Хятадын арвин ургацын үр өгөөж нь хүнсний хангамжийн тогтвортой байдал, технологийн дэвшил юм

Б.Лхагвадорж / Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн багш, доктор /
Миний бие Хятадын тариаланчдын Ургац хураалтын баяраар уламжлалт хөдөө аж ахуй хэрхэн технологийн өндөр үсрэлттэй хосолж байгааг хамгийн их сонирхон харж байна. Энэ баяр нь зөвхөн ургац хураан авсан баяр баясгалан төдийгүй, дрон, хиймэл оюун ухаан, ухаалаг технологийн тусламжтайгаар хөдөө аж ахуй хэрхэн орчин үеийн, үр ашигтай салбар болон хөгжсөнийг харуулж буй том баталгаа юм.
Хятад улсын ухаалаг хөдөө аж ахуй нь хүнсний аюулгүй байдлыг хангах болон нөөцийг хэмнэхэд дэлхийд шинэ стандарт тогтоож байна гэж боддог. Мэдрэгчээр хөрсийг хянах, дрон болон GPS-тэй трактороор тариалалт хийх, цахим худалдаагаар дамжуулан тариаланчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд борлуулах зэрэг системүүд нь салбарыг бүхэлд нь маш өндөр бүтээмжтэй болгож чадаж байна. Өнөөгийн Дэлхий ертөнцийн байдлаас үүдэж бензин, түлшний хомсдол нүүрлэж буй үед цахилгаан трактор, комбайн ажиллуулж байгаа нь Монгол улсын хувьд ч шууд ашиглаж болохоор загвар гэдэг нь тодорхой байна.

Нарийн ногооны хяналт шалгалтыг хянамгай хийж байгаа нь
Арвин ургац авч буй гол нууц нь шинжлэх ухаан болон технологийн цогц шийдэлд оршиж байна. Тухайлбал: Хятад улс ганд болон хүйтэнд тэсвэртэй үрийн сортыг генетикийн түвшинд гарган авсан. Дуслын усалгааны системээр усны алдагдлыг хамгийн бага түвшинд барьдаг. Нарны дулааныг хуримтлуулдаг ухаалаг хүлэмжүүдийг өвөл, хаврын цагт маш үр дүнтэй ашигладаг.
Миний сонирхлыг хамгийн их татаж байгаа нь: Нарны идэвхтэй дулаацуулгатай ухаалаг хүлэмжүүд ба босоо тариалан. Хөдөө аж ахуйн зориулалттай дрон системүүд (талбайг тандах, хортон шавьжтай багцлан тэмцэх). Хөдөөгийн цахим худалдааны экосистем буюу тариаланчид ургацаа гар утаснаасаа шууд дамжуулан борлуулдаг загвар. Машин техникийн эко загвар цахилгаан трактор, комбайн.
Хүнсний ногоо жимс жимсгэнэ ачсан тээврийн автомашин Эрээн боомтоор Монгол руу явж байгаа нь
Хятадын хойд болон баруун нутгийн цаг уур манайхтай ойролцоо тул бидэнд суралцах зүйл их бий: Эрчим хүчний хэмнэлттэй хүлэмжийн аж ахуй: Өвөл, хаварт бага зардлаар шинэ хүнсний ногоо тариалах. Бэлчээрийн ба эрчимжсэн мал аж ахуйн хослол: Тэжээлийн ургамал (царгас гэх мэт) өндөр хэмжээгээр тариалж, өвөл-хаврын эрсдэлийг бууруулж байгаа талаар. Цөлжилттэй тэмцэх ба бэлчээр нөхөн сэргээх. Элсний нүүдлийг зогсоох болон бэлчээр хамгаалах технологийн туршлага.
Хятадын арвин ургацын хамгийн гол эерэг нөлөө нь хүнсний хангамжийн тогтвортой байдал ба технологийн дэвшил юм. Монгол Улс өвөл, хаврын улиралд шинэ жимс, нарийн ногооны хэрэгцээгээ Хятадаас импортолж тогтвортой хангадаг. Мөн Хятадын хямд, үр ашигтай бага ба дунд оврын техник, хүлэмж, усалгааны төхөөрөмжүүд нь Монголын тариаланчид болон фермерүүдэд үйлдвэрлэлээ өргөтгөж явуулахад бодит дэмжлэг болж байна.
