
БНХАУ-ын Худалдааны яам, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн газраас санаачлан, БНХАУ-ын Худалдааны яамны гадаад худалдааны хөгжлийн газар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газар, ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Хөххотын Ардын засгийн газраас хариуцан зохион байгуулж буй Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Хөххот дахь Цэлгэртал олон улсын хурлын төвд нээлтээ хийлээ.
Монгол-Хятадын экспо нь одоогоос 10 жилийн өмнө буюу 2015 онд анх удаагаа зохион байгуулагдаж байсан бол өнөөдөр тав дахь удаагаа ийнхүү ёслол төгөлдөр нээгдэж байгаа юм. “Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжил дэвшлийг урагшлуулъя” сэдвээр зохиогдож байгаа энэхүү экспо нь дээд түвшний уулзалт, эдийн засаг, худалдааны хэлэлцээр, хүмүүнлэгийн солилцоо, үзэсгэлэн худалдаа зэрэг дөрвөн их хэсгээс бүрдсэн бөгөөд 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх болно.
