийж, шүүдэр бөнжигнөсөн өвс ногооны үзүүрт мөнгөн туяа татуулна. Үзэсгэлэнт Өвөрбулаг нутгийн өглөө өөрийн гэсэн өнгө аястай. Салхины аясаар намирах өвс ногоо, алсад цэнхэртэх талын зэрэглээ, мал сүргийн бэлчих чимээ, адууны янцгаах дуун гээд энэ бүхэнд нүүдэлчдийн амьдралын энгийн атлаа эрхэм сайхан хэмнэл шингэнэ.


Гэрийн баруун талаар чингэлэгтэй тэрэгнүүд эгнүүлж, тэрэгний хажуугаар арлын шарууд тухтайхан хивэн хэвтэх ба хааяа нэг нь босож, овоотой түлээний дэргэд хүрч хүзүү толгойгоо шөргөж зогсох нь хөдөө талын амгаланг чимнэ. Уяан дээр морь алга. Гэрийн эзэн Бархасбадь аль хэдийн аргамжаатай морио барьж унаад, уналгын хэдэн морио барихаар адуундаа морджээ.


Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошууны Өвөрбулаг сумын Баянгүн багийн уугуул, Халбин халтай Батын Бархасбадь гэх энэ залууг “Бор Бархаа” гэдгээр нь нутаг нугынхан нь буу хэл цахим тавцангаар ч сайн мэднэ. Өнөө цагийн залуу атлаа өвгөдийнхөө өвлөж ирсэн нүүдэлчин ахуйг өдөр тутмын амьдралдаа хадгалан шингээж, уламжлан залгамжилж яваа нь түүнийг түмний анхааралд хүргэжээ.


Хөдөө нуурын хойд дэнж, Бартын шовгорын баруун биед байрлах Толгодын зуслан гэх газар тэднийх зусах ба зуслангийн хөндийд нь Алтайн бөөрөнхий, цагаан чандган, бор удвал алаглан ургаж, байшин гэрийнхээ өмнө эгнүүлэн барьсан хэдэн монгол гэр нь цэлмэг тэнгэрт хөвөлзөх сэмжин үүлтэйгээ ижилсэн холоос цайлзан харагдана.

Бархаа гурван алд урт уурга суналзуулан мордож, удалгүй уналгын хоёр морь хөтөлсөөр ирэв. Морио барьж, ногтолж эмээллэх нь нэг л эвсэг, дадал болсон шинжтэй. Яарсан шинжгүй ч хийдэл үйлдэл нь аргагүй цэгцтэй.


Адууны арчилгаа маллагааны нарийн ажилд цагаарч, сүргээ бүхэлд нь зүслэн, морьдоо ямар зүсмийн азарганы аль жилийн төл, хэзээнээс сургаж эхэлснээ хүртэл сайн санан, алганы зураасаа шиг таньдаг тэрээр хашир адуучин болжээ. Морьдоо дааганд нь анх сургаж, үрээнд нь шөрмөс булчинг нь сунган, уургын сайн морь болгохыг хичээдэг. Адууны тухай яриа өрнөхөөр л нүд нь гэрэлтэж, үг нь олшроод ирнэ. “Сайн морь эзнээ өөд татаж, хийморь лундааг нь сэргээдэг” гэж ярихыг нь сонсохоор “Эр хүн, эмээлт морь хоёр ээлтэй” гэх урьдын үгийг санагдуулна.


- Хөдөөгийн амьдралдаа хайртай, нөхөртөө туслан хар бор ажилд нь дэм болж явна даа. “Ажил нь урдаа, алдар нь хойноо” гэж хэлдэг шүү дээ гэж нөхрийгөө харж суусан Нанжидмаа намуухан ярилаа.

Бархаа бэлчээр нутгаа сэлгээн ашиглахыг хичээж, төл тосохоос бусад цагт малаа оторлуулан, гэм хижгээс урьдчилан сэргийлэх эм тариа, угаалгыг цаг даруй хийдгээс мал нь дүүрэн тарга авчээ. 2013 оноос эхлэн Хөдөө нуурынхаа хөвөөнд, 202 тоот засмал замын хажууд “Хөдөө нуур аялал жуучлалын бааз”-ыг ажиллуулах болж, жуулчдыг уламжлалт хоол хүнсээр хангах, морь унуулах, нүүдлийн амьдрал ахуй сонирхуулах, ураг хуримын зураг дарах зэрэг үйлчилгээг үзүүлэх болжээ. Гэвч зөвхөн аялал жуулчлалын ердийн арга хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь уламжлалт нүүдэл соёл, хөдөө орон нутгийн жинхэнэ дотоод үзэсгэлэнг хүмүүст хүргэж чадахгүй гэдгийг тэрээр ухан мэдэрсээр байв. Ийнхүү 2018 оноос эхлэн “Морин нуруун дээрх сургалтын төв”-ийг байгуулж, морьтой аялал явуулан, хүүхэд багачуудад нүүдэл соёлыг таниулах, уламжлалт ёс заншлаа сурган өвлүүлэх, мөн цахим сүлжээгээр дамжин орон нутгаа, уугуул соёлоо сурталчлах ажилд эргэлт буцалтгүй орсон байлаа. Түүний хөдөлмөр зүтгэл биеллээ олж 2026 онд “Уламжлалт нүүдэл соёлын өвлөн уламжлагч”-ын өргөмжлөлийг албан ёсоор хүртжээ.

