Өвөр Монголын Дэдмаа урлагийн сургуулийн монгол ятга хөгжмийн багш, Өвөр Монголын Багшийн их сургуулийн хөгжмийн консерваторын монгол ятга хөгжмийн зочин багшаар ажиллаж буй тэрээр 2004 оноос хойш Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд монгол ятгын мэргэжлээр бакалавр, магистрын зэргээ хамгаалан, мэргэжил дээшлүүлж суралцсан төдийгүй 2022 оноос хойш мөн мэргэжлээрээ докторант сурч байгаа СУИС-ын “үнэнч шавь” нь юм. МУ-ын СУИС-ийн ятгын чуулгын цорын ганц Өвөр Монгол гишүүн, МУ-ын СУИС-ийн доктор, Соёлын тэргүүний ажилтан Ч.Баасанхүүгийн шавь болох А.Эрдэнэчимэг маань Монгол ятгын хөгжимдөхүйн уламжлалт ур мэргэжлийг өвлөн шингээж, Өвөр Монголдоо ирээд олон ч шавь дагуулан уламжлан дэлгэрүүлж яваа нь Хятад, Монгол хоёр орны урлаг соёлын харилцаанд оруулж буй түүний гавьяа зүтгэл, хувь нэмэр гэж хэлэхэд илүүдэхгүй биз ээ.
- Анх яагаад ятга хөгжимд сонирхолтой болсон тухайгаа, мөн энэ замыг нээж өгсөн багшийнхаа тухай хуучлаач.
- Бага байхдаа телевизээр хүмүүс ятга хөгжмийг тоглоод дуулж байхыг хараад маш гоё санагдан, ятга хөгжмийг анх сонирхож эхэлсэн. Тухайн үед Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошуугаар нутагтай Хас “Монгол ятга” зэрэг дуу дуулаад гарч ирж байсан. Тэгж л ятга хөгжим гэдэг ийм гоё хөгжим байдаг юм байна гэж мэдэрч эхэлсэн. Тэгэхэд би бага байсан учраас сурах хүсэлтэй байсан ч хаанаас яаж сурахаа ч мэдэхгүй, хэнээс сурахаа ч мэдэхгүй яваад байсан юм. Дараа нь арван жилээ төгсөөд Хөххотод Япон хэлний мэргэжил сурахаар ирсэн. Энэ мэргэжлээ хоёр жил сурч дүүргээд Бээжинд ажилд ороод байхад нэг найз маань надад ятга сурах замыг судалж өгсөн. Тэгээд л Өвөр Монголын монгол ятгыг хамгийн анх сурч эзэмшсэн, Хянган аймгаар нутагтай Нарангэрэл багшийнхаа шавь болж, ятга хөгжмийн мэргэжлийг сурч эхэлсэн. Эхэндээ монгол ятга гэхээсээ илүү хятад ятга хөгжмийг хумсан ятгын байрлалаас сурч эхэлсэн.
- Та сая монгол ятга, хятад ятга гэж ялгаж ярьлаа л даа. Тэгэхээр хоорондоо ямар ялгаатай байдаг вэ?
- Маш их зөрөө, нарийн зүйлүүд байгаа. Тэр дундаа монгол ятга гэхээр манай Өвөр Монголд уламжлагдаж үлдсэн, Монгол Улсад уламжлагдаж байгаа ятга хөгжим нь мөн ялгаатай. Монгол Улсад ятгыг хумс зүүхгүй, хурууныхаа өндгөөр тоглодог бол Өвөр Монголд уламжлагдаж байгаа ятга хөгжим нь нутаг нутагт өөр өөр янзаар уламжлагдаж ирсэн. Жишээ нь: хумс зүүж тоглодог, тэр хумс нь ясаар урлаж хийсэн байдаг. Хятад ятга нь мөн тусгай хийцийн хумс зүүж тоглодог гэх мэтчилэн бүгд өөр өөрийн онцлогтой.
- Монгол ардын язгуур хөгжим гэхээр хүмүүс хамгийн эхэнд морин хуур, хөөмийг санадаг. Тэгэхээр ятга хөгжим нь мөн монгол ардын язгуур хөгжмийн төрөлд багтах уу? Язгуур урлаг гэхээр яг ямар ямар хөгжмийн зэмсгийг хамардаг вэ?
- Монгол ардын язгуур урлагт морин хуураас гадна монгол ятга, шанз буюу шударга хөгжим, мөн Өвөр Монголд уламжлагдаж байгаа хувис хөгжим, дөрвөн утастай хуучир зэрэг маш олон төрлийн хөгжмийн зэмсэг багтдаг.
- Ер нь хараад байхад морин хуурыг эрэгтэйчүүд илүү тоглодог бол ятга хөгжим нь харин бүсгүйчүүдэд илүү зохидог юм шиг санагддаг. Хөгжмийн зэмсгийнхээ хувьд тоглогчдоо тавьдаг ямар нэгэн шаардлага гэж байдаг болов уу?
- Миний хувьд ч гэсэн ятга хөгжим нь эмэгтэй хүнд зохисон, уян налархай, эгшиг авиа нь ч мөн эмэгтэй хүнд илүү зохидог юм шиг санагддаг. Гэхдээ эрэгтэйчүүд ч гэсэн ятга хөгжмийг гоё тоглоод, нээрээ тэр л уян зөөлөн хөг аялгууг нь гаргадаг хүмүүс зөндөө. Энэ нь мэдээж тухайн хүний мэргэжил, өөрийнх нь ур авьяасаас шалтгаална. Жишээ нь, миний хувьд ятга хөгжмийн хоёр ч эрэгтэй багштай. Гэхдээ дийлэнх тохиолдолд ятга хөгжмийг эмэгтэй хүн сонирхож сурах нь илүү байдаг. Ятга хөгжим маань эрхэмсэг, зөөлөн дуугаралттай байдгаараа бүсгүй хүний зан аальд илүү тохирдог ч юм шиг санагддаг.
- Монгол ятга хөгжмийн хөгжлийн тухай, сүүлийн үеийн залуучууд хэр их сонирхож, хүлээж авч сурч байгаа вэ?
- Монгол Улсад ятга хөгжмийн мэргэжлээр сурч төгссөн Өвөр Монгол оюутан гэвэл би бараг анхных нь байсан. Анх төгсөж ирээд монгол ятгыг хумсгүй тоглоход дуу авиаг нь сонсоод залуучууд их сонирхож эхэлсэн. Тэгээд ер нь надаас хойш зөндөө олон залуус дүү нар Монгол Улсад хүрч монгол ятгын мэргэжил сурах болсон. Өвөр Монгол ятгыг мөн өвлөж уламжлаад явж байгаа багш нар зөндөө байна. Жишээ нь, ятга хөгжмийн Жамц багшийн шавь, Баруун Сөнид нутагтай Хүчит багш, Нарангэрэл багш маань гэх зэрэг олон хүмүүс Өвөр Монгол ятгыг өвлөж уламжлаад, судалгаа хийгээд, ном зохиол туурвиад явж байгаа. Ер нь бол мэргэжлийн түвшинд ятга хөгжмийг сурч судалж байгаа залуус зөндөө байна.
- Тоглохын зэрэгцээ дуулахын хувьд ятга хөгжимд ямар хүндрэл оршдог вэ. Ер нь ятга хөгжим нь бусад хөгжмийн зэмсгээс юугаараа онцлог байдаг вэ?
- Нэг хөгжмийг тоглоод хажуугаар нь дуулахын тулд тэр хүн хөгжмөө маш сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Мэдээж хоёр тийшээ сэтгэл хуваагдана. Дууныхаа үгийг бодно, аялгууг бодно, хөгжмийнхөө хөг, утсыг буруу татах гээд маш их анхаарал тавих шаардлага гардаг.
Хөгжим бүхэнд өөр өөрийн онцлог гэж байдаг. Нот сурсан байхад ямар ч хөгжмийг амархан сурна гэж хүмүүс буруу ойлгодог. Мэргэжлийн түвшинд сурна гэдэг үнэндээ тийм амархан зүйл биш. Тэр тусмаа ятга хөгжим гэдэг маш хэцүү. Жишээ нь: хөгжим бүрийг хөглөдөг хэдий ч ихэнх хөгжим нэг хөглөчихсөн байхад ямар ч дууг хөгөө тааруулаад дагаад тоглож болдог. Харин ятга хөгжим тийм биш, дуу болгон дээр хөгөө өөрчилдөг. Тийм учраас ятга хөгжим сурахдаа нэг хөг дээрээ маш сайн дадлагажсаны дараа дахин дараагийн хөгтөө ордог. Тэгэхээр өнгөвчхөн харахад ятга хөгжмийг сонирхдог хүн маш их байдаг ч жинхэнээсээ тэр хөгжмийг сонгоод мэргэжлийн түвшинд сурч эзэмшинэ гэдэг бол маш хэцүү.
- Ятга хөгжим танд юу өгсөн, амьдралд тань хэр их нөлөөлсөн бэ?
- Хүн өөрийн дуртай ажлаа хийж, дуртай хөгжмөө сурна гэдэг бол тэр хүний жаргал. Би өөрөө бага байхаасаа ятга хөгжим сурах хүсэлтэй байсан. Тухайн үеийн хөдөө орон нутгийн хүүхдүүд хөгжим сурах боломж маш тааруу, урлагийн мэргэжил эзэмшинэ гэдэг маш хэцүү байсан. Тэгэхэд л ятга хөгжим сурах хүсэл маань байнга намайг дагасаар тэр мэргэжлээ олж сурсан миний хувьд үнэхээр аз жаргалтай санагддаг. Ятга хөгжим миний амь амьдрал минь гэж хэлж болно.
- Өнөөгийн нийгэм эмэгтэй хүнд хэтэрхий өндөр шаардлага тавьдаг болсон. Ар гэр, ажил мэргэжил, нөхөр хүүхэд, өөрийн хөгжил, гоо сайхан, гадаад төрх зэрэг маш олон зүйл эмэгтэй хүний сэтгэл оюуныг шалгадаг. Ар гэр, ажил үйлсээ эн тэнцүүхэн авч явах тал дээр та хэр их ухаан зарцуулж байна?
- Хөгжмийн мэргэжлээ дагнаж сурч судалж явсаар нэлээд орой гэр бүлтэй болсон. Өдий жил энэ мэргэжлээрээ явсан учраас орхино гэж байхгүй. Гэр бүлдээ сэтгэл гаргаж, зохицуулж чадсаны үндсэн дээр тоглогч, багш мэргэжлээ аль алийг нь орхихгүй явахыг хичээдэг. Гэхдээ надад бол багш мэргэжил илүү тохирдог. Ятга хөгжим сурахаар ирсэн хүүхэд ч байг, том хүн ч байг сурахыг хүссэн бүс хүмүүст би мэргэжлийн түвшинд заадаг. Сонирхлын дагуу сурч байгаа хүнд тэгсгээд заана гэсэн ойлголт бол байхгүй, бүгдийг адилхан мэргэжлийн түвшинд заадаг. Нот, тоглох ур мэргэжил, гарын байрлал гээд нарийн бүх зүйлсийг л заана.
Сайн багштай таарна гэдэг бол нэг хүний аз. Би өөрөө их сайн багштай таарсан. Ч.Баасанхүү багш маань биднийг СУИС-д бакалаврын зэрэгт сурч байх хугацаанд 10 хүний бүрэлдэхүүнтэй “Ятгын чуулга” байгуулж байсан ба 2008 онд чуулга маань “Ятгын уянга” гэдэг CD цомгоо гаргаж байсан. Үүнээс гадна Наранбаатар багшаасаа бас ардын хөгжмийг тоглох тухай маш олон мэдлэгийг сурсан.