Адуу судлаач Боржигин Ванчаг профессор хэлэхдээ:
“Монголчуудын адууны тамга нь анхандаа овог аймгийн өмчийн эрхийн гэрч тэмдэг байсан юм. Овог аймгийн задрал олон болж, нүүдлийн шилжилтийг дамжин өрхийн тамга болж улиран өөрчлөгдсөнөөр адууны тамгын хэлбэр янз нь олшрон, утга агуулга нь элбэг болж хөгжсөн байна. Тамгын дүрс нь шүтлэг бишрэл, эд хэрэгсэл, дүрс урлаг, амьтан ургамал, тоо хэмжээ, үсэг бичиг зэргээс ирсэн бөгөөд одоо 2000 гаруй тамга олдоод байна. Зарим тамганы утга учрын одоог хүртэл судалж чадаагүй байна” гэж байлаа.
Бид адил нэртэй нэгийгээ “Аминдай” гэж нэрлэдэг ч зүс царай, овог, түүх гарал нь бүр өөр өөр байдагтай адил нэг дүрсийн тамгын их багын хэмжээ адил бус, их, бага, дунд, хангай, ханхар, задгай, жижиг, том гэх мэтээр олон нэрээр ялгарч байна. Нэг төрлийн тамгад дэвсгэр, сэрээ, тосуур, саравч, жинс, сэнж, хумс, толгой зэргийн чимэглэл нэмэгдсэнээс өөрийн адуугаа зөвөөр ялган танихад тус болдог.
Түүхэн тэмдэглэлд Хүннү, Туркийн үед адууны тамгатай байсан бөгөөд Тан улсын үед албаны адуу ба хувийн адуу гэж бий болсон түүхэн тэмдэглэл байх мөртөө Юань улсын Жүн Тунгийн дөрөвдүгээр онд (1263 он) хааны адуун сүргийн газар байгуулан адууг бүртгэн тамгалаад “Их тамгат адуу” гэж нэрийдсэн гэж “Юань улсын бичиг”-т бичигдсэн байна.
Адууны тамга нь адуу малаа ялган таних тэмдэг болдог бөгөөд нүүдлийн мал аж ахуйн өвөрмөц зан, соёлыг бүрдүүлэн, хүн төрөлхтний соёл боловсролд эрхэм нандин соёлын өвийг уламжилсан байна. Монгол адууны тамга олон янз байдаг ч тамгаа нандигнаж, хадгаар боон, галд ариутгаж, гэрийн эзэн бүсэндээ хавчуулах ба үүрч, ганзагалан явдаггүй уламжлалтай. Тамга тамгалахдаа бариулд нь хадаг уяж бэлгэддэг. Саруул сайхныг бэлгэдсэн саран тамга, өрнөл хөгжлийг бэлгэдсэн гал тамга, түмэн амгаланг бэлгэдсэн хас тамга гээд түмэн хүсэл, төгөлдөр санааг бэлгэднэ. “Тамганы наадам”-д адуу тамгалахад гэрийн эзэн дээл малгайгаа тэгшхэн өмсч тамгаа сүү тосоор мялаан, гэрийн эзэн болон овог аймгийн нэр хүндэт ахмад настан анхны тамгыг дардаг уламжлалтай. Тамгаа дарж дуусаад: “Тамгалсан адуу тал дүүрэн, тэмдэглэсэн адуу тэнгэрийн од шиг үржиг” гэж ерөөдөг.