Сүүлийн өдрүүдэд МУ-ын нийгмийн олон салбарынхан хандив цуглуулах өргөн хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулж, "COVID-19"-тэй шуурхай тэмцэж буй Хятад улс болон Хятадын ард түмэнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. 02-р сарын 19-нд “Эх дэлхий” радио ФМ 107-ын хамт олны төлөөлөл О. Дарамбазар, Ш.Цэрэнпил нар БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-нд хүрэлцэн очиж, Үхань хотын ард иргэдэд зориулан цуглуулсан хандивын мөнгөө соёлын зөвлөх Чэнь Шуанд хүлээлгэн өглөө.

Соёлын зөвлөх Чэнь Шуан:
- Энэ хүнд хэцүү цагт сайхан сэтгэл гарган бидний зовлонг хуваалцаж, халдварт өвчинтэй тэмцэх урам зориг хайрлаж буй та бүхэнд талархал илэрхийлж байна. Энэ сэтгэлийн бэлгийг тань бид Үхань хотын хамгийн шаардлагатай газарт цаг алдалгүйгээр шуурхай хүргэж өгөх болно. Одоо олон газрын үйлдвэрүүд ажлаа хэвийн үргэлжлүүлж, хүмүүсийн сэтгэлд өвчнийг ялах итгэл асч байна. Энэ халдварт өвчнийг ялах хүчин чадал, итгэл зориг бидэнд байна гэж илэрхийллээ.

О. Дарамбазар:
- Манай радиогийн залуус өөрсдөө санаачилга гаргаж, "COVID-19" буюу шинэ коронавирусын халдвар хамгийн хүнд байгаа Үхань хотын ард иргэдэд зориулан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн сэтгэлийн бэлэг цуглуулсан юм. Хэдийгээр цөөн ажилтантай, бага цалинтай ч гэсэн, “Далайд дусал нэмэр” гэгчээр өөрсдийн боломж бололцоогоороо цуглуулсан энэ хандив маань Үхань хотын ард иргэдийн хатуу бэрхийг даван туулахад өчүүхэн ч гэсэн тус нэмэр болоосой гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин тахалтай тэмцэж байгаа эмч, сувилагч нарын ажил үр дүнд хүрч тун удахгүй аюулт өвчнийг ялж чадна гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.
