solongonews
Хятадын ургац хураалтыг Монголын нүдээр /4/
2026-10-22 11:36
Хятадын ургац хураалтыг Монголын нүдээр /4 / -Хятад улсын арвин ургац Монгол Улсад ямархан үр өгөөжтэй вэ

Хятадын өндөр технологи хийгээд уламжлалт газар тариалангийн хослол  гайхалтай

                Д. Ганболд / Монгол Улсын бизнесмен, тариаланч /

 
Ургацын баярыг би зөвхөн тариаланчдын Ургацын баярын үр шимийг тэмдэглэдэг өдөр гэж харахаас илүү өргөн утгаар нь ойлгодог. Энэ бол олон зуун жилийн турш ургац хурааж, заримдаа байгалийн бэрхшээлтэй нүүр тулж, алдаж онон, хөдөлмөрлөж ирсэн Хятадын ард түмний түүхэн замналтай холбоотой баяр гэж боддог.
 
Би Хятад улс хөдөө аж ахуйн арвин ургац авч чаддаг нууцыг ганцхан зүйлээр тайлбарлахад хэцүү гэж бодож байна. Гэхдээ миний хувьд Хятад хүний “Хийе гэж шийдсэн зүйлээ дуусгахыг хичээдэг, тэр зүйлдээ бүх хүчээ зориулдаг” зан чанар ихээхэн үүрэгтэй мэт санагддаг.
 
Хятадын арвин ургац хураадаг нь байгалийн нөхцөл хэдийгээр амаргүй байсан ч боломжийг эрэлхийлж, арга замаа өөрчилж, туршин, хөдөлмөрлөж чаддаг чанар нь олон зүйлийг боломжгүйгээс боломжтой болгож ирсэн байх даа.Магадгүй энэ тэвчээр, тууштай байдал, хөдөлмөрч чанар нь Хятадын хөдөө аж ахуйн хөгжлийн нэг чухал хүч гэж би боддог.



 Хятадын хүлэмжийн тариалал

     
Хятадын хөдөө аж ахуй нүдэн дээр хөгжиж, улам боловсронгуй болж байгааг харахад үнэхээр гайхалтай, сэтгэл татам байдаг. Гэхдээ технологийн өндөр хөгжилтэй зэрэгцээд уламжлалт газар тариалан, тариаланчдын олон үе дамжсан арга ухаан надад бүр ч илүү сонирхолтой санагддаг.
  
Ялангуяа гэрийнхээ үүдэнд, өөрийнхөө тарьж ургуулсан ногоогоо хурааж аваад шууд хоолондоо хэрэглэж байгаа тэр энгийн амьдралын хэв маяг надад үнэхээр таалагддаг. Миний хувьд газар тариалангийн хамгийн сайхан утга нь зөвхөн их ургац авахдаа биш, хүн өөрийн хөдөлмөрөөр газар шороотойгоо холбогдож, ургуулсан зүйлээ гэр бүлтэйгээ хуваалцаж байгаад оршдог.


Монголын хүнсний ногооны зах


Өвөр Монголын малчдаас Монголын малчид суралцах зүйл их байгаа гэж боддог. Миний анзаарснаар хамгийн чухал зүйл нь зөвхөн байгалийн нөхцөлөө дагаж амьдрах бус, өөрсдийн байгаа боломж, нөөцөө зөв олж харж, түүнийгээ хэрхэн үр ашигтай ашиглах вэ гэдэгт анхаарах явдал юм. Малын тоог аль болох олшруулахын оронд малынхаа ашиг шим, чанар, бүтээгдэхүүн, зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлж, мал аж ахуйгаа арилжааны зөв зарчимтай холбох тал дээр суралцах зүйл бий.
 
Мөн өөрсдийнхөө нутаг орны давуу талыг зөв олж харах нь чухал. Монголын хувьд бидэнд өргөн уудам нутаг, мал аж ахуйн олон зуун жилийн уламжлал, байгалийн өвөрмөц боломжууд бий. Тиймээс бусдыг шууд дуурайхаас илүү өөрсдийн давуу талаа олж хараад, түүнийгээ зөв хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.


 


Ерөнхий редактор : Ё.Хишигбаяр
Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Зохиогч: Ш.ЦОГЗОЛМАА  Ц.УРАНТУНГАЛАГ  Х. АРВИНТАЛ  С.УРЬХАН
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл