Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монголын Төв банк, Шинжлэх ухааны академи, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Худалдаа аж үйлдвэрийн холбоо хамтран “Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол банктай хамтран 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав.
Энэхүү бага хурлыг нээж Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтийг уншиж танилцуулсан бөгөөд Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан нар үг хэлэв.
Уулзалтын үеэр Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, цаашдын чиг хандлага зэрэг сэдвээр арав гаруй илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал улам бүр нэмэгдэж буй энэ үед бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцсон нь хоёр орны хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.
Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдож, олон жилийн найрсаг харилцаа холбоотой, хоёр орон харилцан эдийн засгаа нөхөж, хамтын ажиллагааны асар их нөөц баялагтай. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нааштай хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа саадгүй явагдаж, Хятад, Монгол хоёр тал тахал өвчинтэй тэмцэх үйл явцад бие биедээ туслан, хүндрэл бэрхшээлийг даван туулж, хөрш орнуудын тахал өвчний эсрэг хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна. Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдаа 2021 онд 10.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.64 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.долларт хүрсэн.
"Бүс ба зам" санаачилга нь Хятад, Монголыг хамарсан шугам дагуух улс орны харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлээд зогсохгүй, улс орнуудын эрдэм шинжилгээний солилцоо, хамтын ажиллагааг ахиулж байна. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь хоёр орны эдийн засгийг хөгжүүлэх, “Бүс ба зам” санаачилгыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Цаашид Хятад, Монголын ард түмний солилцооны хамтарсан хорооны механизмын дагуу хоёр орны ард түмэн, эрдэм шинжилгээний солилцооны салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг ахиулах зорилгоор эрдэм шинжилгээний солилцоо, хамтын ажиллагааны индэр байгуулна. Хоёр талын найрсаг нийгмийн үндэс суурийг бататгаж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ.
