Хятад, Монгол хоёр улс нь хаяа хаяагаа дэрлэн уул усаараа залгалдсан мөнхий сайхан хөрш юм. Сүүлийн жилүүдэд хоёр улсын эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг олон олон салбар дахь хамтын ажиллагаа нь улам бүр өргөжин тэлэгдэж, улмаар хоёр орны иргэдийн хоорондын харилцаа ч нягтран бэхжиж байна. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны хүмүүсийн сайн сайхан байдлыг холбосон чухал холбоос болж, "Бүс ба Зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалтын хүрээнд бий болсон найрсаг боломжууд нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлсээр иржээ.
Сүүлийн жилүүдэд Хятадад хил дамнасан эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хүсэлттэй Монгол улсын иргэдийн эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж, улмаар эмчилгээний дараах даатгалын нөхөн төлбөрийн урт удаан, төвөгтэй үйл явц нь Монгол улсын өвчтөнүүдэд тулгамдсан нэгэн гол хүндрэл болсоор иржээ. Ийнхүү Монгол улсын иргэдийн практик хэрэгцээг хангахын тулд ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэг нь 2025 оны 9-р сарын 18-нд Монгол улсын “Мандал Даатгал”-ын компанитай нэг жилийн стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Энэхүү санаачилга нь хил дамнасан эмнэлгийн даатгалын нэхэмжлэлийн үйлчилгээг хэрэгжүүлж, улмаар хил дамнасан эмнэлгийн эмчилгээний нөхөн төлбөрийн үйл явцыг хялбаршуулж, Монгол улсын даатгалд хамрагдсан иргэдийн Хятадад эмчлүүлэх үеийн нөхөн төлбөрийн хүндрэлтэй, төвөгтэй асуудлыг шийдвэрлэж, хил дамнасан эмчилгээний үйлчилгээг илүү хялбар, үр ашигтай болгосон байна.
Энэ дугаартаа бид Монгол улсын “Мандал Даатгал” ХК-ийн дэд захирал Ш.Гантуяаг урин ярилцлага хийж, энэхүү хил дамнасан эрүүл мэндийн даатгалын хамтын ажиллагааны анхны зорилго, үйлчилгээний загвар болон ирээдүйн Монгол, Хятадын эрүүл мэндийн салбарын урт хугацааны хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар гүнзгий ярилцлага өрнүүлэн, хоёр орны иргэдэд үр өгөөжөө өгч бий энэхүү эрүүл мэндийн даатгалын гүүр хэрхэн бодитоор хэрэгжиж байгааг хамттаа ойлгоё.
Сэтгүүлч: Монгол Улсын хамгийн том даатгалын компани болсны хувьд яагаад ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах болсон бэ?
Ш.Гантуяаг: Манай компанийн хувьд даатгуулагчдадаа зөвхөн Монгол Улсын хэмжээнд бус, шаардлагатай тохиолдолд хил дамнан чанартай эмчилгээ, оношилгоо авах боломжийг бүрдүүлэх нь чухал зорилтын нэг юм. ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэг нь Өвөр Монголын томоохон эмнэлгүүдийн нэг бөгөөд Монгол улсын иргэдийн хувьд олон жилийн туршид танил, итгэл хүлээсэн, эмчилгээ үйлчилгээний чанар сайтай эмнэлэг гэж бид үздэг. Мөн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нарын багтай, Монгол үйлчлүүлэгчид хэл, соёлын хувьд ойлголцоход харьцангуй хялбар, Монгол Улсаас шууд нислэгтэй зэрэг давуу талууд бий. Иймээс бид даатгуулагчдадаа илүү өргөн сонголт, илүү хүртээмжтэй, найдвартай эмчилгээний боломжийг бүрдүүлэх зорилгоор тус эмнэлэгтэй хамтын ажиллагаа эхлүүлсэн.
Сэтгүүлч: Танай компанийн хувьд хил дамнасан эмчилгээний даатгалын үйл ажиллагаа явуулахад ямар процессыг хэрхэн бүтэцүүлж, хэрэгжүүлж байна вэ?
Ш.Гантуяаг: Даатгуулагч маань гадаадад эмчилгээ, оношилгоо хийлгэх хүсэлт гаргасан тохиолдолд бид эхний ээлжид тухайн даатгалын хамгаалалт, гэрээний нөхцөл, шаардлагатай бичиг баримтыг шалгаж зөвлөгөө өгдөг. Үүний дараа шаардлагатай бол ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэгтэй холбогдон даатгуулагчид цаг авах, эмчилгээний зохион байгуулалтад нь дэмжлэг үзүүлэх байдлаар ажилладаг. Одоогийн хэрэгжүүлж буй процессын хувьд даатгуулагч эмнэлгийн төлбөрөө өөрөө төлж, эмчилгээний баримт, онош, төлбөрийн нэхэмжлэл зэрэг шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн манайд ирүүлдэг. Бид гэрээний хамгаалалт, нөхцөл, баримтын бүрдлийг шалгасны үндсэн дээр нөхөн төлбөрийг олгодог. Ингэснээр даатгуулагч маань эмчилгээний байгууллагатай холбоо тогтоох, баримт бүрдүүлэх, нөхөн төлбөр авах үйл явцыг илүү ойлгомжтой, эмх цэгцтэй байдлаар шийдвэрлэх боломжтой болж байна.
Сэтгүүлч: Танай компанийн даатгалын суваг нээгдсэнээс хойш хэр олон үйлчлүүлэгчдэд ашиг тусаа өгсөн бэ? Бодитой тоо хэмжээ бий юу?
Ш.Гантуяаг: Энэхүү хамтын ажиллагаа болон хил дамнасан эмчилгээний даатгалын сувгаар дамжуулан өнөөдрийн байдлаар 800 гаруй даатгуулагч үйлчилгээ авч, ашиг тусаа хүртээд байна. Энэ тоо нь даатгуулагчдын дунд гадаадад чанартай эмчилгээ, оношилгоо авах хэрэгцээ бодитоор байгааг харуулж байгаа юм. Мөн даатгалын байгууллага, эмнэлгийн байгууллагын хамтын ажиллагаа зөв бүтэцтэй хэрэгжвэл иргэдэд бодитой дэмжлэг үзүүлэх боломжтойг харуулж байна.
Сэтгүүлч: ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэгтэй нэг жилийн хамтын ажиллагааны хугацаа дууссаны дараа гэрээгээ сунгах эсвэл хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна уу?
Ш.Гантуяаг: Тийм. Бид одоогийн хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашид гэрээгээ сунгах, хамтын ажиллагааны цар хүрээг илүү өргөжүүлэх сонирхолтой байна. Манай даатгуулагчдын хувьд тус эмнэлэг нь хэл, соёл, байршил, эмчилгээний чанарын хувьд тохиромжтой сонголт болж байгаа. Иймээс цаашид хамтын ажиллагаагаа илүү тогтвортой болгож, даатгуулагчдад үзүүлэх үйлчилгээний хүртээмж, хурд, зохион байгуулалтыг улам сайжруулах боломжийг хамтдаа эрэлхийлэхийг хүсэж байна.
Сэтгүүлч: Хятад, Монголын хооронд Монгол уламжлалт анагаах ухааны салбар болон хил дамнасан эмнэлгийн даатгалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар та ямар хүлээлттэй байна вэ?
Ш.Гантуяаг: Хятад, Монгол хоёр улс эрүүл мэндийн салбар, тэр дундаа Монгол уламжлалт анагаах ухаан болон хил дамнасан эмчилгээний үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх өргөн боломжтой гэж бид харж байна. Монгол уламжлалт анагаах ухаан нь хоёр орны ард иргэдийн хувьд соёл, түүх, эмчилгээний туршлагаар холбогдсон чухал салбар юм. Үүнийг орчин үеийн эмчилгээ, оношилгоо, даатгалын системтэй зөв уялдуулж чадвал иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай, итгэлтэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Даатгалын компанийн хувьд бидний хүлээлт бол хил дамнасан эмчилгээний үйлчилгээг илүү стандарттай, ил тод, хурдан, даатгуулагчид ойлгомжтой болгох явдал юм. Эмнэлэг, даатгалын байгууллага, зохицуулагч байгууллагууд хамтран ажилласнаар иргэдийн эмчилгээний сонголт нэмэгдэж, санхүүгийн эрсдэл буурч, хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа илүү бодит үр дүнтэй болно гэж үзэж байна.
Цаашид бид ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, даатгуулагчдадаа чанартай эмчилгээ, найдвартай даатгалын хамгаалалт, илүү сайн үйлчилгээ хүргэхийг зорьж байна.
Ганцхан гэрээ нь эрүүл мэндийн гүүр болсон бол энэхүү хамтын ажиллагаа нь хоёр орны хөршийн харилцааг цаашид гүнзгийрүүлсэн билээ. Эрүүл мэндийн даатгал бол хил хязгаараар хязгаарлагдах ёсгүй хамгаалалт юм. Энэхүү хил дамнасан эмнэлгийн нөхөн төлбөрийн сувгийг байгуулсан нь зөвхөн даатгалын салбарын практик түншлэл төдийгүй Хятад, Монголын хоорондын найрсаг солилцооны тод тусгал болох юм. Цаашид хоёр талаараа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, Монгол анагаах ухааны нөөцөө ашиглан, тохиромжтой эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэн хоёр орны ард түмний эрүүл энхийг хамтаар сахиж, улмаар Монгол, Хятадын эрүүл мэндийн салбарын харилцан ашигтай, хамтдаа хожсон шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичих болно.
