Эргэх он жил, ээлжлэх дөрвөн улирал солигдон, цаг хугацаа урсан өнгөрч байгааг та бидэнд мэдрүүлдэг. Харин бидний сайн мэддэг хавар, зун, намар, өвөл дөрвөн улирлыг нарны тусгал, цаг агаарын өөрчлөлтөөр нь, мөн сарны зурхайн ёсны жам мөрөөр 24 бага улирал болгон хуваадгийг та мэдэх үү?
Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын соёл нь манай эринээс өмнө нэгэнт үүсэн бий болсон гэх тэмдэглэл бий. Зарим сурвалж бичигт 24 улирал нь зөвхөн Хятадын өмнөд нутаг буюу мөнх дулаан орны цаг агаарын өөрчлөлтөөр тооцоолдог байсныг Хувилай хааны зарлигаар төгөлдөржүүлэн, өмнөд умард нутагт нийтлэг хэрэглэх шинж чанартай болгосон хэмээх хэллэг бий. Ямар ч байсан цаг тоололд хэвшин тогтсон 24 улирлын тохиох огноо, утга учрыг та бүхэндээ танилцуулахаар “Хаврын уур” орсон цагаас хойш тухайн өдөрт нь богино бичлэгийн хэлбэрээр вэбсайтдаа байрлуулж эхэлснийг та бүхэн маань анзаарсан болов уу?
Сарны зурхайн ёсны тооллоор хаврын улирлыг “Хаврын уур”, “Хур ус”, “Ичигсэд хөдлөх”, “Хаврын хугас”, “Ханш нээх”, “Тариалангийн хур” гэх зургаан бага улиралд, зуны улирлыг “Зуны уур”, “Өчүүхэн дүүрэн”, “Буудай боловсрох”, “Зуны туйл”, “Бага халуун”, “Их халуун” гэх зургаан бага улиралд, намрын улирлыг “Намрын уур”, “Халуун эгэх”, “Цагаан шүүдэр”, “Намрын хугас”, “Хүйтэн шүүдэр”, “Хяруу унах” гэх зургаан бага улиралд хуваадаг бол өвлийн улирлыг харин “Өвлийн уур”, “Бага цас”, “Их цас”, “Өвлийн туйл”, “Бага хүйтэн”, “Их хүйтэн” гэх зургаан бага улиралд тус тус хуваадаг байна. Ийнхүү “Зуны уур” саяхан орж, зун цаг хаяанд саатсан учраас зуны зургаан улирлыг та бүхэндээ танилцуулж байна.
Зуны зургаан улирал:
Нэг. Зуны уур орох өдөр
Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 7 дахь улирал буюу зуны зургаан улирлын анхны улирал болох “Зуны уур” нь жил бүрийн аргын тооллын 05 дугаар сарын 05, эсхүл 06-ны өдрийн аль нэгэнд нь тохиодог бол энэ жилийн хувьд 05-ны өдөр тохиосон.
“Зуны уур орлоо” гэдэг нь зун цаг эхэлсэн гэдгийг илэрхийлдэг хэдий ч цаг агаарын шинжилгээний ёсоор, мөн бүс нутгийн цаг агаарын ялгаа зөрөөнөөс шалтгаалж ихэнх нутагт хаврын цаг агаараасаа хараахан гарч амжаагүй байдаг. Жишээ нь Хятадын Жяннань оронд өдрийн дулааны хэм хэмжээ дээшлэн, хур бороо элбэгшиж, зуны дэлгэр цагт бүрмөсөн орсон байдаг бол умард нутагт харин хаврын эевэргүү дулаан цаг саяхан эхэлж байх жишээтэй.
Цаг агаарын судалгааны баримжаагаар өдрийн дулааны дундаж хэмжээ +22 хэмээс дээш болбол зуны улиралд орсныг илэрхийлдэг. Энэ баримжаагаар бол Хятад улсын хэмжээнд зөвхөн Фүжөүгөөс Наньлин хүрэх өмнөд бүс нутагт зун саатаж, бусад нутагт хавраараа байдаг аж. Гэхдээ 05 дугаар сард ороод ихэнх нутагт төө чинээ өвс урган, төрөл бүрийн цэцэг навч дэлгэрсэн байдаг учраас хавраа үдэн, зунаа угтан авсан гэж ойлгож болно.
Энэхүү улиралд ходоодонд ээлтэй хөнгөн зөөлөн хоол хүнс илүү эдэлж, хэтэрхий өөх тос ихтэй хоолноос татгалзан, сүү тараг, цагаан идээг илүү хэрэглэх эрүүл хооллолтыг санал болгож байна.
