Шар тосны анагаах үйлчилгээний талаар нарийн дэлгэрэнгүй ойлголт өгөхийн тулд бид Монгол эмнэлгийн хорооны уламжлалт эмчилгээний эмч Шүрэнчимэгтэй ярилцлаа.
- 30 килограмм үнээний сүүнээс 1 килограмм орчим шар тос гардаг. Шар тосонд витамин A, E зэрэг шим тэжээл маш элбэг агуулагддаг. 10 грамм шар тос хүүхдийн нэг өдөрт шаардлагатай витамин A-гийн 15 хувийг хангаж чадна. Хий дарж тамир тэнхээ сайжруулах, арьсны нөхөн төлжилтийг түргэсгэдэг зэрэг олон үйлчилгээтэй гэж шар тосны шим тэжээлийн тухай Шүрэнчимэг эмч танилцууллаа.
Шар тосыг хоол хүнсэнд хэрэглэхээс гадна бариа засал, эмтэй хамт хэрэглэх зэрэг олон янзаар ашиглаж болдог.
- Шар тосыг бариа засалд хэрэглэсээр ирсэн түүхтэй. Эмэгтэйчүүдийн савны хий, бөөр нурууны хий, үе мөчний шар ус, голын хий, толгойн хий, олгойн хийг шар тостой бариа хийж эмчилдэг. Мөн олон жил хадгалан удсан шар тосыг үхэр илд зэрэг арьсны өвчин, яр шарханд түрхэж болдог. Нялх хүүхдийн зулай дээр түрхэх нь хаг унах, хамар битүүрэхэд тустай, хамар ярших, уруул омголтох, түлэнхий шарханд шар тос маш тустай. Түүнээс гадна шар тосыг нялх хүүхдэд уулгаж эхийн хэвлийгээс дагасан хорыг гадагшлуулдаг. Элсэн чихэртэй буцалгаж ууснаар ханиадыг намдаана.
- Шар тосны анагаах үйлчилгээ маш олон. Иймээс бид амьдрал ахуйдаа, цай хоолондоо бага хэмжээгээр хэрэглэвэл эрүүл мэндэд маш сайн. Шар тосыг жилийн дөрвөн улиралд хэдийд ч хэрэглэж болно. Гэсэн хэдий ч шар тосонд өөх, уураг, витамин, эрдэс их хэмжээгээр агуулагддаг тул хэмжээтэй, тодорхой зохицолтой хэрэглэхгүй бол цус өтгөрөх, элэг өөхлөх, жин нэмэгдэх зэрэг ашиггүй талуудыг ч мөн тооцох хэрэгтэй байдгийг Шүрэнчимэг эмч бидэнд зөвлөв.