Монгол анагаах ухааны гурван их тулгар бичгийн онолыг санаачлагч
Монгол анагаах ухааны хичээл хүмүүжил, уламжлалын зүтгэлтэн
Монгол төвд анагаах ухааны харилцааг тодруулагч
Манай орноос монгол үндэстэнд олгодог хоёр дахь “Оточ” цолын эзэн

“Ханиад хүрчихлээ, эм авъя” гэвэл “ Ханиадаа надад халдаахаар ирэв үү ” гэнэ. “Эмээ ууж дуусаад дахиж ирэх үү? ” гэвэл “ Мөнгө чинь илүү гарч байвал ирээрэй” гэх хэгжүүн үгтэй энэ өвгөн бол эмч Б.Жигмэд.
Настантай би олон жилийн өмнө танилцсан юм. Намхан биетэй, хэнтэй ч болов тоглоом хийчихсэн л явж байдаг. Түүний өөртөө итгэлтэй байдал өвчтөнд тайтгарал, хүсэл эрмэлзэл авчирдаг.
Эхэндээ олон хүн түүнийг төдийлэн сайн ойлгодоггүй ч эмч хэр баргийн хүнтэй хээв нэг харилцдаг тул хүмүүс энэхүү “хэдэр” настанд өөрийн эрхгүй дасаж эхэлдэг …
Сүмийн бяцхан банди буюу шавь эмч
Солонгодын Б.Жигмэд 1939 онд Ордос хотын Отогийн өмнөд хошууны Зуух сумын Цайдам гацаанд малчин Бадрах болон Бумдарийн гуравдугаар хөвгүүн болон мэндэлсэн.
Хувь тавилан гэж байдаг бол Жигмэд үнэхээр эмч болох төөрөгтэй хүн байжээ. Тэрбээр их үйлсийн аяндаа дөрвөн том ачтантай учирлаа гэдэг.
Нэг насны хамгийн баярт мөчөө эрэгцүүлэхдээ Жигмэд гуай их сургуульд орсон явдал юм гэж хариулсан.
“Тухайн үед их сургуульд элсэн ороход ахлах дунд сургууль дүүргэсэн сурагч олдохгүй болохоор зөвхөн суралцаж байсан залуусыг элсүүлэхээр болжээ. 1958 онд Өвөр Монголын эмнэлгийн дээд сургуулийн монгол эмнэлгийн анхны үндсэн ангид элсүүлж, н.Сүрэнжав эмчийн сурагч болсон маань маш азтай тохиол юм” гэж байлаа.

“Үсэг бичдэг” хүн
Жигмэд гуай яагаад ч юм хоолны цагаараа ахин дахин “дуудуулах” зантай хүн гэнэ. Бусад хүмүүс бүгд залхаад энэ хүнд үүргийг гурван настай ач хүүгээр нь хийлгэдэг болсон байна. Ач хүү нь эхлээд “Өвөг өө, хоолоо ид” гэж дуудна, “Жий багш аа”, “Эмчээ”, “Профессор оо” гэж хүртэл дуудаж үзнэ. Хариулахгүй шүү дээ. Ач хүү нь аргаа барж, уурлахаараа “Өвгөн өө” гээд чанга дуудахаар Жигмэд гуай гараад ирдэг гэнэ. Хэн нэг нь “Өвөг чинь юу хийдэг хүн бэ?” гэж асуувал бяцхан хүү: “Үсэг бичдэг” хүн гэж хариулдаг гэнэ.
Их мөрөн дөлгөөн Эрдэмт хүмүүн даруу. “Монгол анагаах ухааны үндсэн онолын сурах бичгийг найруулахаар эртний сурвалж бичгүүдийг хөрвүүлсээр байгаад би чинь монгол анагаах ухааны түүхийн судалгаанд орчихсон шүү” гэж Жигмэд гуай хуучилна.
“Судалгаанд сүнсээ даллуулсан хүн” гэж гэргий Наран нь хэлж байлаа. Жигмэд гуайн гэрт ороход нэг унтлагын өрөөнөөс бусад өрөө, цонхны давцан дүүрэн ном. “Одоо би унтах өрөөнөөсөө бусад газрыг суллаж өгч дийлэхгүй болжээ” гэж эхнэр нь хэлнэ. Гэргий Нарангийн нүдэнд ч Жигмэд гуай бол нэг “Үсэг бичдэг” л хүн болсон гэлтэй.
Наран Улаанхад хотын Байрин баруун хошуунд нутагтай, нэгдүгээр харьяа эмнэлгийн хорооны дарга нар эмнэлгийн тасагт дэд профессороор ажиллаж байгаад 2005 онд тэтгэвэртээ гарчээ.
2004 онд Наран настан бөөрний үрэвсэлд нэрвэгдэж, бүр таягтай явах болсон үед хань нь хуучин жороор бараг эмнэн эдгээх боломжгүй болсон эмгэнийхээ өвчнийг анагаасанд Наран настан үргэлж баярлан талархаж явдаг гэнэ.

Хийсэн бүтээлтэй багш буюу гүн эрдэмт эмч
“Монгол анагаах ухааны онол бол зайлшгүй гардан эмчилсний үндсэн дээр бий болсон онол. Харин судалгаа хийж байгаа хүмүүс эмчилгээ хийж үзэлгүйгээр цаасан бичиг материалд тулгуурлаж онол тогтоовол тэр нь зүгээр л хоосон онолоос цаашгүй. Энэ бол уламжлалт анагаахын эртний жам ёсны шинжтэй асуудал.” -Жигмэд
Жигмэд 17 настайдаа хөдөө эмчилж байхад Отогийн өмнөд хошууны Зуух сумын Цагаадай гэдэг 16 настай залуугийн хөл хавагнаж, идээлэн, нимгэн яс унаж байсан гэнэ. Тэр нь яг Жигмэдийн уншсан Төвдөөс орчуулсан модон барын монгол номд тэмдэглэсэн “Ясан барай” гэдэг өвчний шинж тэмдэгтэй их төстэй болохоор өвчнийг нь амархан анагаажээ. Үүнээс улбаалж Жигмэд эмч эртний зохиол найдвартай юм байна, хүнд өвчнийг анагаахад эртний сурвалж бичгийг ашиглаж болох юм байна гэсэн бодол орж ирсэн гэнэ.
1963 онд Б.Жигмэд сургуульдаа үлдэн багшилжээ. 1958 онд байгуулагдсан Өвөр Монголын эмнэлгийн дээд сургуулийн монгол эмнэлгийн тусгай мэргэжлийн үндсэн онолын сурах бичиг нь голдуу эртний судар бичиг байсан тул их сургуульд хэрэглэх үндсэн онолын сурах бичгийг найруулах, системжүүлэх ажил тулгуу шаардагдаж байлаа .
Эртний онолын шимийг тунгааж, сурах бичгийг шинээр найруулан бичихээр Жигмэд хэдэн арван эртний сурвалж бичиг үзэж, материал цуглуулан шинжлэхийн хамт хятад эмнэлгийн шинээр найруулсан сурах бичгүүдийг уншиж нягтлав. Мөн эртний тулгар бичиг дэх биеийн бүтцийн орон, өвчний орны агуулгаар суурь болгож, судар бичгүүдийн доторх тархай бутархай байсан үндсэн онолын агуулгыг эмхлэн цэгцэлж, таван махбодын сургаал, арга билгийн судлал, цул савын судлал, хар цагаан судлын онол зэргийг анх системжүүлсэн байна. 1965 онд “Монгол анагаах ухааны үндсэн онолын сурах бичиг”-ийг (нэг , хоёрдугаар)-г шинээр найруулан тус бүрээр хэвлүүлэн гаргажээ. Тус сурах бичиг нь монгол анагаах ухааны үндсэн онолыг системжүүлэхэд суурь болж өгсөн байна.
Монгол анагаах ухааны түүхийг тодорхойлохын тулд Жигмэд эртний сурвалж бичиг болон манай улсын хорин дөрвөн түүхэн дэхь анагаах ухааны түүхийн материалыг шүүжээ. Бүх улс ба орны доторх түүхийн буурь, сүм хийдээр сурвалжилж, нэлээд баялаг, үнэ цэнэтэй анхны материалуудыг олж авсан байна. Ингээд “Монгол анагаах ухааны түүхийн анхны судалгаа” гэх бүтээлч чанартай эрдэм шинжилгээний өгүүллээ туурвилаа.
Тэрээр материал цуглуулан шинжилгээ хийж, 1978 онд “Анагаах ухааны эртний зохиол бүтээлийн тухай тойм шинжилгээ” сэдэвт өгүүллээ нийтэлж, XVI зуунаас XX зууны дунд үе хүртэлх 24 зүйлийн гол болох сурвалж бичгийг сонгож анх удаа сурвалж бичгийн шинжилгээний магадлал хийсэн ба “Монгол анагаах ухааны товч түүх” дотроо түүхэнд нэлээд олон анагаах ухаантнууд ба зохиол бүтээлүүдийг түүхийн үүднээс тусгай магадлал хийж тодорхойлжээ. “Дөрвөн рашаан”, “Үзэсгэлэнт нүдэн чимэг”, “Увдисын далай” гурвыг монгол анагаах ухааны гурван их тулгар бичиг болно гэсэн үзэл бодлоо 1977 онд анх дурджээ.
Ганжуур Данжуурыг өрөөд тавихад жижгэвтэр өрөө бол дүүрнэ. Жигмэд гуай нөр их хөдөлмөр зарцуулж, энэ аварга бүтээлийг шүүж, анагаах ухаантай холбогдох гучаад зохиол олжээ.
Үүнээс гадна Жигмэд “Монгол судлалын нэвтэрхий толь” анагаах ухааны ботийг найруулсан бөгөөд “Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь-Монгол анагаах ухаан”, “Эм эмнэлгийн гар дэвтэр” зэрэг номыг найруулах ажилд оролцож, улсын зэрэглэл ба мужийн зэрэглэлийн сэтгүүл дээр 60 гаруй өгүүлэл нийтлүүлэн, 20 гаруй өгүүлэл нь гадаад улсад нийтлэгдсэн байна .
“Монгол анагаах ухаан бол монгол нүүдэл соёл иргэншилд суурилсан, сүү цагааны үнэр ханхалсан, өөрийн гэсэн системтэй, ил тод үндэстний онцлогтой анагаах ухаан юм. Энэ нь монгол соёлын далай өвийн доторх дутагдаж болохгүй нандин өв хөрөнгө байх ёстой. Түүнчлэн практикт суурилсан шинжлэх ухаан, бодит эмчилгээнээс салгаж ойлгохын аргагүй. Яс бэртэх, тархи хөдлөх зэрэг бол морьтон үндэстэнд байнга тохиолдох үзэгдэл. Тиймээс монголчууд энэ гэмтлийг анагаах өвөрмөц заслын аргыг нээн уламжилж өдгөө хүрсэн нь үнэхээр гайхамшиг билээ” гэж Жигмэд ярих дуртай.
Улаанцав нутагтай Сампил гуай: -Жигмэд эмчээс олон жил эм уулаа. Хамаатан саднаа ч дагуулж ирдэг. Монгол эмэндээ итгэнэ шүү, удаан чанартай архаг өвчин анагаах ба өвчнийг үндсээр нь эдгээх тал дээр манай монгол эмнэлэг” гэж эрхий хуруугаа гозойлгоно.
50 гаруй жилийн эмчилгээгээр Жигмэд баялаг туршлага хуримтуулж, ялангуяа гавлын хөндийд ус хурсан, цагаан судлын системийн гэмтэл, цусаар шээх, эмэгтэйчүүдий ба хүүхдийн зарим өвчнийг анагааж, сайн үр дүнд хүрсэн байна.
Улсын оточ буюу уламжлалын дархан
Улсын Их оточ бол бүх улсын хэмжээнд 5 жилд нэг удаа, удаа бүрт 30 нэр хүндтэй, анагаах ухааны салбарт гавьяа гаргасан хүнийг сонгодог юм байна. Манай орон, монгол үндэстэнд н.Сүрэнжав гуайн араас Жигмэд эмч энэхүү хүнд өргөмжлөлийг хүртэж байна. “Улсын анагаах ухааны отчоор цоллогдсон явдал бол миний ажил үйлсийн тухай нэгэн том зоригжуулалт юм. Монгол анагаах ухаан бол миний нэгэн насны хөдөлмөр” гэсэн нь Жигмэд гуайн чин сэтгэлийн үг байлаа.
“Өвгөнийхөө оточ цол хүртсэнд нь би үнэхээр баярлана. Гэвч эрүүл мэндийнх нь төлөө харин сэтгэл илүү зовно” гэж гэргий Наран нь арга барагдсан байдалтай хэлсэн юм.
