Хятадын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт Монголын газар тариаланг сэргээхэд түлхэц болж байна

Э.Сайнзаяа / Монголын Үндэсний өдөр тутмын Монголын мэдээ сонины сэтгүүлч /
Жил бүрийн намар буюу өдөр шөнө тэнцэх үеэр хятадад ургацаа хураан авч, тариаланчид өндөр ургац авсан баяраа үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг. Энэ баярын үеэр Хятад улс даяар соёл, урлаг, худалдаа зэрэг олон төрлийн гол арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Ялангуяа тариаланчид ургацын дээжээ зарж борлуулахаар суурин газрыг олноороо зорьдог.
Өнөөдөр шинжлэх ухаан техникийн салбар үсрэнгүй хөгжиж байгаа БНХАУ-д хөдөө аж ахуйн салбар нь хамгийн чухал, хөгжлийн өндөр түвшинд яваа салбар гэж болно. Хятадад өнөөдөр 300 сая орчим фермер газар тариалангийн салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр БНХАУ дэлхийд тэргүүлдэг. Ялангуяа улаан буудай, цагаан будаа, эрдэнэ шиш, төмс, улаан лооль, цай, сорго, газрын самар, шар будаа, арвай, хөвөн, ургамлын тос болон шар буурцаг тариалалтаараа тэргүүлдэг орон юм.
Хятад улс хөдөө аж ахуйн салбараа улам эрчимжүүлж га-гаас авах ургацаа нэмэгдүүлэхийн төлөө эрчимтэй ажиллаж байна. Нөгөө нэг зүйл нь хятад улс газар тариалангийн техник тоног төхөөрөмжөө улам сайжруулахын зэрэгцээ хүлэмжийн аж ахуйг их хөгжүүлж байгаа юм.

Ургац хураалт
Дэлхийн 119 улс оронд хүлэмжийн аж ахуй хөгжүүлж байгаагийн 60,4 хувийг нь Хятад эзэлж байна. Хятадын бүс нутагт хүлэмжийн аж ахуйг асар их хөгжүүлж байгаа нь жилийн аль ч улиралд ургац авах боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Ганц жишээ дурдахад л Хятадын улаан лооль гол тариалдаг Шаньдун мужийн Шоугань хотод гэхэд л 5000 орчим ухаалаг хүлэмж байгуулсныг хиймэл оюун ухаан, технологиор удирдаж жилд 500 мянга гаруй тонн улаан лооль хурааж байна. Худалдан авагчид улаан лоолио гар утсаараа хянаж гарал үүсэл, ямар сорт зэргийг нь мэдэх боломжтой гэнэ. Хятад улс газар тариалангийн бүтээгдэхүүнийхээ сортыг үлэмж сайжруулан жилд хэдэн удаа ургац авах боломж бүрдүүлж байгаа юм.
Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжил нь ХАА-н үйлдвэрлэлийг мөн тойрсонгүй, өнөөдөр тариан талбайд жолоочгүй машин техник явж, усжуулалтын цоо шинэ системүүд нь ус хэмнэж, хиймэл оюун ухаанаар ургацын болцыг хянах болж байна. Ийнхүү хөдөө аж ахуйд дижитал технологи идэвхтэй нэвтрүүлж, газар тариалангийн уламжлалт хандлагыг өөрчилж байгаа юм. Энэ бүхэн хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт байгаль цаг уурын тогтворгүй байдлын нөлөөлөл, хоёрдугаарт, усны нөөц хомсдож байгаа явдал, гуравдугаарт, залуус хөгжлөө дагаад хот суурин бараадах болж хөдөөгийн хүн ам хөгширч байгаа учраас дээрх шинэчлэл, дэвшлийг хийхээс аргагүй болж байгаа хэрэг.

Монголын хүнсний зах
Юун түрүүнд манайх шиг эрс тэс уур амьсгалтай, гэхдээ жилийн 300 орчим хоног нартай байдаг улсад хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй юм. Одоо хүлэмж бүхий айл өрх, аж ахуйн нэгж ургац их авах хэмжээнд хүрчихлээ. Нөгөө талаар сая дурдсан ХАА-н салбарт шинжлэх ухаан техникийн ололтыг нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр бид хуучин зөвлөлтийн үеийн техник тоног төхөөрөмжөө өрнийн өндөр бүтээмжтэй сайн техникээр сольсон. Энэ бол нэг дэвшил. Одоо харин тэр хиймэл оюун ухаан, хүний оролцоо бага техник рүү орох хэрэгтэй байна.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэний дараах он жилүүдэд, өнөөдөр ч хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа төмс, хүнсний ногоогоо бид БНХАУ-аас л авч байна. Энэ нь нэг талаар хүн амын өдөр тутмын хэрэгцээг хангаж буй, нөгөө талаар үндэсний үйлдвэрлэл, газар тариалангаа эргүүлэн сэргээхэд ихээхэн түлхэц өгч байгаа юм.
