Монголчууд хаана, хэзээ уулзсан ч таних, танихгүй хүнийг ялгахгүй бэлгэ дэмбэрэлтэй үг болон зохих хөдлөл барилыг хавсаргаж бие биеийнхээ амар мэндийг асуун мэндчилдэг. Үүнийг амар асуух, амар айлтгах, амар эрэх, мэнд мэдэх, мэнд дэвшүүлэх гэхчлэн адилгүй нэрлэдэг.
Мэндлэх ёс бол монголчуудын харилцан халамжлах, харилцан хүндэтгэх сайхан сургаал бөгөөд нөхөрсөг дотно харилцааных нь бодит илрэл мөн. Иймээс мэндлэх ёс бол монголчуудын боловсон ёсорхог зан сургаалын чухал агуулга болохын зэрэгцээ оюуны соёлын чухал бүрэлдүүн хэсэг нь болно. Мэндлэхдээ ямар ч байдалд үе доор буюу насаар дүү хүн урьдаар мэнд мэддэг бөгөөд мэндэлж байгаа хүнийхээ өөдөөс төвлүүн харж намуун дуугаар мэнд асуудаг. Мэнд мэдэхэд заавал бүтэн өгүүлбэрээр хэлдэг бөгөөд мэнд асуусан үед мэнд хүлээсэн хүн заавал хариу мэндчилж мөн бүтэн өгүүлбэрээр хариулдаг ёстой. Тухайлбал:
“Та амархан сайн байна уу?” гэх мэтээр мэндлэхэд хариу “Сайн, сайн, та сайн байна уу?”, “Сайн , та амар сайн байна уу?” гэх мэтээр хариулдаг. Цөөн хүнтэй бол тус тусад нь мэндэлдэг. Найрлаж, хуримлаж байгаа зэрэг олон хүнтэй газарт нийтэд нь мэндэлдэг. Өдөрт нэг хүнтэй хэдэн удаа уулзсан ч мэнд мэдэх заншилтай. Олон нийтийн газар, хурал цуглаан дээр таних хүнтэйгээ толгой дохиж мэндэлдэг. Мэндлэхдээ энгэр заамаа сул тавих, ханцуйгаа шамлах, хормойгоо шуух, тамхи зуух зэргийг цээрлэж төв хичээнгүй байхыг хичээдэг.
Унаа хөсөгтэй явж байгаад мэндлэхдээ ахмад настантай уулзвал дүүмэд нь унаа хөсгөөсөө бууж дээл малгайгаа тэгшлэн урьдаар мэнд асуудаг. Ахмад нь унаанаасаа буухгүйгээр жолоогоо хураасхийж, зөв талын дөрөөгөө мултлан хариу мэндэлдэг. Нас чацуу, танил дасал хүн бол унаан дээрээ бие бөхийсхийн, зөв талын дөрөөгөө мултлан мэндчилдэг. Хүүхэд багачууд, ахас захас хүнтэй мэндлэхдээ “Аавын тэнхээ сайн уу?”, “Ээж амархан сайн байна уу?”, “Ахын бие сайн уу?”, “Эгч сайн сууж байна уу?” гэх мэтээр мэнд дэвшүүлдэг.
Айлд очсон зочин нь тэр айлын эзнээс насаар ах буюу үеэр дээр бол гэрийн эзэн урьдаар мэнд асуудаг. Зочин угтагсадтай мэндлэх , Айл хот, зам зуур олон хүнтэй уулзаад мэндлэх ба гэрт ороод мэндлэхдээ заавал ахмад настнаас нь эхэлж үе насаар нь ялган дэс дараалан мэндэлдэг заншилтай. Мэндлэх ёсонд дээр дурдсан мэт тогтсон дүрэм горим байдаг бөгөөд янз бүрийн байдалтай өвөрмөц хэлбэр агуулгатайгаар мэндчилдэг. Нийт Монголын мэндлэх ёсны хэлбэрийг яриат мэндчилэл болон хөдөлгөөнт мэндчилэл гэж ангилж болох бөгөөд тэдгээр нь сөхөрч мэндлэх, хөхүүр солилцож мэндлэх, ёсолж мэндлэх, мөргөж мэндлэх, хадгаар мэндлэх, гар барьж мэндлэх гэх мэт өвөрмөц онцлог бүхий олон хэлбэр маягаар хөгжиж хувирсан түүхэн явцтай байдаг. Мэндлэх ёсны агуулга нь мэндэлж байгаа орчин тойрон, тухайн байдалдаа чиглэгдсэн өвөрмөц онцлогоосоо болж өдөр тутмын мэнд, хоногийн мэнд, үдшийн мэнд, улирлын мэнд, ажлын мэнд гэх мэтээр ялгагддаг байна.