solongonews
“Ганцхан” номын ганц өө
2022-06-27 09:25
Монгол Улсын мөнгөн үеийн яруу найрагчдын түүчээ төлөөлөл, эрхэм найрагч Т.Содномнамжилын “Ганцхан” хэмээх өгөөжтэй ном лугаа ханьсаж тууллаа.

Хөххотынхоо зуны зургаан сарын шинэдийн аагим халуун өдрүүдийг би Монгол Улсын мөнгөн үеийн яруу найрагчдын түүчээ төлөөлөл, эрхэм найрагч Т.Содномнамжилын “Ганцхан” хэмээх өгөөжтэй ном лугаа ханьсаж тууллаа. Юун түрүүнд найрагчийн гэгээн дурсгалд зориулж, энэхүү гэгээлэг, жинтэй, цэнтэй номыг бүтээлцсэн уран бүтээлч хамт олны нөр их хөдөлмөр зүтгэлд машид талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд цаашдын ажил үйлст нь улам их амжилт хүсье...

Даанч дурдахгүй өнгөрч үл болох нэгэн “өө” байна аа. Номын 14 болон 15 дугаар хуудсанд “Уйтгар”, “Мэн-Хао-Жань-д” гэсэн гарчиг бүхий хоёр шүлэг орсон нь эрхэм найрагчийн шүлэг биш, харин Хятадын Тан гүрний алдарт яруу найрагч Ли Байгийн шүлгийн орчуулга байгаа нь тун харамсалтай юм болжээ. “Юм хийсэн хүн л алдаа гаргадаг” гэдэг үг бий. Энд би хэн нэгнийг буруутгамааргүй байна. Гэхдээ энэ хоёр шүлгийг уншаад өөрийн эрхгүй хайран санагдсан юм. Хожим цаг тохиол нь бүрдээд энэ номыг дахин хэвлэх болбол ариутган шүүх ажлыг чамбайруулж, дан ялангуяа эртний дорнын өнгө аяс бүхий дөрвөн мөрт шүлгүүдийг нь илүү анхаарч, хужрыг нь тунгаана биз гэж найдаж байна.

Явж явж Хятадын эртний шүлэгчдийн том төлөөлөл, “Сарны шүлэгч” Ли Байгийн шүлэг хадуурсан байгаа нь халагламаар юм. Найрагч Со ламтан Ли Байгийн шүлгийг амтархан уншиж, тэмдэглэлийн хуудаснаа цохлон үлдээснийг ойр дотнынх нь хүмүүс түүний бичсэн шүлэг хэмээн андуурсан байх магадлал тун их.

Яруу найраг бол улс орнуудын соёлын солилцооны гэрэлт цонх юм. Тэр тусмаа Ли Бай, Дү фү, Бай Зюй И зэрэг их яруу найрагчдын шүлэг дуулал бол Хятадын соёлын нүүр царай болохуйц уран зохиолын “тунгаамал” юм. Хятадын эртний уран зохиолыг ойлгоход дээр дурдсан яруу найрагчдын бүтээлийг тойрон гарч яавч болохгүй. Тиймийн тулд цаашид хоёр орны сонгодог уран зохиолын салбар дахь солилцоо, хамын ажиллагааг бэхжүүлэхэд чадварлаг орчуулагч, чансаатай орчуулга, чамбай уншигчийн  аль алийг нь өлхөн шаардаж байгаа нь илхэн харагдаж байнам.

Зохиогч: Б.Цогтой
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл