solongonews
“1”-ийн төлөө нийтээрээ
2022-06-02 16:41
“Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” , “Бие байвал Бээжин”, “Амьд явбал алтан аяганаас ус ууна” ... гэхчлэн эрүүл явахын ач тусыг сургамжилсан үгс олон. Үүний шинэхэн хувилбар нь нөгөө “Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдана” гэдэг үг. Түүнчлэн эрүүл мэнд

    “Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” , “Бие байвал Бээжин”, “Амьд явбал алтан аяганаас ус ууна” ... гэхчлэн эрүүл явахын ач тусыг сургамжилсан үгс олон. Үүний шинэхэн хувилбар нь нөгөө “Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдана” гэдэг үг. Түүнчлэн эрүүл мэнд гэдэг хамгийн том хөрөнгө гэдэг дээр маргах хүн ховор биз.

    Энэ оны гуравдугаар сард ХКН-ын Төв хорооны тамгын газар, Төрийн зөвлөлийн тамгын газраас “Нийт иргэдээрээ биеэ чийрэгжүүлэх олон нийтийн үйлчилгээний илүү өндөр түвшин бүхий тогтолцоог цогцлох тухай санал” -ыг хэвлүүлэн гаргасан. Уг саналд 2025 он гэхэд, нийт иргэдээрээ биеэ чийрэгжүүлэх олон нийтийн үйлчилгээний илүү өндөр түвшин бүхий тогтолцоог үндсэндээ байгуулж, спорт заалны нийт талбайг хүн бүрд 2.6 кв метр ногдуулж, байнга тутамд бэлтгэл дасгал хийдэг хүний тоог 38.5 хувьд хүргэнэ гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь байнгын дасгал хөдөлгөөн хийж биеэ чийрэгжүүлдэг болж, засгийн газраас олон нийтийн бие чийрэгжүүлэхэд зориулсан үйлчилгээний тогтолцоо улам бүрэнших болно. 2008 оны 8-р сарын 8-нд Бээжингийн зуны олимп нээлтээ хийж байсан бол 2009 оноос эхлэн Хятад улс 8-р сарын 8-ны өдрийг "Нийт иргэдээрээ биеэ чийрэгжүүлэх өдөр" болгосон түүхтэй.

   Иргэд хүчирхэг байж улс орон хөгждөг. Иргэд хүчирхэг байхын чухал нэгэн шинж бол эрүүл байх. Эрүүл байхад нөлөөлдөг хүчин зүйл олон, түүний нэг нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх. “Хөгширч биш хөшиж...” гээгчийг ухамсарлаж, хөшихгүй байхын тулд хийж чадах ганц зүйл байна. Тэр нь мэдээж “Хөдлөх”.

   Өнөөдөр Хятадын иргэд хөдөлгөөний дутагдлаас хэрхэн сэргийлж, эрүүл мэнддээ хэр зэрэг анхаарч байгааг ойлгоё гэвэл зөвхөн хотын цэцэрлэгт нар мандах, нар жаргах үед ганц ганц удаа очоод харахад л хангалттай. Тэнд хүмүүс мөөгөн хүрээ шиг хурж, амьсгалын тамираас өгсүүлээд элдэв дасгалаар хичээллэж хөлсөө гаргаж, идсэн ууснаа шингээж зогсоо дүр зураг байнга харагдана. Тэд “Хөдөлгөөн” гэдэг үгийг “Хөдөлмөр” гэдэг үйлтэй уялдуулж эрүүл мэнддээ “Хөрөнгө оруулалт” хийж байна. Бас болоогүй тэдий эгнээ өдөр ирэх тусам бузгайрч, цэцэрлэг заалных нь тоо нэмэгдэж, талбай нь өргөжсөөр байна.

  “Эрүүл мэнд бол 1, бусад хүчин зүйл бол 0, хэрэв 1 байхгүй бол хэчнээн 0 байлаа гээд утга учраа алдана”. Тэгвэл “1”-ийг баталгаажуулахын тулд хийх ёстой чухал нэгэн даалгавар бол дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг дадал зуршлыг хэвшүүлэх явдал болно. За тэгээд хэний янаагүй даалгавраа сайн хийж өндөр оноо авцгаая.

Зохиогч: Б.Цогтой
Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл