solongonews
Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ
2020-08-27 16:52
Монгол хүний дэлхийд хувь нэмэр оруулж эрүүл бие, саруул ухааны төлөө хэдэн мянган жилийн тэртээгээс байгаа орчноо мэдэрч, судалж, уламжлан хөгжүүлж ирсэн нэгэн гайхамшиг бол яах аргагүй монгол уламжлалт анагаах ухаан! Үүний үнэ цэнийг үнэмшин, уншигч түмэндээ мэдрүүлэх, хүргэх, бахархуулах зорилгоор Солонго мэдээллийн төвөөс удаа дараалан монгол анагаах ухааны сэдэвт цуврал сурвалжилга зохион байгуулдаг билээ. Өнөөдөр та бүхэнд 30 гаруй жил монгол анагаах ухааны боловсролын салбарт хүчин зүтгэж, 40 гаруй жил эмчилгээний ажилд гар бие оролцсон ахмад эмч Сүхээг танилцуулж байна.

- Та уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

- Би 1976 онд одоогийн Өвөр Монголын Анагаахын их сургуулийг төгссөн. Сургуульдаа үлдэж багшлаад боловсрол, эрдэм шинжилгээ, эмчилгээний ажилд оролцож, 2010 онд тэтгэвэрт гарсны дараа Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлэгт уригдсан. Энд ажиллаад бие болон сэтгэл зүйн эмч, Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн музейн зөвлөгч, "Хятад улсын монгол эм эмнэлэг" сэтгүүл, "Хятадын анагаах ухааны нэвтэрхий толь, монгол анагаах ухаан"-ы дэд ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

- Үндсэн мэргэжил, эмчилгээний онцлог тань юу вэ?

- Миний эрдэм шинжилгээний үндсэн чиглэл бол монгол анагаах ухааны түүх, сурвалж бичиг, үндсэн онол, эмчилгээ юм. Би ямар ч өвчнийг бүгдийг эмчилдэг. Одоо эмнэлэгт нойр хулжилт, гансрах ба сэтгэл зүйн өвчнийг эмчилж байна.

- Та Монгол анагаах ухааны түүх сурвалж бичгийг олон жил сурагч шавь нартаа сургаж, олон сайхан эрдэм шинжилгээний ном бичиг туурвисан байна. Монгол анагаах ухааны өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн тухайд бодлоо хуваалцаач?

- Түүхээс нь ярьвал монгол анагаах ухаан урт удаан түүхтэй. Ном бичигт 3000-5000 жилийн явцыг өнгөрүүлсэн гэж нотолж байна. "Хааны дотоод судар" (Эмнэлгийн сонгодог зохиол)-т “Умард орон бол хүйтэн бөгөөд өндөрлөг орон, тийм болохоор хүйтэн өвчинд нэрвэгдэх нь олон. Тэд мал маллан, цагаан идээ идэж, хээр хоноглодог, хятадын төөнөх засал умард орноос иржээ" гэж тэмдэглэсэн байдаг. Бас нэгэн гэрч болох зүйл бол 1963 онд хууч судлаачид Шилийнголын Долоннуурт малтлага хийсэнд нэг тал нь хавтгай иртэй, нөгөө тал нь дөрвөлжин иртэй 4 см урт чулуун зүү гарч ирсэн. Хууч судлаачид шинжлэх ухааны арга барилаар үүнийг шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун багаж. Хавтгай ирээр нь огтлох, дөрвөлжин ирээр нь ханах, цус тавьдаг байсан юм байна гэж судалж дүгнэн ном хэвлэлд "Монгол чулуун зүү" гэж нэрлэсэн. Гурван улсын үеэс умард оронд хятад үндэстэн орж ирээгүй, харин монголчуудыг багтаасан умард орны ард иргэд аль эртнээс эмчилгээний ажлыг хийж байсан. Шинэ чулуун зэвсгийн үе 5000-10000 жилийн зайтай. Тиймээс хамгийн багаар бодоход л монгол анагаах ухаан 5000 жилийн түүхтэй болж таарч байна. Монголчууд эртнээсээ нүүдэллэж ирсэн болохоор өвс ургамлын эмт чанарыг сайн танина. 13-р зуунаас л монгол гэж үндэстэн, аймаг бүлэгтэй болж, монгол анагаах ухааны онол бий болсон. Өөрөөр хэлбэл, халуун хүйтэн өвчний онол. Аливаа өвчнийг халуун өвчин, хүйтэн өвчин гэж хуваана. 16-р зуунаас Энэтхэг Төвдийн "Хий, шар, бадганы онол" орж ирээд, үүнээс халуун хүйтний онолоо олон зүйлд хуваасан ба өвчний 404 төрөл бий. Гэвч мөн чанараар нь хуваавал мөн  л халуун, хүйтэн өвчин гэсэн хоёр төрөл. "Хий, шар, бадганы онол"-оос уламжлан авахдаа монгол орныхоо байгаль орчин, хүн арддаа тохирсон зүйлийг сонголттойгоор хүлээн авч монгол анагаах ухаанаа төгөлдөржүүлсэн. 19-р зуунд монгол эмч нар сүм хийдээр маш тархай бутархай түгж байсан. 1956 онд тухайн үеийн Өвөр Монголын эрүүл мэндийн яамны дарга байсан Хурцбилэг гэдэг хүн монгол анагаах ухаан, эм эмнэлгийг хөгжүүлье гэж зориг шулуудан 1956 онд нэрт эмч нарыг цуглуулсан байдаг. Ингээд монгол анагаах ухаантай холбоотой ном судрыг орчуулж найруулуулан, 1958 онд монгол анагаах ухааныг жинхэнэ утгаар нь их сургуулийн хүрээнд оруулж, монгол анагаах ухааны салбар гарган өнөөг хүртэл сурагч шавь нараа бэлтгэсээр байна. Өнөөдөр монгол уламжлалт анагаах ухаан  тусгай эмнэлэгтэй болсон. Хошуу аймгуудад ч монгол эмнэлэгтэй болсон. 2012 онд Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийг байгуулж эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт хийж, шинэ эмийн жор бүтээж байна.

- Монгол Улсын эмч судлаачидтай хэр харилцаатай байдаг вэ?

- Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлэг Монгол Улстай гэрээтэй. Тогтмол хугацаатайгаар Монгол Улсад очиж эмчилгээ хийх болон эрдэм шинжилгээний солилцоо хийдэг. 1994 оноос эхлэн монголын оюутнууд Өвөр Монголын Анагаахын их сургуульд ирж сурсаар байгаа. Манай эндээс ч монгол эмч нар Монгол Улсад докторантын зэрэг хамгаалж байна.

- Та сая нойр хулжилтын эмчээр уригдан ажиллаж байна гэсэн. Орчин үед нойр хулжих нь нэг төрлийн өвчин болж насны ялгалгүй олон хүнийг зовоох болсон. Ямар нөхцөлд нойр хулжилт үүсдэг вэ, хэрхэн эмчилвэл зохих вэ?

- Өмнө нь эмэгтэйчүүд болон настай хүмүүс энэ төрлийн өвчнөөр олон өвчилдөг байсан бол одоо хүүхэд залуус ч их нойргүйдэх болсон. Шалтгаан нь маш олон. Нойр хулжих нь бие махбодийн талаас хий арвидаж хямарснаас шалтгаалсан. Унтах цаг нь болсон ч нойргүйдэх, бага зэрэг дуу чимээнд сэрэх, бодолд автах, өөрийгөө удирдах чадваргүй болсон байдлыг хэлнэ. Нойр хулжилтаас бухимдах, гансрах, сэтгэцийн эмгэг гарч ирж мэднэ. Хэл, сэтгэл зүйн ачаалал хэтрэх, гомдож баярлах, уурлаж бухимдах зэрэг сэтгэл санааны гэнэтийн сэдэлт, ужиг чанартай цус багадалт, удаан чанартай өвчин, биеийн тамир тэнхээ муудах, алжааж ядрах, нас ахиж зүрхэн тамир муудахаас шалтгаалах нь олонтаа. Үүнийг эмчлэх арга нь сэтгэл санаагаа амар тайван байлгах, үргэлж тослог зөөлөн, шим тэжээлтэй хүнс хэрэглэх нь хийг дарж нойр хулжилтыг эдгээнэ. Үүний зэрэгцээ дасгал хөдөлгөөн хийх, олон нийтийн арга хэмжээнд оролцож бодлоо ариун, сэтгэл санаагаа баясгалантай байлгаж байвал сайн. Заслын тухайд оройн бэлчир, хийн бэлчир, тохойн хотгорыг хатгах, халуун жин тавих, рашаанд суух зэрэг эмчилгээний аргууд бий. Бас 100 гр халгай авч сүү буюу усанд чанаад өдөр бүр хоёр удаа хувааж уух, сүүг шар тос, бурамтай хольж ууна.

- Ер нь монгол уламжлалт анагаахад бие, сэтгэл зүйн эмчилгээ гэж эртнээсээ байсан уу?

- Эртнээсээ байсан. Андай бүжгээр жишээлэхэд тэр чинь бие болон сэтгэл зүйн эмчилгээ хийх хөдөлгөөн. Өвчинтөй хүн андай бүжиг бүжиглэж байхыг хараад сэтгэл санаа нь уужран, гүйж орж ирээд дунд нь бүжиглэх нь ч буй. Хүн ”Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрнэ” гэдэг чинь яг үүнийг хэлж байна. Сэтгэл санаа баяр баясгалантай байвал биеийн өвчин аяндаа эдгэрэх буюу өвчин тусахгүй. Энэ эмчилгээг гадаад улсад аль хэдийн хэрэгжүүлсэн. Одоогийн бидний хэрэгжүүлж байгаа эмчилгээ нь судалгаа хийж, шинжлэх ухаанд нийцсэн тэр хэсгийг хуримтлуулан, бие сэтгэлийг зэрэг эмчлэх тасаг гаргасан.

- Завгүй ажлын завсар бидэнд үнэтэй ярилцлага өгсөнд баярлалаа! Танд эрүүл энхийг хүсье!

- Баярлалаа

Зохиогч: Ярилцсан: Ц. УРАНТУНГАЛАГ, М.БАНДИ
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл