
Бидний хамтарсан сурвалжлагын багийнхан БНХАУ-ын Хөххот, Гүйян, Зүн-И хотын Үжян суурин, Рэн Хуай хотыг зорьж цайны тариалалт, архины үйлдвэрлэл, эмийн ургамал, хүнсний ногооны тариалалт зэрэг хөдөө аж ахуйн хэд хэдэн суурин тосгодын хөгжилтэй очиж танилцсан юм. Уулархаг, ургамал модоор бүрхсэн ийм өвөрмөц нутагт анх удаа хөл тавихдаа сэтгэл өндөр байсан шүү. Бидний очсон үйлдвэрлэл эрхлэгчдийн ихэнх нь тухайн газар нутгаа хөгжүүлж, хийж буй ажлаа улсдаа таниулаад зогсохгүй бусад орнуудад нээлттэй болгох, цаашлаад аялал жуулчлалын маршрут бий болгох боломжийг бүрдүүлж байгаа нь бахархмаар санагдсан. Бас сэтгэлд тодхон үлдсэн нэг зүйл бол Гүйжү мужийн өмнөд нутгийн арслан, луугийн бүжиг болох өвөрмөц соёлын өвийг уламжлан дэлгэрүүлж, хүүхдүүдийг бага балчраас нь эхэлж сургалтаар зааж байгаа нь ач холбогдолтой санагдсан. Тухайн газруудаар явах замын турш олон тооны гүүрэн байгууламж, хурдны зам, барилга байгууламж, бүтээн байгуулалт, технологийн дэвшил нь орчин үеийн баялаг өнгө төрхийг илтгэж байсныг нуух юун.


































































