Синьхуа агентлагийн мэдээ: 2-р сарын 9-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Германы канцлер Меркелийн урилгаар түүнтэй утсаар ярьж, шинэ төрлийн коронавирусийн халдварыг хянан сэргийлэх ажлын тухай санал бодлоо солилцжээ.
Ли Кэчян: Хятад улс хянан сэргийлэх ажлыг хуулийн дагуу, шинжлэх ухаанч, дэг журамтай өрнүүлж байна. Өвчтөнүүдийг бүх хүчээ дайчлан эмчилж, эм эмнэлэг, сэргийлэн хамгаалах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хангамжийг баталгаажуулж байна. Хятадын засгийн газар ард түмнийхээ амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг тэргүүн чухал байранд тавьсаар ирлээ. Сэргийлэн хянах ажил шударга, ил тод, өндөр хариуцлагатай өрнөж, Хятадын ард иргэд, олон улсын хамтын нийгэмлэгт цаг тухайд нь мэдээлэл өгч байна. Бидний авч буй арга хэмжээ “Олон улсын эрүүл мэндийн заалт”-ын стандарт, ДЭМБ-ын саналаас хавьгүй дээгүүр байна. Халдварт өвчний тэргүүн фронтод тэмцэж буй Хятадын өргөн олон эмч сувилагч амь биеэ үл хайрлан тэмцэх үзэл санаагаар, ажлын өндөр ур чадвар гарган, маш хариуцлагатай ажиллаж байна. Бид тэдний эрүүл мэндийг бүх хүчээрээ хамгаална. Хятадын засгийн газар, ард түмэнд халдварт өвчнийг даван туулах итгэл зориг, хүч чадал бий гэжээ.
Меркель: Германы тал өнөөгийн халдварын байдлыг нягт анхаарч байна. Хятадын засгийн газар шуурхай арга хэмжээ авсны үр дүнд ард түмнийхээ дэмжлэгийг авч байна. Германы тал халдварын талаар хянамгай байр суурьтай байгаа бөгөөд Европын холбооны дотоодод зохицуулалтаа эрчимжүүлж, хэт хязгаарлах арга хэмжээ аваагүй байгаа юм. Хятадын тал Хятадад байгаа Германы цагаачдад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад баяртай байна. Германы тал Хятадын талтай хамтдаа халдварыг хянан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, Хятадын талд үргэлжлэн эм эмнэлгийн бараа бүтээгдэхүүний туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Мөн халдварт өвчнийг даван туулахад бүх хүчээрээ туслалцаа үзүүлэх болно. Хятадын эмч сувилагч нарт хүндэтгэл илэрхийлж, аз жаргал ерөөе гэжээ.