Хоёр. Өчүүхэн дүүрэн
“Өчүүхэн дүүрэн” нь жил бүрийн аргын тооллын 05 дугаар сарын 20-22-ын өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 21-ний өдөр тохиох аж.
“Өчүүхэн дүүрэн” гэдгийг хоёр давхар утга учиртай гэж үздэг. Нэг нь тариалах соёлын хувьд зуны улиралд боловсордог таримлын бүтээгдэхүүний үр жимс нь сууж эхэлсэн хэдий ч хараахан боловсорч гүйцээгүй, бага зэрэг дүүрч эхэлснийг илэрхийлдэг. Тэгэхээр гүйцэд дүүрэх цаг нь дараагийн улирал буюу “Буудай боловсрох” үе аж. Нөгөө нь хур тунадасны хэмжээний хувьд “Өчүүхэн дүүрэнгээр мөрөн гол үерлэнэ” гэх хэллэг бий. Энэ үеэр Хятадын өмнөд нутагт аадар бороо элбэгшин, хур тунадас эрс нэмэгддэг учраас “Өчүүхэн дүүрэн” гэдэг нь борооны ус гуу гангыг дүүргэдэг гэх санааг илэрхийлдэг байна. Үүнээс гадна бас нэг төрлийн хэллэг байдаг нь “арга, билэг”-ийн ухаан болно. Энэ үеэр арга хий давамгай байранд орж, зуны туйлын улирлаар оргилдоо хүрдэг гэж үздэг байна.
Эрүүл мэнд, бие сувиллын хувьд энэ улирал нь хүний бие махбодоос илүү сэтгэл санаанд илүү нөлөөлдөг. Хүний сэтгэл санаа, байгаль дэлхий, цаг агаараа дагадаг учраас халуун агаар, дулаан салхины нөлөөллөөс шалтгаалж сэтгэл санаа тогтворгүй, амархан уурлаж уцаардах магадлал өндөр байдгийн улмаар санаа сэтгэлээ тайван байлгаж, эрүүл агаарт дасгал хөдөлгөөнд оролцон, цусны даралт ихсэх, тархи, зүрхний цусан судлын өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байдаг.
Гурав. Буудай боловсрох
“Буудай боловсрох” улирал нь жил бүрийн аргын тооллын 06-р сарын 05-07-ны өдрүүдээс эхэлдэг бол энэ жилийн хувьд 05-ны өдрөөс эхэлнэ.
Буудай боловсрох улирлаар арвай, улаан буудай зэрэг үр тариа боловсорч гүйцэн, тариалах аж ахуйн хамгийн ачаалал ихтэй цаг үе эхэлдэг байна. Зун боловсрогч хаврын тариаланг хураах, хажуугаар нь намар боловсрогч зуны тариалангаа тарих, арчлах гэх мэт олон ажил давхацдаг учраас тариаланчид “хураалт, тариалалт, арчилгаа” гэх “зуны гурван их ажил”-даа ордог байна.
Энэ улирлаар хур бороо элбэгшиж, агаарын дулаан эрс дээшлэн, аагим халуун цаг үе хүрч ирдэг. Мөн хар салхи, аадар бороо, мөндөр, ган гачиг гэх мэт байгалийн гамшиг үүсэх магадлал ч өндөр болдог.
Цаг агаарын хувьд Хөхнуур Төвөдийн өндөрлөг, Хармөрөн мужийн хойд хэсгийн газар нутгаас бусад дийлэнх бүс нутаг нэгэнт халуун зунаа угтан авсан байдаг.
Тэгэхээр энэ үеэр Хөх мөрний дунд, доод урсгалын сав газруудад олон хоногоор бороо үргэлжилдэг учраас бүрхэг дээрээ бүгчим цаг агаар нь хоол хүнсэнд хөгц гүйх, өт цацах, шумуул шавж амархан үржих магадлалтыг ихэсгэн, халдварт өвчин тараадаг байна.
Эрүүд мэнд, бие сувиллын талд гашуун ногоо, хүчиллэг ундааг санал болгож байна. Жишээ нь гашуун хэмх, бадамлянхуаны үр, сагаг будаа, гашуун удвал, хар гүйлс, долоогоно, нимбэг, усан үзэм, гүзээлзгэнэ, төвөд хаш зэрэг гашуун болон хүчиллэг хүнс байж болно.
Дөрөв. Зуны туйл
Жил бүрийн аргын тооллын 06 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд эхэлдэг энэхүү улирал нь энэ жилийн хувьд 21-ний өдрөөс эхлэх юм байна.
Аагим халуун, аадар бороо, чийглэг уур амьсгал их байдгаараа онцлог “Зуны туйл” нь эрт дээр үедээ маш чухал цаг улирлын нэг байсан аж. Жишээ нь Чинь гүрний үед зуны туйлаар төрийн ноёд түшмэд нэг өдөр амардаг байсан бол Сүн улсын үед харин гурван өдөр амардаг байжээ.
