Олон улсын тэмээний судалгааны чуулган 9-р сарын 9-ний өдөр Алшаа Баруун хошууны Бадайн Жаран сууринд нээгдлээ.

"'Бүс ба Зам'санаачилга, тэмээний шинжлэх ухаан, технологи болон тогтвортой хөгжил" уриан дор зохион байгуулагдаж байгаа уг хуралд дэлхийн 21 орны мэргэжилтэн, эрдэмтэн, салбарын төлөөлөгчид цугларч, тэмээний аж ахуйн салбарыг хөгжүүлэх шинэлэг арга замуудыг хамтран хэлэлцэх болно.
Зургаан өдрийн турш үргэлжлэх тус хурлын хүрээнд "Торгоны зам"-ын тэмээний аж ахуйн салбарын харилцан туршлага солилцох арга хэмжээ, шинэ бүтээгдэхүүний танилцуулга, хамтын ажиллагааны гэрээ байгуулах болон байгууллагуудын танилцуулга зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдана. Тухайлбал, Тэмээний судалгаа, хөгжлийн олон улсын нийгэмлэг Алшаа аймгийг "Дэлхийн тэмээний сүүний нутаг" хэмээн албан ёсоор зарлах болно. Олон улсын эрдэм шинжилгээний солилцоог дэмжих зорилгоор хятад, англи, монгол хэлний зэрэгцээ орчуулгын үйлчилгээ бүхий сэдэвчилсэн форумуудыг зохион байгуулж, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгаа болон хэрэглээний салбарынхны хоорондох хил дамнасан хамтын ажиллагааны тавцанг бүрдүүлнэ. Түүнчлэн газар дээр нь танилцах аялал, Соёлын биет бус өвийн наадам, тэмээний поло тэмцээн зэрэг онцлох арга хэмжээнүүдээр Алшаа нутгийн аж үйлдвэрийн салбарын амжилт, соёлын өвийг сурталчлан таниулахын зэрэгцээ "Бүс ба Зам" дагуух тэмээний аж ахуйн салбарын хөгжилд шинэ эрч хүч нэмэх болно.
