
- Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? Яг хэдэн оноос энэ ажилд орсон бэ?
Би Ордос нутагтай, одоогоор ӨМӨЗО-ы “Олон улсын монгол эмнэлгийн хороо”-ны Эмчилгээний тасгийн эрхлэгч эмчээр ажиллаж байна. Өвөр Монголын Эмнэлгийн Дээд Сургуулийг дүүргэн, энэ мэргэжлээрээ сурч ажиллаад 29 жил болж байна.
- Танай уламжлалт эмчилгээний тасаг нь ямар аргаар эмчилж байна вэ?
Уламжлалт эмчилгээний тухай уламжлалт дөрвөн ерөндөгт идээ ундаа, явдал мөр, эм, засал гэж хуваадаг. Үүнд: Монгол анагаах ухааны уламжлалт эмчилгээг хатуу, ширүүн, зөөлөн гэж 3 ангилна. Хатуу эмчилгээнд огтлох, хагалах, хусах, гаргах гэсэн дөрвөн зүйл байх бол ширүүн эмчилгээнд хануур, төөнүүр, хатгах эмчилгээнүүдийг хамруулдаг. Харин зөөлөн эмчилгээнд илж нухах, дэвтээх, жин тавих засал орно. Хэдийгээр таван засал гэж ярьж байсан ч үнэндээ цайны эмчилгээ, мөсөн эмчилгээ гээд хориод төрөл байна.
- Ингэж эмчлэх нь биеийн бүх төрлийн өвчинд тохирох уу?
- Бараг бүх өвчинг эмчилж болно. Хануур нь ханаж болдог тусгай судасны бэлчрийг хатгаж, цусыг гадагшлуулах аргаар халуунаас болсон өвчнийг эмчилдэг бол төөнөх нь галын илчийг үүсгэн хий бадганыг дарж, хүйтэн нойтноос шалтгаалж үүсэх өвчин, эс шингэснийг шингээн хоол идэх дур хүслийг сэргээх гэх мэтчилэн. Европ эмнэлгийн дотор, гадна тасаг, эмэгтэйчүүдийн өвчин, хүүхдэд, ясны тасгийн өвчинд бүгдэд нь тохирно. Монгол уламжлалт анагаах ухаан нь зөвхөн эмчилгээний нөлөөтэй биш, өвчнөөс урьдчилан сэргийлэн, эрүүл мэндийг хамгаалж байдаг.
- Таныг эмч болоход гэр бүл нөлөөлсөн үү, эсвэл өөрийн дур сонирхлоороо эмч болов уу?
Анх эмч болох сонирхол бодол ч байгаагүй. 1989 онд шалгалт өгөөд миний шалгалтын дүн Өвөр Монголын Эмнэлгийн Дээд Сургуульд элсэх түвшинд хүрч байсан болохоор энэ мэргэжлийг сурч эхэлсэн. Монгол анагаах ухаанд бүхий л онолын системийн мэдлэг багтах бөгөөд хамрах хэмжээ нь маш өргөн байдаг. Их сургуулийн гуравдугаар күрс хүртэл хий шар бадган гэдгийг ч ойлгохгүй байсан. Сүүлд анагаах ухааны онолыг эзэмшээд ирэхэд өөрөө ч сонирхолтой болсон. Монгол анагаах ухааны зүтгэлтнүүд оюуныхаа хуримтлуулсан мэдлэг туршлагынхаа суурин дээр бодит байдалтай амьд бүтээлчээр уялдуулан энэтхэг, төвд, хятад анагаах ухааны арга билиг, таван махбодын сургаалыг суурь болгосон гурван махбод, долоон тамирын онолыг шингээн авсан өргөн гүн мэдлэгтэй болохоор эрхгүй татагдсан. Сүүлд эмчилгээнд гараад Уул, Мянганбаяр зэрэг нэр хүндтэй багш нарыг даган сурч, эмчилгээг бодит байдалтай уялдуулан улам нарийн сурч судлан энэ мэргэжлээр ажиллан өнөөг хүрсэн. Эм найруулгын талаас жишээ татахад ч зүүн зүгт харсан хулганы үүрт амьдардаг хулганы баас нь эмд ордог, нар гарах үед олж туссан хулганы баас нь сайн байдаг гэхчлэн маш нарийн судалгаа манай монгол анагаах ухаанд байдаг.
Монгол анагаах ухаан бусад шинжлэх ухааны хөгжилттэй адилхан тухайн үеийн нийгэм, аж ахуй соёлын хөгжилтэй нэгдмэл холбоотой байдаг. Монголчууд аль эртнээс мал маллан, ан rөpөө хийж, монгол гэрээр нүүдэллэн амьдардаг байсан бөгөөд хүйтэн нойтон, салхи бороо, цас, шуурга мэтийн байгалийн зуд гамшигтай ямагт тэмцэж байсны учир идээ ундаа, цаг уур болон орчин ахуй, өвчин эмгэгийн хоорондох харьцааны тухай нэлээд ойлголттой байжээ. Манай төөнөх, ханах эмчилгээ нь мянгаас хоёр мянган жилийн түүхтэй болсон байна. Хятад эмнэлгийн хамгийн том судар бичиг "Хуандигийн эмчилгээний сонгодог"-т төөнөх, ханах нь умард орны үндэстнийх гэж тэмдэглэж байсан. Монголчууд эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж, чулуунд бүдрэн унахад зуны халуунд өвдөж байсан толгой нь цус гарснаас болж өвдөх нь намдсан гэдэг. Түүнээс хойш ханах, төөнөх эмчилгээний арга монголчуудын дунд өргөн хэрэглэгддэг болсон гэж хэлэлцдэг. Тэр үед зохих хэмжээний эмчилгээний туршлага, онолтой болсныг гэрчилж байгаа бөгөөд мөн өөрсдийн эмнэлгийн шаардлагыг үндсэндээ хангаж чаддаг байсныг харуулж байгаа юм.
- Өдөрт хэдэн хүнд эмчилгээ хийж байна вэ?
Өдөрт оношилгоо, эмчилгээ гээд нийтдээ тавь гаруй өвчтөн үзэж байна.
- Монгол Улсад оношилгоо, эмчилгээ хийж байсан уу?
Манай Олон улсын монгол эмнэлгийн хороо нь жил бүр Монгол Улсад очиж оношилгоо, эмчилгээ үнэ төлбөргүй хийж байна. Би өнгөрсөн жилүүдэд Монгол Улс, ОХУ-ын Буриад улсад очиж үнэ төлбөргүй эмчлэх үйл ажиллагаанд оролцож байлаа.
- Таны бодлоор монгол эм эмнэлгийн хөгжил ямар байна вэ?
- Өнгөрсөн үеийг бодвол хөгжиж байна. Жишээлэхэд, хэрэглэж байгаа хэрэгслийн талд өмнө нь зэс соруул хэрэглэдэг байсан бол одоо шилэн соруул хэрэглэж байна. Шилэн соруул нь зэс соруулыг бодвол ариутгахад зэвэрнэ гэж байхгүй. Соруул тавьсан нөхцөлд доторх байдлыг сайн тод олж хардаг. Үр дүн нь зэс соруултайгаа адилхан. Төөнөхөд гал бамбар төөнүүр, сухайн төөнүүр хэрэглэж байсан бол эдгээр нь хүний биед өгөх шархлаа нь их, сорви үүсгэдэг болохоор сүүлийн үед нэг удаа хэрэглэдэг тусгай төөнүүрийг хэрэглэх болсон. Хуучин хэрэглэж байсан хануур ч амархан зэвэрдэг болохоор одоо нэг удаа л хэрэглэх хануурыг эмчилгээнд хэрэглэх болжээ. Энэ нь нэг хэрэглээг олон хүн хэрэглэвэл халдварлахаас хамгаалж чадна. Ингэж монгол эмнэлэг олон талт өөрчлөлт хийсэн.
- Шавь эмч бэлдэж байна уу?
Энд жил бүр Монгол Улс, ОХУ-ын Буриад улс, улсын дотоодын Шиньжян, Хөхнуур, Гансу, Өвөр Монголын аймаг хошууны монгол эмнэлэгтэй газар бүрээс ирж дадлага хийж байгаа эмч нар 100-200 гаруй байна.
- Манай уншигчдад таны зүгээс өгөх зөвлөгөө?
Өвчтөн бүр сайн эмчтэй таарахыг хүсдэг. Би эмч хүний хувьд та өөрөө сайн өвчтөн байхыг хүсэж байна. Ямар тасагт очиж эмчлүүлэхээ сайн мэдэж байх хэрэгтэй. Өдөр бүр эмч солих нь өвчин эдгэхэд нөлөөлөхөөс гадна мөнгөө ч үрнэ. Явдал мөр, хоол хүнсний талд хүн бүр анхаарах хэрэгтэй. Орчин үед сууж ажиллах хүн олон болжээ. Ийм байдалд хөл нуруу хүзүүний өвчин улам бүр залуужиж байна. Хоол хүнсээ тохируулж, дасгал хөдөлгөөн зохистой хийж байх хэрэгтэй.
- Сүрэнжав багшийн зургийг та өндөрт залсан байна. Та их багшийн шавь уу?
Сүрэнжав багшийн гарын шавь арай болж чадаагүй. Сургуульд байхад бидэнд хичээл орж байсан. Сүрэнжав багш надад Чулуу минь Улаан та хоёр эмчилгээгээ сайн хийж байна. Гэхдээ эмийн ухаанаа битгий умартаарай гэж хэлдэг. Анагаах ухаан дөрвөн хөлөөрөө явдаг. Ганц хөлөөрөө хол явж чадахгүй. Эмчилгээ заслын эмч эм, идээ ундаа, явдал мөр дөрвөөр эмчилбэл өвчтөн эмчилгээ авах нь хурдан байдаг.
- Цаг зав гарган ярилцсан танд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.
Баярлалаа.