“Монгол анагаах ухаан улмаар дэлхий нийтэд танигдаж байна. Энэ нь н.Сүрэнжав, Б.Жигмэд зэрэг олон монгол эмч судлаачдын хөдөлмөр зүтгэлтэй холбоотой. Монгол анагаах ухаанаа хөгжүүлэхэд чадвартныг бэлтгэх, үндсэн шат хүртэлх иж бүрэн эм эмнэлгийн нөхцөл бүрдүүлэх, улам олон хүмүүст ойлгуулж таниулах, өөрийн гэсэн докторант бэлтгэх, чадвартай боловсон хүчин бэлтгэх систем бүрдүүлэх зэрэг олон ажлыг хийх шаардлагатай. Монгол анагаах ухаан бол манай монгол үндэстний соёлын дутагдаж үл болох хэсэг. Бүх хүн төрөлхтний соёлын үнэт өв хөрөнгө шүү” гэж Уул багш сэтгэгдлээ ярьлаа.
Б.Жигмэд гуай бол Өвөр Монголын анагаах ухааны их сургуулийн хамгийн анхны магистр цол хамгаалах сурагч бэлтгэсэн, монгол анагаах ухааны ууган доктор төгсгөсөн багш. Өнөөг хүртэл зургаан доктор төгсгөөд байна. Тэрээр 2000 онд тэтгэвэрт гарсан боловч сургуульдаа уригдан, доктор бэлтгэх болон судалгааны ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ тусгай мэргэжилтний хувиар долоо хоногт гурван удаа эмчилгээ хийж байна.
“-Би олон шавьтай, тэдэнд юмаа харамгүй заана. Хүүхдээс нэг нь шавилсан бол би зарим эрдмээ бусад сурагчаас харамлаж магад. Сурах дуртай, сэргэлэн хүүхдэд заах дуртай, муу санаатай хүнд заах дургүй ” гэж Б.Жигмэд гуай шог болгож ярина.
Хөхнуур нутагтай Сувсан бүсгүй бол Б.Жигмэд эмчийн хайртай шавийн нэг. “Шавь болоод жил болж байна, багш минь өвчтөнд ээлтэй, эмч хүн өрөвч байх хэрэгтэй гэж сургадаг, өвчтөнийхөө бэрхшээлийг ойлгодог, эрдмээ харамлахгүй заадаг, багштайгаа адил эм жороор хүнд тусалъя гэж бодож байна. Энэ жил магистрын шалгалтаа өгнө” гэж энэхүү анагаах ухаан сурсан шүлэгч охин итгэл бардам хэлэхэд Б.Жигмэд гуайн царайд баярын мишээл тодорно.
2012 онд улсаас 500 мянган юаний хөрөнгө оруулан Жигмэд эмч монгол анагаах ухааны үзэл санаа туршлагыг уламжлах, энэ чиглэлээр ажиллах тасаг байгуулж өгчээ. Ажиллах өрөөнд одоохондоо Жигмэд багшийг багтаасан 6 хүн ажиллаж байгаа бөгөөд хожим бас сурагч элсүүлэх төлөвлөгөөтэй.
“Зохиол бүтээлийн бүрэн түүврээ гаргая, үндсэн онолын сурах материалдаа тайлбар нэмж дахин хэвлүүлж, багш сурагчдад лавлах материал үлдээе. Эртний сурвалж бичгээс олсон зүйлсээ хэвлүүлье. Бурхан тэнгэр бас жаахан зав өгдөг юм бол өөрийн нэг насны эзэмшсэн эмнэлгийн туршлагаа ном болгох санаатай … ” гэж Б.Жигмэд тоолшгүй олон ажлаа байрлуулчихаад өдөржин зав ажиллаж сууна.
“-Үгүй, би чинь ид үгүй хүмүүн биш үү, би лимбэ үлээнэ, шанз хөгжимдөнө, наадаж хөөрөх дуртай. Гадаад хэлтэй байсан бол хичнээн сайн байх билээ гэж харамсдаг. Монгол анагаах ухааны салбарыг сонгосондоо харамсах зүйлгүй” гэж Жигмэд гуай ярина.
Бүх оюунаа монгол анагаахын салбарт зориулсан их багштан маань урт насалж удаан жаргаж хайрла.