24 улирал нь 2 “туйл”, 2 “хугас” гэж байдаг. Хавар намрын хугас, зун, өвлийн туйл, энэ дөрвөн улирал нь өдөр шөнийн үргэлжлэх хугацаатай холбоотой байдаг. Тодруулж яривал “Хаврын хугас”-аар өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцэж, эхний “өдөр шөнийн тэн” тохиодог бол тэр өдрөөс хойш өдрийн цаг уртассаар зуны туйл болоход хамгийн урт өдөр тохиодог. Энэ өдрөөс хойш өдрийн цаг богиносож, шөнийн цаг уртассаар намрын хугас болоход дахин өдөр шөнө тэнцдэг. Намрын хугасаас хойш өдрийн цаг үргэлжлэн богиноссоор өвлийн туйл болоход хамгийн урт шөнө буюу хамгийн богино өдөр тохиодог байна.
Эрүүл мэнд, бие махбодын сувилгааны хувьд эрт дээр үеэсээ зуны туйлын улирлаар орой унтаж, эрт босох ба гол үдийн үеэр дуг хийж авахыг эрхэмлэдэг байсан аж. Өөрөөр хэлбэл энэхүү улиралд хоол хүнснээс илүү нойроор эрүүл мэндээ хамгаалах нь зөв сонголт болдог.
Тав. Бага халуун
Умард нутгийн хувьд энэхүү улирал нь зуны аагим халуун цаг агаарын жинхэнэ эхлэл болдог. Жил бүрийн аргын тооллын 07 дугаар сарын 06-08-ы өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 07 дугаар сарын 07-ны өдөр тохиох юм байна.
Бага халууны улирлаар Хятадын өмнөд нутагт дулааны хэмжээ дунджаар 26 хэм байдаг ба их салхин, ширүүн бороо, цаашлаад мөндөр орох тохиолдол өндөр болдог. Зүүн бүс нутгаар ган хуурай, баруун бүс нутгаар үер усны гамшиг тохиох магадлал өндөр байдаг учраас бүс нутгийн онцлогтоо тохируулан байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга бодлого боловсруулах шаардлагатай байдаг.
Уламжлалт зан үйлийн хувьд бага халуунаар “шинэ хүнс” бэлддэг заншилтай. Энэ нь ямар учиртай вэ гэхээр зунаар хураасан шинэхэн буудай, тутарга зэргийг талхдан, гулир гамбир зэрэг хийж, саахалт айлуудтайгаа хуваалцан, элбэг уналтыг урьдчилан бэлгэддэг ба эдгээр шинэ хүнсээ мөн дээдэс, сахиусдаа өргөж, бороо хур элбэг сайхан зуншлага хайрлахыг хүсэн даатгадаг байна.
Бага халууны улирал нь зуны аагим халуун цаг эхэлснийг илэрхийлдэг хэдий ч “бага” гэж буйн учир нь ид халуун цаг болоогүй, харин дараагийн улирал буюу их халууны улирал дахь “гурван пүү”-гийн халуунаар сая зуны аагим халуун оргилдоо хүрдэг байна.
Эрүүл мэндийн хувьд бага халууны улиралд хүний бие тамирдаж нозоорон, урам сэтгэл муудах илрэл гардаг. Тэгэхээр энэ улиралд наршихаас сэргийлэн, хүч тамир сэлбэх талаар илүү анхаарах хэрэгтэй юм.
Зургаа. Их халуун
Зуны зургаан улирлын сүүлчийн улирал бол “Их халуун”. Жил бүрийн аргын тооллын 07 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд эхэлдэг бол энэ жилийн хувьд 07 дугаар сарын 22-ын өдрөөс эхлэх юм байна.
Нэг жилийн хамгийн халуун өдрүүд энэ улиралд тохиодог ба энэ нь мөн зуны сүүл шувтарч буйн илэрхийлэл болдог.
Аагим халуун, бороо хуртай нойтон чийглэг уур амьсгал их тохиолддог учраас таримлын бүтээгдэхүүний хувьд ургалтын хамгийн сайн, хамгийн хурдан үедээ ордог байна.
Их халууны улиралд нэг жилийн хамгийн халуун цаг үеийг илэрхийлдэг “гурван пүү”-гийн халуун болдог. Ийнхүү эрүүл мэндийн хувьд хүйтэн ус ууж, хүйтэн хоол хүнс хэрэглэхээс татгалзах ёстой. Энэ нь хүний биед хүйтэн хий шургахаас сэргийлдэг гэж уламжлалт анагаах ухаанд үздэг байна.