ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван И 06-р сарын 04-нд Бээжин хотноо НҮБ-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд нэр дэвшигч, Чилийн ерөнхийлөгч асан Мишель Бачелеттай уулзжээ.
Мишель Бачелет хэлэхдээ “ НҮБ нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай олон улсын индэр мөн. Дэлхий дахин олон төрлийн тогтворгүй хүчин зүйлтэй тулгарч байгаа өнөө үед олон талт үзлийг сулруулах бус, харин улам бэхжүүлэх шаардлагатай. Мөн шинэчлэлийн замаар НҮБ-ын дүрмийн нэр хүнд, эрх мэдлийг хамгаалж, энх тайван, хөгжил, хүний эрх гэсэн гурван тулгуур чиглэлийн бүтээн байгуулалтыг уялдуулан ахиулж, дэлхий нийтийн эрсдэл, сорилтуудад илүү үр дүнтэй хариу өгөх ёстой” гэжээ.
Түүнчлэн “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталдгаа тэрээр дахин нотолж, Хятад улс олон талт үзэл болон НҮБ-ын үйл хэрэгт урт хугацаанд дэмжлэг үзүүлж ирснийг өндрөөр үнэлсэн байна.
Ван И хэлэхдээ “ Хятад улс НҮБ-ын үйл хэргийн тууштай дэмжигч, идэвхтэй бүтээн байгуулагч байсаар ирсэн. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-ыг шинэчлэлийн замаар эрч хүч, үйл ажиллагааны чадавхаа нэмэгдүүлж, үүргээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүсэж байна. Хятадын тал олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран НҮБ-ыг хамгаалах, сэргээн бэхжүүлэх, улам хөгжүүлэхийн төлөө ажиллахад бэлэн байна” гэжээ.
Мөн тэрээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга маш чухал үүрэг хариуцлага хүлээдэг бөгөөд дараагийн ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудал нь НҮБ-ын ирэх таваас арван жилийн шинэчлэл, хөгжлийн чиг хандлагатай холбоотой төдийгүй хөгжиж буй орнууд, ялангуяа "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын эрх ашигтай шууд холбоотой гэдгийг онцолсон байна.
Мөн Ван И“ Хятадын тал хариуцлагатай, бүтээлч байр суурь баримтлан ерөнхий нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах үйл явцад оролцож, НҮБ-ын нэр хүнд, үр ашигтай ажиллагааг дээшлүүлэн, шинэ эрин үеийн сорилтуудыг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах болно” гэв.

































































