Хятадын барилгын компанийн Гуравдугаар товчооны гуравдугаар компаний Хөшэньшань эмнэлэг байгуулах төслийн техникийн хэсгийн тухайн талбайн албаны хүн Шэн Кай:
- Хэзээ ч ийм яаралтай барилгын ажилтай тааралдаж байсангүй. Ийм олон аж ахуйн нэгж нэг төсөлд оролцохыг урьд нь үзээгүй. Үүрэг маш хүнд байсан тул бид бүх хүчээ шавхан ажиллах хэрэгтэй болсон гэж сэтгүүлчид хэлжээ.
2003 оны САРС өвчинтэй тэмцэх үеэр Бээжингийн Шяотаншань эмнэлгийг байгуулсан туршлагаас суралцаж, Үхань хотын захиргаа Хөшэньшань эмнэлгийг байгуулж, коронавирусын халдвар авсан хүмүүсийг нэгдсэн журмаар төвлөрүүлэн эмчлэхээр шийдсэн юм. Барилгын ажил эхлэхээс ашиглалтад орох хүртэл ердөө 10 хоногийн хугацаа өгсөн байна.
Шэн Кайн хувьд Хөшэньшань эмнэлэг түүний энэ компанид ажилласан 10 жилд тулгарсан хамгийн онцгой барилгын төсөл байлаа. Тэрээр:
- Барилгын хугацаа маш яаралтай байлаа. Ийм том эмнэлгийг байгуулахад ердийн үед наад зах нь нэг сарын хугацаа хэрэгтэй. Гэтэл бидэнд аравхан хоног өгсөн. Ажилчид маань хоёр ээлжээр ажиллаж, нойр хоолоо хагасалж, заримдаа хоёрхон цаг унтах тохиолдол ч гарч байлаа. Зураг төслийг хийснээс хойш техникийн ажилтнууд маань нөхцөл байдалд үндэслэн зураг төслийг улам нарийсгаж, шөнөжин нойргүй ажиллаж байлаа гэж ярьлаа.
Хуваарилалтын дагуу Хөшэньшань эмнэлгийг Хятадын барилгын компаний Гуравдугаар товчоо толгойлж, Үхань хотын барилгын компани, Үхань хотын хот тохижилтын газар, Хань-Яны хот тохижилтын газар зэрэг гурван аж ахуйн нэгж оролцсон юм. Цаг хугацаа, орон зайн талаар, ажлын шат дарааллын талаар, барилгын компаниудын хооронд маш олон солбицол байлаа. Кранаар чингэлэг маягийн сууцыг өргөж угсрахад хажуу талаас нь бетон цутгаж, ажилчид маань барилгын материалаа мөрлөн зөөж байлаа. Ийм үзэгдэл барилгын талбайд байнга тохиолддог юм.
Шэн Кай:
- Энгийн үед кранаар өргөж угсрах газар бусад хүнийг оруулдаггүй. Гэтэл энд энэ журам алдагдсан. Барилгын аюулгүй байдлыг хангахын тулд маш олон барилгын менежерийг барилга руу илгээж, ажилтнуудад нүд чих болж эргэн тойрны байдлыг нь мэдээлж, өөр өөр ажлын багийн уялдаа холбоог хангаж ажиллаа гэсэн байна.
Тэрээр мөн:
- Энгийн үед нэг барилгын менежер 150-200 ажилтныг удирддаг. Харин энд 1500-2000 ажилчныг удирдах хэрэгтэй болдог гэж хэллээ.
Эндхийн өвчтөний өрөөнүүдийг бүгдийг нь галаас сэргийлэх эко материалаар хийж, чингэлэг хэлбэрээр угсарсан юм. Өвчтөний өрөөг үйлдвэрт эхлээд хийж, барилгын талбайд авчирч угсардаг. Энэ нь барилга барих цаг хугацааг ихээхэн хэмнэдэг юм. Хятадын барилгын компаний Гуравдугаар товчооны гуравдугаар компаний Хөшэньшань эмнэлгийн барилга угсралтын ажлын албан тушаалтан Юань Сүн:
- Өвчтөний өрөөг халуун хүйтэн ус, цэвэр бохир ус, салхи нэвтрүүлэх, агааржуулах зэрэг олон системээр хангасан. Мөн тусгайлан хүнсний зүйл, эм бэлдмэл түгээх цонх гаргаж, хэт ягаан туяагаар ариутгах төхөөрөмж угсарсан нь вирусийн халдварын тархалтыг үр ашигтай багасгана гэж сэтгүүлчид мэдээлэл өгчээ.
Юань Сүн:
- Халдварт өвчний онцгой хэрэгцээ шаардлагатай холбогдуулж өвчтөний өрөөнүүдийг агаарын даралт багасгах системээр тоноглосон. Өвчтөний өрөөний агаарын даралт бусад газрынхаас бага, вурус агаараар дамжин тархахаас сэргийлнэ. Ингэснээр манай барилгын ажлын ачааллыг ч нэмэгдүүлсэн. Бид арван мянган ам метр газарт мөн төдий дайны салхины хоолой угсарсан гэж ярьлаа.
Хятадын барилгын ерөнхий компаний Хөшэньшань эмнэлгийн төслийн газар дээр нь зохицуулах менежер Фан Шян:
- Бид цаг хугацаа хэмнэхийн тулд бусад барилгын дээрээс чингэлэг хэлбэртэй бэлэн байшинг татан авчирч угсран тус эмнэлгийн бүтээн байгуулалтын шаардлагыг хангасан. Бүх бололцоогоо дайчилж Хөшэньшань эмнэлгийг шуурхай бүтээн байгуулах үүрэг хүлээсэн юм гэсэн байна.
Барилгын газар шуугиан ихтэй тул хэлэх үгээ хашхирч хүргэнэ. Эндхийн ажилчид орилж бархирсаар байгаад бүгдийнх нь хоолой сөөсөн. Бидний байр, ажлын газар халуун хэмжих багаж байрлуулсан. Бас халдвар авсан эсэхийг шалгах хөдөлгөөнт станц байгуулсан. Барилгын газар халууныг шалгаж маскийг байнга сольдог гэж тус барилгын төслийн хариуцлагатан Ли Тай хэлсэн юм. Тэрээр Үхань хотын иргэдийн төлөө энэ зэргийн хүндрэл бэрхшээл бидэнд юу ч биш хэллээ.
