Алтан намрын улиралд, Жянши мужийн Вуюань нутгийн Хуанлин эртний тосгоны байшингийн дээвэрт улаан чинжүү, эрдэнэ шиш, будаа буудай хатааж, намрын өвөрмөц өнгийг бүрдүүлж, жуулчдын сонирхлыг ихэд татна.

64 настай Цао Фуди бол энэ тосгоны уугуул иргэн. Түүний өдөр тутмын ажил нь дээврийн ургацыг арчлах, уламжлалт хоол бэлтгэх, намрын ургацыг танилцуулах явдал юм. Арван гаруй жилийн өмнө Цао Фудигийн гэр бүл уулан дээрх хуучин байшинд амьдардаг байсан бөгөөд зөвхөн 0.3 га будааны талбай, жижиг дэлгүүрээр амьжиргаагаа залгуулж, ядуухан амьдралтай байжээ.

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх бодлогыг түлхүү хэрэгжүүлснээр Хуанлин эртний тосгон бүрэн өөрчлөгдсөн юм. 2009 онд орон нутгийн захиргаа "хуучин тосгон хуучин байшинг шинэчлэн хамгаалах" ажиллагаа өрнүүлж, эртний тосгоныг хамгаалах ажлыг аялал жуулчлалын хөгжилтэй нэгтгэжээ. 2011 онд Цао Фүдигийн гэр бүл уулын бэлд шинээр баригдсан Хуанлин шинэ тосгонд нүүж, амьдралын нөхцөл байдал эрс сайжирсан юм. 2014 онд Хуанлингийн үзэмжит газар туршилтын журмаар ажиллаж, мянган жилийн түүхтэй намрын хатаах ардын зан заншил нь тус нутгийн өвөрмөц соёл аялал жуулчлалын брэнд болсон юм.

Үзэсгэлэнт газрын хөгжил нь хөдөөгийн нөөцийг сэргээж, Хуанлин тосгон болон түүний ойр орчмын бүс нутгийн 700 гаруй тосгоны иргэдэд ажлын байраар хангажээ. 2020 онд Цао Фүдиг аялал жуулчлалын компани албан ёсоор намрын наранд хатаах үзүүлбэрийн ажилтнаар элсэж, гэрийнхээ ойролцоо тогтвортой ажил, орлоготой болоод зогсохгүй гэр дэлгүүрийн орлоготой нийлээд жилийн орлого нь 300 мянган юаниас давсан байна.



