Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 14-ний өдөр Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн чуулга уулзалтын Сайд нарын хэмжээний IV уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Колумбын ерөнхийлөгч Петро Пиеррог Бээжингийн Ардын их хурлын ордонд хүлээн авч уулзав.
Ши Жиньпин дарга:
- Колумб бол Латин Америкийн чухал орон юм. Хятад улс хоёр орны харилцааны хөгжлийг стратегийн болон алс хэтийн өндөрлөгөөс харж үзсээр ирсэн. Колумбын талтай хамтран ажиллаж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө өгөхөд Хятад улс бэлэн байна гэж хэллээ.
Дарга Ши Жиньпин цааш үргэлжлүүлэн:
- Хятад, Латин Америкийн хамтын ажиллагаа бол Өмнөд, Өмнөдийн хамтын ажиллагааны чухал хэсэг бөгөөд дэлхийн хөгжлийн ерөнхий байдал, түүхэн чиг хандлага, Хятад, Латин Америкийн орнуудын хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Колумб зэрэг Латин Америкийн орнуудтай хамтдаа, Хятад-Латин Америкийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг тасралтгүй гүнзгийрүүлж, Хятад, Латин Америкийн ард түмэнд үр өгөөжөө хүртээхэд Хятад улс бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Петро Пиерро:
- Колумб Хятад хоёр орон удаан жилийн найрсаг харилцаатай бөгөөд Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг Колумб хүсэж байна. Хятад улстай нягт хамтран ажиллаж, олон улсын шударга ёсыг хамгаалан, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад Колумб улс бэлэн байна гэж хэлэв.
Уулзалтын дараа хоёр улсын төрийн тэргүүн нар “БНХАУ-ын Засгийн газар, Бүгд Найрамдах Колумб Улсын Засгийн газар хоорондын Торгоны замын эдийн засгийн бүс ба 21-р зууны тэнгисийн торгоны замын бүтээн байгуулалтыг хамтран ахиулах хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурах ёслолд хамтдаа оролцсон юм.