Зургаадугаар сарын 1-нд хэвлэгдэх “Чюши” сэтгүүлийн энэ оны 11 дэх дугаарт ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Ирээдүйн үйлдвэрлэлийг урьдчилан төлөвлөж хөгжүүлэх нь” гарчигтай өгүүлэл нийтлэгдэв.
Өгүүлэлд ирээдүйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь шинжлэх ухаан, технологи болон үйлдвэрлэлийн өрсөлдөөний санаачилгыг гартаа авах, шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг төлөвшүүлэх, орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоо байгуулахад чухал ач холбогдолтойг онцолжээ.
Мөн нэгдсэн төлөвлөлтөө бэхжүүлж, квант технологи, биологийн үйлдвэрлэл зэрэг тэргүүлэх чиглэлийн салбаруудад төвлөрөн, хөгжлийн чиглэл, технологийн замнал болон хэрэгжилтийн хэмнэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, ирээдүйн үйлдвэрлэлийг уламжлалт болон шинээр хөгжиж буй үйлдвэрлэлийн салбаруудтай уялдуулан хөгжүүлэх шаардлагатай гэжээ.
Өгүүлэлд шинжлэх ухаан, технологийн инновацыг хөгжлийн гол хөдөлгөгч хүч болгохыг онцолж, шинэ төрлийн улсын нэгдсэн тогтолцооны давуу талыг ашиглан, гол цөм технологийн судалгаа, суурь судалгаа болон шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг дурдсан байна.
Мөн аж ахуйн нэгжүүдийн инновацын голлох үүргийг бэхжүүлж, шинжлэх ухаан, технологийн салбарын тэргүүлэгч компаниуд, өндөр технологийн аж ахуйн нэгжүүд, мэргэшсэн инновац бүхий аж ахуйн нэгжүүд, салбартаа тэргүүлэгч компаниуд болон “юникорн” компаниудыг төлөвшүүлэн хөгжүүлж, инновацын нөөц боломжийг аж ахуйн нэгжүүдэд төвлөрүүлэхийг санал болгожээ.
Түүнчлэн татвар, санхүү, шинжлэх ухаан, технологийн санхүүжилт, төрийн худалдан авалт зэрэг дэмжлэгийн бодлогыг боловсронгуй болгож, боловсон хүчин бэлтгэх, чадварлаг мэргэжилтэн татах ажлыг эрчимжүүлэн, инновацыг дэмжсэн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай гэжээ.
Үүний зэрэгцээ засаглалын тогтолцоог сайжруулж, хөгжил ба аюулгүй байдлыг уялдуулан авч үзэж, технологийн хяналт-шинжилгээ, эрсдэлийн урьдчилан сэрэмжлүүлэх болон шуурхай хариу арга хэмжээний механизмыг боловсронгуй болгох, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, стандарт хамтран боловсруулах, дүрэм журмыг хамтран зөвшилцөх, үйлдвэрлэлийн хөгжлийг хамтран ахиулахыг онцолсон байна.
Өгүүлэлд ирээдүйн үйлдвэрлэлийн технологи хурдтай шинэчлэгдэж, шийдвэр гаргалтын эрсдэл өндөр байдаг тул бүх шатны удирдах албан тушаалтнууд шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн мэдлэгээ тасралтгүй дээшлүүлж, мэргэжлийн чадавхаа сайжруулан, шинжлэх ухаан, технологийг ойлгодог, үйлдвэрлэлийн хөгжлийг мэддэг, зөв шийдвэр гаргах чадвартай байх ёстой гэж онцолжээ.






























































