solongonews
Өөдлөн мандахын бэлгэдэлтэй өлзийт арван таван
2025-02-12 10:18
Арван тавны саран
Агаар тэнгэрийн чимэг
Ачтан буурал настнууд минь
Айл гэрийн чимэг

Сар бүрийн арван таванд тэргэлтдэг бүтэн сар нь бүрэн дүүрэн байхын бэлгэдэл болдгоороо аливаа үндэстэн ястны ард түмний хувьд ерөөл бэлгэдлийн утга учиртай оршихуй биз ээ.  Ялангуяа Хятадын ард түмэн намрын дунд сарын 15-ны тэргэл сарнаар “Элбэг хураалтын баяр”-аа тэмдэглэдгээс гадна цагаан сарын шинийн 15-нд мөн “Өлзийт өдрийн баяр” тэмдэглэдэг уламжлалтай.    

Хятадын уламжлалт “Өлзийт өдрийн баяр” нь Хятадын цагаан сарын баярын хаалт юм. Баяраар хүмүүс тухайн жилийнхээ өлзий хишгийг бэлгэшээн үүдэндээ улаан өнгийн дэнлүү асаах нь элбэг. Энэ нь харанхуйг арилгаж, ирэх жилдээ итгэл найдвар авчрахыг бэлгэшээсэн утга учиртай. Улмаар энэхүү өдрийг мөн “Дэнлүүний баяр” гэдэг.

Дэнлүүний баяр нь жилийн эхэн сарын 15-ны тэргэл сартай шөнө болдог учраас мөн анхны тэргэл сарны баяр болдог. Энэ өдөр ураг төрлөөрөө уулзаж, элэг бүтэн байхын бэлгэдэл болгож “Өлзийт бөмбөлөг” иддэг. Шүлхий будаагаар хийсэн энэхүү бөмбөлгийг Хятадын умард нутагт “юаньшяо” гэдэг бол өмнөд нутагт харин “танюань” гэж нэрлэдэг. Эдгээрийг хийх арга нь мөн тус тусдаа. Тангюанийг шүлхий будааны зуурмагийг хавтгайлж шанзаар дүүргэн боож хийдэг бол юаньшяог хийхдээ шүлхий будааны зуурмагаа бөөрөнхийлж, дараа нь саванд өнхрүүлэн хийдэг. Үүнээс гадна танюаний шанз нь зөөлөн нялцгай бол юаньшяогийнх нь харин хатуу зажлууртай байх нь илүү тохиромжтой. Элсэн чихэр, сарнай, хушга, жимсний үр, чавга зэрэг өөрсдийн идэх дуртай төрөл бүрийн амттанаар шанз бэлтгэн найруулдаг ба зарим газарт мах, ногоо, үр тариагаар ч хийх нь бий. Гол нь Өлзийт өдрийн баярын гол идээ гэх утгаараа бөөрөнхий хэлбэртэй хийдэг ёстой бөгөөд энэ нь эв нэгтэй, элэг бүтэн, өдрөөс өдөр өөдрөг байхыг бэлгэддэг байна.

Өлзийт өдрийн баярын үүсэл гарлын хувьд Хань гүрний Хань Вэнь Ди хаан Люй овогтны урвалганыг төвшитгөсөн явдлыг тэмдэглэхийн тулд тус өдрийг баяр болгон тэмдэглэх болсон гэж ярьдаг бол ардын дунд харин бодит түүхийг үл харгалзсан домог ярианууд ч олон бий.

Эрт урьд цагт догшин араатнууд амьтан голтныг түйвээж, хүн төрөлхтний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулдаг цаг байжээ. Үүний тулд ардууд ангийн баг байгуулан, догшин араатныг агнадаг болсон гэнэ. Нэгэн өдөр анчид өлсөж ядарсан тэнгэрийн шувууг амарч байхад нь санаандгүй агнаснаар их уршиг тарьж, тэнгэрийн хааныг хилэгнүүлсэн байна. Цайлган сэтгэлтэй тэнгэрийн гүнж хүн төрөлхтнийг өрөвдөн, тэнгэрийн хаан цагаан сарын 15-ны шөнө их түймэр тавьж, газар дэлхийг түймэрдэн, хүн төрөлхтнийг хүйс тэмтрэхээр байгаа мэдээг хүмүүст дамжуулжээ. Хүмүүс энэхүү аймшигт мэдээг дуулаад ихэд хэлмэгдэн, яах учраа олохгүй сандарцгаахад насан сүүдэр өндөр нэгэн буурал арга гарган, 14-16-ны шөнө айл өрх бүр гаднаа улаан дэнлүү асаан, хулс шатаан дуу гаргаж, тэнгэрээс харахад хүний орчлонд галын аюул болж байгаа дүр үзүүлэхээр болж гэнэ. Энэхүү үйлдэл нь үнэхээр тэнгэрийн хааны нүдийг амжилттай хуурч, хүн төрөлхтнийг аварчээ. Тэр цагаас хойш ард иргэд жил бүрийн цагаан сарын шинийн арван тавны шөнийг дэнлүүний баяр болгон тэмдэглэдэг болсон гэнэ.

Дэнлүү нь Хятадын ард түмний сэтгэлд баяр найрын бэлгэ тэмдэг болдог. Дэнлүүний баяраар өнгө алагласан төрөл бүрийн дэнлүү сонирхох, дэнлүүний оньсого таах зэрэг ардын уламжлалт арга хэмжээ болдог. Дэнлүүний оньсого нь мянга гаруй жилийн түүхтэй маш сонирхолтой танин мэдэхүйн тоглоом юм. Тэр нь хүний ухаан билэг, мэдлэг оюуныг сорьдог оньсого тааврын шинжтэй тоглоом бөгөөд өлзийт өдрийн баярын дутаж болшгүй нэг хэсэг болдог. Оньсогын асуулт нь амьтан, ургамал, эд зүйлсийн нэр, хэлц үг, үсэг  таах таван их ангиллыг хамардаг бөгөөд асуултыг цаасан дээр бичиж дэнлүүнээс өлгөн уншсан хүмүүсээр таалгадаг байна.

Үүнээс гадна дэнлүүний баяраар орон нутгуудад мөн лууны бүжиг, арслангийн бүжиг, модон хөлт тоглолт, Янгар бүжиг бүжиглэн, Ян /тарианы чих/ Гэ /дуу/ дуу дуулах зэрэг ардын уламжлалт үзүүлбэрүүдийг тоглон, өлзийт өдрийн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэдэг.

Өнгө алагласан хувцас өмсөж хэнгэрэг цан дэлдэн, дуу хуур үүсгэж тоглодог “Янгар” бүжиг нь Хятадын умард бүс нутагт өргөн дэлгэрсэн ардын урлагийн төрөл бөгөөд олон мянган жилийн түүхтэй болжээ. Эртний тариаланчид тарианы чих суулгах явцдаа алжаалаа тайлахын тулд дуу дуулж, бүжиг бүжиглэдэг байсан нь аажмаар Янгар бүжиг, Янгэ дууг бий болгон хөгжүүлсэн гэх тайлбар бий. 

 

Ард түмний дунд өргөн дэлгэрсэн модон хөлт тоглолт нь мөн олон зуун жилийн түүхтэй ардын урлагийн нэгэн төрөл юм. Жүжигчид урт модыг хөлдөө уян алхаж үсрэн бүжиглэдэг. Модон савааны уртын хэмжээгээр урт, дунд, богино гэж ангилдаг бөгөөд модон хөлийн хамгийн урт нь 3 метр хүрдэг байна. Модон хөлт гэх урлагийн хэлбэр нь эртний хүмүүс модноос зэрлэг жимс түүх, голоос загас агнах зэрэг зорилгоор хоёр урт савааг хөлдөө зангидан боодог байснаас үүсэлтэй гэж үздэг ба зарим ном сударт мөн тогорууны шүтлэгтэй ардын тогорууг дуурайж бүжиглэх үйлээс улбаатай гэх тайлбар ч бий. 

Ийнхүү хуучин оныхоо төгсгөлөөр гал голомтоо тахиж эхэлдэг Хятадын цагаан сарын баяр нь бүтэн сарны бүрэн дүүрэн бэлгэшээлтэй ёслол төгөлдөр өндөрлөж, учран золгож буй шинэ нэг жилээ утга дүүрэн эхлүүлдэг нь ухаант ард түмний ёс төрийн илэрхийлэл буюу.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл