ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 04-ний үдээс өмнө Кубын Коммунист Намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Куба улсын дарга Мигель Диас Канелийг хүлээн авч уулзав. Мигель Диас-Канель Хятад улсад ирж Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд оролцсон юм.
Ши Жиньпин дарга:
- Сүүлийн жилүүдэд Хятад, Кубын хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалт тасралтгүй гүнзгийрч, илүү ажил хэрэгч болж, хоёр нам, хоёр орны ойр дотнын найрамдлын тод илэрхийлэл болж байна. Энэ жил Хятад, Куба хоорондоо дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Хоёр тал үүгээр гараа болгож, Хятад, Кубын харилцааг нэн өндөр төвшинд сайжруулан, хоёр орны ард түмэнд нэн сайн ашиг тус бүтээх ёстой гэж хэлэв.
Дарга Ши Жиньпин:
- Хятад, Куба хоёр тал хувь заяаны цогц нэгдлийг баримталж, улс төрийн дээд зиндааны харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, дээд зиндааны солилцоогоо улам нягтруулж, нам болон улс орныг удирдан чиглүүлэх туршлагаа солилцож, бие биенээ тууштай дэмжиж, харилцан итгэлцсэн онцгой нөхөрлөлийг тасралтгүй гүнзгийрүүлэх ёстой. Чин үнэнчээр харилцан туслалцах чиглэлийг баримталж, хөгжлийн хамтын ажиллагааг системтэйгээр ахиулан, Хятад улс Кубад чадах боломжоороо тусламж дэмжихэд бэлэн байна. Хоёр тал бодол зорилт нэгтэй хамтран ажиллахыг тууштай баримталж, бүх талын стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, 77-гийн бүлэг, БРИКС болон бусад хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллаж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга, дэлхийн засаглалын санаачилгыг хэрэгжүүлж, Олон улсын эвлэрүүлэн зуучлах хүрээлэнг хамтдаа сайтар бүтээн байгуулж, дэлхийн энх тайван болон хөгжлийг дэмжихэд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна. Хөндлөнгөөс оролцох, бүслэн хаалтын эсрэг Кубын шударга тэмцлийг Хятад улс тууштай дэмжих болно гэж онцлон тэмдэглэв.
Мигэл Диас Канель:
- Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаа сүр жавхлантай болсон нь түүхэн чухал ач холбогдолтой юм. Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтад Хятад улсын оруулсан чухал хувь нэмэр үүрд дурсагдах болно. Куба бол Хятад улстай хоёр талт хувь заяаны цогц нэгдлийг байгуулсан Латин Америкийн анхны орон юм. Хоёр нам, хоёр улсын харилцаа нягт, эвдрэшгүй бат найрамдалтай. Куба улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Кубын эдийн засаг, нийгмийн хөгжилд харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хятад улсад талархаж байна. Куба улс цаашид бүх талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, "Бүс ба Зам”-ыг хамт өндөр чанартай бүтээн байгуулж, Хятадын аж ахуйн нэгжүүдэд бизнесийн нэн таатай орчин бүрдүүлэхэд бэлэн байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн засаглалын санаачилгыг Кубын тал өндрөөр үнэлж, бүх талаар дэмжиж байгаа бөгөөд идэвхтэй хэрэгжүүлж, олон улсын засаглалын тогтолцоо илүү шударга, зүй зохистой болохыг урагш ахиулж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах болно гэж хэлэв.
Хоёр тал “Хятад, Кубын хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг түргэсгэх тухай БНХАУ, Бүгд Найрамдах Куба Улсын хамтарсан мэдэгдэл"-ийг нийтэлж, "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулах, ажил хэрэгч хамтын ажиллагаа, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, орон нутгийн хөдөө аж ахуй, хиймэл оюун ухаан болон бусад салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурав.