БНХАУ-д Төгсөгчдийн Нэгдсэн Холбоо болон Үхань Хотод Төгсөгчдийн Холбооныхон 13-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд хүрэлцэн ирж, шинэ коронавиусын дэгдэлт гарсан Хятадын Хүбэй мужийн Үхань хотын эмнэлэгт хандивлах 22 сая төгрөгийн тусламжийн мөнгөө БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд хүлээлгэн өгсөн байна. Элчин сайд Цай Вэньрүй тэргүүтэй Хятадын дипломат албаны хүмүүс тэднийг хүлээн авч уулзан, хандивын мөнгийг талархан хүлээж авлаа.

БНХАУ-д Төгсөгчдийн Нэгдсэн Холбооны ерөнхийлөгч Б.Артур, 2016 оноос хойш Монгол Улсын 10 мянга гаруй иргэн БНХАУ-д их дээд сургуулиудад суралцан төгсөж, өдгөө улс эх орныхоо бүхий л салбарт ажиллаж, хоёр орны найрамдал нөхөрлөлийн гүүр болсоор ирснийг тэмдэглээд, “БНХАУ-д шинэ коронавирусын халдвар дэгдсэн гэх мэдээг бид авсан даруйдаа холбооноос ‘Мөнхийн хөрш, Энхийн тусламж’ сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. Үүнд 3 мянга гаруй төгсөгч болон суралцагч чин сэтгэлээсээ оролцож, тусламжийн гараа сунгасныг дуулгахад таатай байна гэжээ.
“БНХАУ-д их дээд сургуулиудад элсэж, эрдмийн их далайд аялахдаа олон найз нөхөдтэй болж, амьдралын гараагаа эхэлж байсан залуус бид найрсаг хөдөлмөрч Хятадын ард түмэн, найз нөхөдтэйгөө энэхүү хүнд өвчнийг даван туулахад нь хамт байх болно. Түүнчлэн биднээс гадна, өөр олон хүн Хятадын ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, хандивын аян зохион байгуулсаар байна. Энэ нь хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжсөнийг илтгэж байна” гэж тэрээр илэрхийллээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньрүй, БНХАУ-д Төгсөгчдийн Нэгдсэн Холбоо болон Үхань Хотод Төгсөгчдийн Холбооноос “Мөнхийн хөрш, Энхийн тусламж” сайн үйлсийн хандивын аяныг зохион байгуулж хандив өгч байгаад Хятадын ард түмний өмнөөс, мөн Элчин Сайдын Яамны хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлэв.
“‘Зовох цагт нөхрийн чанар танигдана’ гэгчээр Хятадын ард түмнийг зовох энэ цагт, Монгол Улсын төр засаг, олон нийтийн байгууллага, хувь хүмүүс бидэнтэй эв санаа нэгдэн, бидэнд бодит тусламж үзүүлсээр байна. Энэ нь бидний сэтгэлийг маш их хөдөлгөж байна. Та бүхний найрсаг халуун сэтгэлгээг манай Элчин Сайдын Яам цаг тухайд нь Хятадын ард түмэнд мэдээлсээр байгаа бөгөөд Хятадын ард түмэн үүнийг маш их талархан хүлээж авч байна. Сүүлийн үед сошиал орчинд мянга мянган хятад иргэн Монголын ард түмэнд талархлаа илэрхийлж, сэтгэгдэл үлдээжээ. Тэд ‘Монгол Улсад энэ өвчний нэг ч тохиолдол битгий гараасай’ гэж залбирч, хүссэн постууд оруулж байна. Мөн Бээжин хотод сурч буй 10 настай монгол охин өөрийн халаасны мөнгө 999 юанийг 3 хотод тэгшилж хандивлажээ. Энэ мэдээ Хятад улс даяар цацагдаж, Хятад улс даяар сайшаагдаж байна” гэж тэрээр онцлоод, энэ нь Хятад, Монгол хоорондын найрамдлын харилцаа маш өндөр түвшинд хүрснийг харуулж байгаа бөгөөд хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам их бэхжүүлэхийг зоригжуулж байна гэж тэмдэглэжээ.

БНХАУ-д Төгсөгчдийн Нэгдсэн Холбоо болон Үхань Хотод Төгсөгчдийн Холбоо энэ оны 1-р сарын 23-наас эхлэн, “Мөнхийн хөрш, Энхийн тусламж” сайн үйлсийн аяныг зохион байгуулж хандив цуглуулсан бөгөөд үүнд Монгол Улсын 3 мянга гаруй иргэн оролцож, хандив өрөгсөн аж.