Бидний яриа Хөдөө нуурын хөвөөнд, аралд нь шар уясан модон тэрэгнүүдийн дэргэд өрнөв. Баргачууд мухлаг тэрэг, хангай тэргээ сувруулан угсарч тавьдаг ба үүнийгээ “Тэрэг найрах” гэнэ. Урд хоёр арал есөн ялуутай, хүрд бүхэнд арван найман хигээс, зургаан мөөртэй байж, аргалын тэргээ гулдаар түүнд хөшин тавиад, усан тэргээ гэрийн өмнө талд тавьдаг заншилтай. Он жилийг элээсэн модон тэрэгний цаана орчин цагийн хүрд, гэр, машин хээрийн салхинд тоомжиргүй гархлан харагдана.


- Уламжлалт соёлоо өвлөнө гэдэг зөвхөн уламжлалаа барьж амьдарна гэсэн үг биш. Харин уламжлал шинэчлэлийг уялдуулж, шинэ цагийн арга хэлбэрээр уламжлалт соёлоо түгээн дэлгэрүүлэхэд оршино. “Өвлөн уламжлагч”-ийн нэр зүүснээр нэг ёсондоо мөн хариуцлага үүрч байгаа хэрэг. Уламжлалт соёлын өвийг тээж, орчин цаг үед “амилуулан” хөгжүүлнэ гэдэг бол хатуу хариуцлага шүү дээ. “Мянга сонсохоор нэг үз” гэдгээр олон давтан яриад хүний сэтгэлд хүргэж чадаагүй зүйлийг ганц удаа туршаад үзүүлэхээр шууд зүрх сэтгэлд нь суугдтал мэдрүүлж чаддаг юм гэж Бархаа ярьж байлаа.

Бидний яриа наргиантай хөгжөөнтэй нэлээд удаан үргэлжлэв. Уяан дээрх морьд дэл сүүлээ намируулан зогсож, нуурын мандалд үл ялиг салхины долгио үүснэ. Энэ л агшинд уламжлал гэдэг зөвхөн хуучны эд хэрэглэл, өнгөрсөн үеийн дурсамж биш, харин өнөөдөр ч амьдарч, үргэлжилж буй бодит ахуй юм гэдгийг мэдэрч билээ. Бархаа шиг залуусын гар дээр нүүдэлчдийн соёл өвлөгдөн үлдэж, малчин хүний морь малтайгаа ойр дотно амьдрах ёс, тал нутгаа гэсэн сэтгэл, өвгөдийнхөө уламжлалыг хүндэтгэх ухаан үеэс үед дамжин үргэлжилсээр байгаа нь сайхан.


Нар ханын толгойд хэлбийх үеэр бид Өвөрбулагаас мордов. Бархаа өндөр бор мориндоо барга эмээлээ тохож, уургаа чирээд биднээс салж ядсан шинжтэй араас гар даллан хоцорлоо. Тэдний ижилхэн бор морьд олон ч хосуудын хайрын түүхэнд дуртгал болон мөнхрөх хуримын зурагт орж явсан бөгөөд эрсдэлтэй хэдий ч хөгжилтэй олон ч сайхан түүхийг энэ Хөдөө нуурын эрэг хөвөөнд үлдээж явсан байлаа.

Хөдөө нуурын хөвөөнд өнгөрүүлсэн тэр өдөр надад зүгээр нэг малчин айлын өдөр тутмын амьдралыг харуулаад зогсоогүй юм. Харин уудам талдаа уусан шингэсэн нүүдэлчин соёлын амьд дүр төрхийг, түүнийг өөрийн биеэр өвлөн тээж яваа нэгэн залуугийн амьдралыг ойроос мэдрүүлсэн билээ.

Редактор : С.УРЬХАН
Сэтгүүлч : С.Урьхан, Э.Тэргүүн, Хань Хуншя, У.Гялбаа, Б.Сод
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл